Саяхан батлагдсан Арбитрын хуулийг гадаад дотоодын хөрөнгө оруулагчид, бизнес эрхлэгчдэд танилцуулах олон улсын бага хурал өнөөдөр Төрийн ордонд боллоо. Хуралд ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Баясгалан, МҮХАҮТын дэргэдэх Монголын олон улсын үндэсний арбитрын нарийн бичгийн дарга Ч.Гүнждагва, хуулийн төслийг боловсруулахад оролцсон хуульчид, бизнес эрхлэгчдийн төлөөлөл оролцлоо.
Шинэчлэн баталсан Арбитрын тухай хуулиар олон улсын арбитрын ажиллагаа, дотоодын арбитрын ажиллагааг ялгавартай тогтоож, арбитрын бүрэлдэхүүний эрх хэмжээг өргөжүүлсэн, хууль зүйн туслалцаа авах зардлыг гаргуулах зэрэг зохицуулалт нэмж тусгагджээ. Мөн байнгын арбитрын дүрмийг талуудын тохиролцсонтой адил үзнэ гэж хуульчилсан нь ач холбогдолтой болсон гэж үзэж буй.
Арбитрын тухай хуулийг шинэчлэхдээ эдийн засаг, бизнестэй холбоотой дагалдах 16 хуульд арбитрын заалт тусгасан нь арбитрын хэрэг хянан шийдвэрлэх үйл ажиллагааг өргөжүүлж байгаа аж. Арбитрч болон талуудад хүлээлгэх хариуцлагыг эрүүгийн хуульд тусгасан нь цаг үеэ олсон гэж МҮХАҮТ-ын дэргэдэх Монголын олон улсын үндэсний арбитрын Нарийн бичгийн дарга Ч.Гүнждагва хэллээ.
Монголын олон улсын ба үндэсний арбитр 2003-2016 оны хооронд нийтдээ 500 гаруй хэрэг маргааныг шийдвэрлэжээ. Энэ нь шүүхтэй харьцуулахад бага үзүүлэлт юм байна. Өмнө нь эдийн засаг, бизнестэй холбоотой маргаан гарвал шүүхээр шийдүүлэх ганц сонголт байсан бол дагалдах 16 хуульд маргаан гарвал арбитраар шийдүүлж болно гэх сонголт оруулсан байна.
Энэ үеэр Монголын олон улсын ба үндэсний арбитрын Нарийн бичгийн даргаЧ.Гүнждагваас цөөн асуултад хариулт авлаа.
-Арбитр бол эдийн засаг бизнестэй холбоотой маргааныг шийдвэрлэх гол хэрэгсэл. Шинэчлэн батлагдсан Арбитрын тухай хуулиар арбитрчдын эрх хэмжээ нэмэгдэх юм байна гэж ойлгосон. Эрх хэмжээ нэмэгдэхийн хэрээр арбитраар шийдүүлэх маргааны хэрэгцээ шаардлагыг арбитрчид хангаж чадах уу?
-Шүүхтэй харьцуулахад арбитраар шийдүүлэх хэрэг маргаан бага байна. Энэ хууль батлагдснаар иргэн, аж ахуй нэгжүүд эдийн засаг бизнестэй холбоотой гэрээ хэлцэлдээ арбитрын хэлэлцээрийг тусгаж эхлэх болов уу. Тэгэхээр мэдээж шийдвэрлэх хэрэг маргааны тоо нэмэгдэнэ. Манай танхим олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн 62 арбитрчтай. Хуулиар хичнээн ч арбитр байгуулж болохоор заасан. Тэгэхээр шинээр арбитрын үйлчилгээ үзүүлдэг байгууллагууд бий болно. Харин олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, иргэдийн итгэлийг даах арбитрчаар ажиллах мэргэжлийн хүмүүс Монгол Улсад хангалттай байна уу гэдэг нь өөр асуудал. Тиймээс арбитрчдаа мэргэшүүлэх талаар ихээхэн ажил хийх шаардлагатай байгаа. Хэн нэгэн хуульч юмуу арбитрын талаар ямар нэг ойлголтгүй хүн олон сая доллараар үнэлэгдэх хэрэг маргааныг шийдэх нь эрсдэлтэй. Энэ асуудал дээр голлон анхаарч шинээр байгуулагдах арбитруудад шаардлага тавих ёстой гэж үзэж байгаа. Энэ хуулиар бол тэр шаардлагуудыг тусгаагүй. Цэвэр талуудын сонголтын асуудал болоод үлдээсэн байгаа.
-Арбитрчдад тавигдах шаардлага өндөрсөх үү?
-Арбитраар ажиллах боломж хэн бүхэнд нээлттэй. Заавал хуульч байх шаардлагагүй. Гагцхүү тухайн байнгын арбитр нь өөрсдийн дүрмээ тогтоож болно. Манай арбитрын хувьд нас, мэргэшсэн байдал, ёс суртахууны хувьд алдаа дутагдал гаргаж байгаагүй, ямар нэг хэрэгт холбогдож байгаагүй зэрэг шаардлага тавьдаг. Энэ байдлыг нь гол шалгуур болгож байсан. Гэхдээ одоогийн хэрэгцээ шаардлагаас шалтгаалж хэлний мэдлэг, тухайн салбартаа мэргэшсэн байхаас гадна арбитрын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаар мэргэшсэн байх шаардлага тавьж байна. Байнгын арбитрууд өөрсдөө ямар ч шаардлагыг дүрмээрээ тавьж болно. Энэ бол тухайн арбитрчдын нэр хүндтэй холбоотой л асуудал.
-Танай арбитрын ёс зүйн дүрэм гэж бий. Энэ дүрэмд ёс зүйтэй байх, бусдын нөлөөнд автахгүй байх зэргээр хатуу заалтууд тусгасан ч хариуцлага тооцох тал нь сул санагдсан. Шинэ хуульд хуулийг буруугаар ашигласан, нэг талд үйлчилсэн тохиолдолд хүлээлгэх хариуцлагыг хэрхэн тусгасан бэ?
-Тухайн байнгын арбитр алдаа гаргасан, ёс суртахууны зөрчил гаргасан арбитрчдаа өөрсдийн дүрмээр хариуцлага тооцохоос гадна эрүүгийн хуулиар хариуцлага хүлээх заалт орсон. Нотлох баримт хуурамчаар бүрдүүлэх, илтэд нэг талд үйлчлэх, ашиг хонжоо олсон бол арбитрч болон талууд хариуцлага хүлээнэ. Ингэснээр арбитрчид илүү хариуцлагатай болно гэж үзэж байгаа.
-Худалдах худалдан авах гэрээнээс үүссэн маргаанд нэг тал нь хохирч, арбитрын шийдвэрийг биелүүлэхдээ элдэв саад бэрхшээлтэй нүүр тулдаг юм билээ. Ийм тохиолдолд Монголын олон улсын үндэсний арбитр шаардлагатай туслалцааг үзүүлдэггүй гэх гомдол арбитраар маргаанаа шийдүүлсэн аж ахуй нэгжүүдэд байдаг. Энэ тал дээр шинэлэг заалт бий юу?
-Тийм асуудал харьцангуй гайгүй гэж бодож байна.
С.Отгон
Сэтгэгдэл бичигдээгүй байна