Нийслэлийн цагдаагийн газрын дарга Ж.Эрдэнэболд “2017 оны хоёрдугаар сарын 2-15-ны хооронд иргэд, аж ахуйн нэгж, байгууллагаас гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй 14280 мэдээ, мэдээлэл хүлээн авсныг өмнөх 14 хоногтой харьцуулахад 1433 нэгж буюу 11.2 хувиар өсч, гэмт хэргийн шинжтэй 2248 гомдол мэдээлэл бүртгэгдсэн нь 163 нэгж буюу -6.8 хувиар буурсан үзүүлэлттэй байна.
Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд биеэ авч явах чадваргүй согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн 4394 хүнийг эрүүлжүүлж, шүүхийн шийдвэрээр захиргааны зөрчил гаргасан 431 хүнийг баривчлуулан, архины албадан эмчилгээнд 66 хүнийг явуулж, Захиргааны зөрчил гаргасан 17812 иргэн, 66 аж ахуйн нэгжийг 121.583.000 төгрөгөөр торгох арга хэмжээ авсан байна.
Халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нь” 1 сарын аян зохион байгууллаа. Аяны хүрээнд цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд шинээр нэвтрүүлэн ашиглаж буй Гэмт хэргийн цахим зураглал /Crime map, Egsoc/-д дүн шинжилгээ хийж халаасны хулгайн гэмт хэрэг ихээр үйлдэгдэж буй төрийн болон төрийн бус байгууллагуудад албан мэдэгдэл өгөх, Нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг автобус баазууд, Шастины нэрэмжит нэгдсэн 3-р эмнэлэг, “Эрчим” харуул хамгаалалтын албаны ажилтан, алба хаагчдад халаасны гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр сургалтыг үе шаттэй явуулж байна” гэж мэдээллээ.
Мөн нийслэлийн Онцгой байдлын газрын дарга Н.Уламбаяр “Өнгөрсөн хугацаанд нийслэлийн хэмжээнд объектын гал түймрийн 81, техникийн болон ахуйн холбогдолтой осол 10, нийт 91 удаагийн дуудлагаар гарч үүрэг гүйцэтгэсэн.
Дээрх дуудлагыг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад нийт аюулт үзэгдэл техникийн холбогдолтой ослын тоо 22.8 хувиар, объектын гал түймрийн тоо 19.8 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой осол, гал түймрээс 2 хүнийг аварч, 4 хүнд эмнэлгийн анхан шатны тусламжийг үзүүлж эмнэлэгийн байгууллагад хүлээлгэн өгч ажиллалаа” гэв.
Т.Хэрлэн
Сэтгэгдэл бичигдээгүй байна