​ “Засгийн газар яг зөв хүндээ хариуцлага тооцож чадсан уу” буюу Ж.Бямбасүрэн генералын эргэлзээтэй мэдэгдэл

Х.Батсайхан
1 цаг 30 минутын өмнө

Засгийн газар өчигдрийн хурлаараа Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан түймэртэй холбоотойгоор Боомтуудын захиргааны дарга Э.Гантулгыг ажлаас нь чөлөөлсөн билээ. Мөн хилийн цэргийн 0198 дугаар ангийн захирагч хурандаа Б.Гантөгсийг ажлаас нь чөлөөлөх үүргийг Ерөнхий сайд Н.Учрал  ХХЕГ-ын дарга Ж.Бямбасүрэнд өгч, тэрбээр ангийн захирагчийг чөлөөлөх ч “Хил хамгаалах байгууллагаас бүрмөсөн гаргахгүй, өөр албанд томилж ажиллуулна” гэж мэдэгдсэн.

Энэ бол дархан цаазат газар гарсан түймэртэй холбоотойгоор албан тушаалтнуудад хариуцлага тооцож буй эхний хэлбэр бөгөөд цаашид дүгнэлт бүрэн гарсны дараа аймаг, сумын ЗДТГ-ын ажилтнууд гэх мэтээр шат дараатай хариуцлага тооцож сануулах асуудал яригдана гэж Ерөнхий сайд Н.Учрал онцолсон.

Гэвч Засгийн газар яг зөв хүмүүстээ хариуцлага тооцсон уу гэдэг асуултад эргэлзэх тодорхой шалтгаанууд байна. Эдгээрээс эхний ээлжид зөвхөн Хил хамгаалах ерөнхий газрын дарга Ж.Бямбасүрэнгийн мэдэгдлийг шүүе.

Тэрбээр Төрийн ордонд сэтгээлчдэд мэдээлэл өгөх үедээ Боомтын захиргаа бол хилийн зурваст нэвтрэх зөвшөөрөл өгдөг байгууллага биш гэдгийг маш тодорхой хэлсэн. Гэтэл Засгийн газар Хилийн боомтуудын захиргааны дарга Э.Гантулгыг ажлаас нь чөлөөлсөн.

Ж.Бямбасүрэн генерал мөн Нөмрөгийн түймрийн талаар өөр газар тайлбар мэдээлэл өгөхдөө Нөмрөгийн дархан цаазат газарт нэвтрэх зөвшөөрлийг Хилийн цэргийн 0198 дугаар ангийн захирагчид Хил хамгаалах байгууллагаас тавьсан гэж хэлсэн. Эндээс Хил хамгаалах байгууллага гэж хэнийг хэлэв гэсэн асуулт зүй ёсоор гарч ирж байгаа юм.

Түүний мэдэгдлийг уншиж үзье.

“Хилийн боомтын захиргаа гэдэг маань Сангийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд хилийн боомтын хөгжил, дэд бүтцийг хариуцдаг. Хил хамгаалах байгууллага бол улсын хилээр зорчигч, тээврийн хэрэгслийг шалган нэвтрүүлэх хилийн боомтод мөрдөх журмыг сахиулах, хилийн боомтын аюулгүй байдлыг сахиулах чиг үүргийг гүйцэтгэдэг. Хилийн боомтын захиргаанаас /!!!/ Сүмбэрийн боомтод шилэн кабель, 4G сүлжээ оруулж нээсэн үйл ажиллагаатай холбоотойгоор Хил хамгаалах байгууллага /!!!/ тухайн хэсэгт ажиллаж байгаа хилийн ангид хүсэлт гаргасан. Энэ хүсэлтийг үндэслэн хил хамгаалах байгууллага бол Монгол Улсын хилийн тухай хуулийн 26.2.3, 30.2.3, Зөвшөөрлийн тухай хуульд заасны дагуу Хилийн бүс, зурваст нэвтрэх зөвшөөрлийг олгодог ийм эрхтэй байгууллага. Энэ эрхийнхээ хүрээнд хилийн отрядын тухайн хэсгийг хариуцаж байгаа ангийн захирагч бол зөвшөөрлийг олгосон. Энэ бол аравдугаар сарын 05-ны өдөр байсан. Хүсэлтийг Мобиком корпорациас албан ёсоор гараар бичсэн өргөдлийг үндэслэж олгосон. Таван өдрийн зөвшөөрөл олгосон. Тухайн үеийн нөхцөл байдал бол Нөмрөгийн Дархан цаазат газрын захиргааны дарга аравдугаар сарын 7-ны өдөр Нөмрөгийн дархан цаазат газарт баримтат киноны ажлаар нэвтэрсэн байсан тул Дархан цаазат газрын захиргаанаас зөвшөөрөл авах боломжгүй нөхцөл байдалд ангийн захирагч зөвшөөрлийг олгосон”.

Эндээс Боомтын захиргаа шилэн кабельтай болсондоо баярлаад Хил хамгаалах байгууллага руу хэлж, Хил хамгаалах байгууллага нь тухайн хэсэгт ажиллаж байгаа хилийн ангид буюу 0198 дугаар ангид хүсэл гаргасан болж таарч байна.

Гэтэл зөвшөөрөл гаргах үүрэг огт байхгүй Боомтын захиргааны даргыг Хил хамгаалах газрын гаргасан хүсэлтийг биелүүлсэн 0198 дугаар ангийн захирагчтай хамт ажлаас нь халчихсан.

Дараагийн асуудал нь “Мобиком” буюу KDDI-ийн мэдэгдэл. Тус компани “Мобиком”-ын удирдлагууд Нөмрөгийн тусгай хамгаалалттай бүсэд хуулийн дагуу нэвтэрсэн гэж мэдэгдэл хийсэн.

Гэтэл Дархан цаазат газрын захиргаанаас зөвшөөрөл аваагүй болох нь тодорхой болсон. Тодруулбал, хилийн бүсэд Хил хамгаалах байгууллага хяналт хэрэгжүүлдэг нь үнэн боловч хилийн бүс нь дархан цаазат газар байгаа тохиолдолд Дархан цаазат газрын захиргаа зайлшгүй хамтын хяналт хэрэгжүүлдэг байна. Өөрөөр хэлбэл, хоёр байгууллагын зөвшөөрөл байх ёстой бөгөөд БОУАӨЯ талаас буюу Дархан цаазат газрын захиргаанаас зөвшөөрөл аваагүй нь тодорхой болсон. Сайд Ц.Сандаг-Очир нь энэ талаар мэдэгдэл хийсэн. 

Дээр нь, Ж.Бямбасүрэн генералын мэдэгдэлд анзаарах ёстой маш чухал нюанс байгаа нь “Мобиком”-ын удирдлагууд Нөмөргийн Дархан цаазат газарт очих үед Дархан цаазат газрын дарга нь эзгүй байж таарсан тухай. Энэ тохиолдолд 0198 дугаар анги тэднийг хилийн бүс рүү нэвтрүүлэхгүй байх ёстой бөгөөд нэвтрүүлчихсэн учраас л даргад нь хариуцлага тооцсон гэж ойлгогдож буй. Тэгвэл энд зөвхөн Б.Гантөгс хурандаа биш, өөр хэн нэгэн хөндлөнгөөс оролцож, хилийн бүс рүү нэвтрүүлэх чиглэл өгсөн байж болох уу гэсэн асуулт зүй ёсоор гарч ирнэ. Учир нь Ж.Бямбасүрэн генерал өөрөө “Хилийн боомтын захиргаанаас /!!!/ Сүмбэрийн боомтод шилэн кабель, 4G сүлжээ оруулж нээсэн үйл ажиллагаатай холбоотойгоор Хил хамгаалах байгууллага /!!!/ тухайн хэсэгт ажиллаж байгаа хилийн ангид хүсэлт гаргасан” гээд ярьчихсан шүү дээ.   

Энэ бүхнийг нуршихын учир нь, Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх заалтад хүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь шүүхээр нотлогдох хүртэл буруутай гэж үзэхийг хориглодог. Нөмрөгийн түймрийг шалгах ажил дуусах яагаа ч үгүй байгаа. Асар их хохиролтой, том түймэр байх тусмаа маш нухацтай, үнэн зөвөөр шалгах учиртай.

Үнэнийг хэлэхэд, Нөмрөгийн асуудал дээр Засгийн газар хангалттай анхаарахгүй байж байгаад олон улсыг хамарсны дараа л анхаарал хандуулав уу гэсэн байдал ажиглагдсан. Тийм ч учраас энэ асуудал замхрах вий, яг буруутай хүнээ олж хариуцлага тооцож чадсан уу, албан бус үүрэг чиглэл өгч бусдыг хохироосон юм биш биз гэсэн эргэлзээ олон нийтэд байсаар байна. Тодруулбал, эргэлзээтэй байдлаар бага албан тушаалын хүмүүсийг чөлөөлж гал намжаах гэж байгаа мэт байдал харуулахын оронд асуудлыг ул суурьтай шалгаж, нөхцөл байдлыг бүрэн тогтоосны дараа хариуцлага тооцох ёстой бүх хүмүүст дарга, цэрэг гэж ялгалгүй хандахыг иргэд хамгийн их хүсэж байна.   



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна