Монголд "барагшун" боловсруулах үйлдвэрлэл эрчимжиж байна

2017/02/21
Хүнсний нэмэлт бүтээгдэхүүний ангилалд хамаарах барагшун боловсруулах үйлдвэрлэлийг Монголд "Монос" групп, "Монгол Шилажит Биотехнологи", "БЭЦ-БАУН" компани, "Монэнзим" зэрэг компани шингэн болон шахмал хэлбэрээр үйлдвэрлэж байна. Хадны олон жилийн халалт хөрөлтөөс өөрөөр хэлбэл тэлэх агших хөдөлгөөнөөс гарсан эрдсийн нийлэмж гэж үздэг барагшун нь бүх төрлийн үрэвсэл, чихрийн шижин, яс, үе мөчний хугарал, нойргүйдэх, ядаргаа зэрэг маш олон төрлийн өвчин зовиураас урьдчилан сэргийлэх үр дүнтэй байна. Тухайлбал ясны бороололтыг гурав дахин, түлэнхийг хоёр дахин богино хугацаанд анагаадаг болохыг эрдэмтэд судалгаагаар тогтоожээ. "Монгол Шилажит Биотехнологи" компани дотоодод "Bioplus" брэндийн барагшуныг зах зээлд нэвтрүүлээд байна. Барагшунтай ундаа, эмчилгээний барагшун, үе мөчний түрхлэг, гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэж ОХУ, БНХАУ, Солонгост борлуулах зорилттой байгаа ажээ. Энэ хүрээнд гадаадын хөрөнгө оруулалт татахаар урьдчилсан тохиролцоонд хүрсэн бөгөөд одоогоор үйлдвэрлэсэн бэлэн барагшуныг БНХАУ-ын зах зээлд гарган худалдаалах гадаад худалдааны гэрээ байгуулаад байна.

Харин "БЭЦ-БАУН" компанийн хувьд "Монгол Алтайн Барагшун" брэндийг зах зээлд нэвтрүүлж БНСУ болон Дани улсын тоног төхөөрөмжөөр барагшуныг зөгийн балтай хослуулан шингэн байдлаар биологийн идэвхт бүтээгдэхүүн болгон үйлдвэрлэж байна. Өдөрт 10 мянган ширхэг үйлдвэрлэх хүчин чадалтай. ШУА-Биологийн хүрээлэнтэй хамтарч орчин үеийн техник тоног төхөөрөмжийг ашиглан барагшун-био идэвхжүүлэгчийг бэлтгэн, цэвэршүүлэн савлаж үйлдвэрлэлд нэвтрүүлж буй. Барагшун нь Монголоос гадна дэлхийн олон улсад түгсэн уламжлалт эмчилгээний ховор нандин бүтээгдэхүүнд тооцогдож байна. Энэхүү эмийн ховор бэлдэц нь Ховд, Баян-Өлгий, Говь-Алтай аймгийн зарим нутагт буюу Алтайн нурууны өндөрлөгт далайн түвшнээс дээш 2000-2500 метрийн өндөрт байдаг хар хүрэн, тослог өвөрмөц үнэртэй, хэт халуунд хайлмагтан урсаж эгц ханан хаданд тогтон, давирхайлаг болж хувирсан байдгаараа онцлогтой юм.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна