Санхүүжилт нь давхардаж орж ирсэн байж болзошгүй Тусгай зориулалтын төвийн барилгын санхүүжилтийг хасах саналыг гишүүд дэмжсэнгүй

Zuv.mn
1 цаг 12 минутын өмнө

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн хурлаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Тодруулбал, төсвийн төслөөс тус байнгын хороон дээр БХЯ, Онцгой байдлын алба зэрэг байгууллагын төсвийг хэлэлцдэг.

Хурgлдааны төгсгөлд төсвийн санхүүжилтийг хасах зарчмын зөрүүтэй саналыг хэлэлцэж санал хураасан.

Тэдгээрийн нэг нь Төсвийн хоёрдугаар хавсралтын УТ 2601400232 төслийн кодтой, Улаанбаатар хотод баригдах, 2026-2027 онд хэрэгжих Тусгай зориулалтын төвийн барилгын ажлаас энэ онд санхүүжих 12 тэрбум 782 сая 100 мянган төгрөгийн санхүүжилтийг хасах санал байсан бөгөөд  Б.Жаргалан гишүүн гаргасан байсан юм.  

Гишүүн саналаа “Тусгай зориулалтын төвийн барилга гэсэн нэг барилгыг хоёр төсөл болгож оруулж ирсэн. Эхнийх нь нийт төсөвт өртөг нь 20 тэрбум, 2027 онд санхүүжих нь 12 тэрбум гэсэн бол нөгөөх нь Тусгай зориулалтын төвийн барилга гээд 39 тэрбум төгрөгийн өртөгтэй буюу гурав дахин өндөр дүн тавьж орж ирсэн.

Ингээд харахаар, 60 тэрум төгрөгийн өртөгтэй ямар гайхамшигтай барилга баригдах гээд байгаа юм бэ гэсэн асуудал үүсэж байна” гэж тайлбарлаад дэмжиж өгөхийг гишүүдээс хүссэн.

Улмаар зарчмын зөрүүтэй саналыг “Дэмжье” гэдэг томъёоллоор санал хураахад зургаан гишүүн дэмжиж, 14 гишүүн татгалзсанаар төсөл дэмжигдсэнгүй.   



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна