Засгийн газраас хэрэгжүүлсэн Нүүрс хөтөлбөрийг хариуцан ажилласан Л.Гансүхийг улсад хохирол учруулсан гэх үндэслэлээр 3 жил зургаан сарын хорих ялаар шийтгэсэн. Төв аймгийн хорих ангид нэг жил 7 сар хоригдож байгаа Л.Гансүх өнгөрөгч долоо хоногт хорих ангиас Монгол Улсын Ерөнхийлөгчид хандан захидал илгээсэн.
Тэрбээр захидалдаа магадланд орох бүх л шаардлагыг хангасан байхад прокурорын байгууллагаас хэргийг шүүхэд удаа дараа шилжүүлэхгүй байгаа талаар дурдсан юм. Энэ талаар түүний өмгөөлөгч Г.Баасандорж ч хэвлэл мэдээллээр ярилцлага өгсөн.
Тэгвэл прокурорын байгууллагаас өгсөн мэдээллээр хэвлэлээр ил захидал нийтлэгдсэний дараа УЕПГ-аас Л.Гансүхийн хоригдож байгаа нөхцөл байдалтай танилцах чиглэлийг Төв аймгийн прокуорын газарт өгсний дагуу газар дээр нь очжээ. Энэ үеэр тэрбээр “Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна” гэдгээ бичгээр мэдэгдэж магадланд орох хүсэлтээ дахин гаргасан байна. Үүний дараа прокурорын байгууллагаас магадланд оруулах талаар дүгнэлт бичиж материалыг нь 2017.02.06-ны өдөр шүүхэд шилжүүлжээ.
Энэ нь Л.Гансүх хугацаанаасаа өмнө суллагдах магадлалтай болж байна гэсэн үг. Гэхдээ эцсийн шийдвэрийг шүүх гаргаж хорих ялаас үлдсэн хугацааг нь тэнсэн харгалзаж суллах эсэхийг шийдвэрлэх аж. Ингэхдээ хохирлоо барагдуулсан байдал, зан байдлын хувьд засарч хүмүүжсэн эсэхийг давхар харгалзаж үздэг байна.
Түүний биеэр эдэлсэн ял, шагналын хоног нийлээд 1 жил 11 сар болж байгаа аж. Хуулиар шүүх асуудлыг тодорхой хугацаанд шийдэх заалт байхгүй ч ойрын хугацаанд магадланд оруулах байх гэсэн мэдээллийг УЕПГ-ын Ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга Э.Амарбат өгөөд байна.
Б.Сондор
Сэтгэгдэл бичигдээгүй байна