Б.Гарамгайбаатар хүүгээ хөлдөө чирэв

2017/02/22
 Хөгжлийн банкны хуучин удирдлагууд, Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаяр нарыг АТГ-т шалгаж байгаа. Тэднийг албаны эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Засгийн газрыг хууран мэхэлж, их хэмжээний мөнгө завшсан гэх хэрэгт холбогдуулан шалгаж буй.  Мөрдөн байцаалтын ажиллагаа эрчимжиж Н.Батбаяр, Б.Гарамгайбаатар нарыг өчигдөр прокурорын тогтоолоор цагдан хориод байна.

УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатарыг хорьсон үндэслэл нь өмнө нь хэвлэлд олонтаа бичигдэж байсан Хөгжлийн банкнаас их хэмжээний санхүүжилтыг өөрийн үүсгэн байгуулсан компаниараа дамжуулсан асуудлаас болсон нь нэгэнт тодорхой боллоо. Энэ хэрэгт Б.Гарамгайбаатараас гадна түүний хүү "Монроуд" компанийн захирал Г.Тэнгис, тус компанийн нягтлан бодогч Б.Гарамгайбаатарын төрсөн дүү Б.Оюунцэцэг ч мөн холбогдуулан шалгаж эхэлжээ.
 
Б.Гарамгайбаатарыг яагаад шалгах болов?

Энэхүү мэдээллийг тухайн үед буюу 2 жил орчмын өмнө УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан Б.Гарамгайбаатар үгүйсгэж компанийнхаа ажлыг бусдад шилжүүлээд олон жил болж байгаа талаараа ярьж байсан юм. Гэвч тэрбээр өөрийн төрсөн хүү Г.Тэнгисээр ажлаа гүйцэтгүүлж, өөрөө арыг нь даадаг байсан бололтой.

Одоогоос бараг арваад жилийн өмнө буюу 2008 онд эхэлсэн 100 км хатуу хучилттай замын ажил Б.Гарамгайбаатарын компанид хэрхэн шилжсэн тухай мэдээллийг хүргэхэд:

Архангай аймгийн Тариат сумын нутаг Халзан бүргэдэйгээс Солонготын даваа хүртэлх 100 км хатуу хучилттай зам засах ажил 2008 оноос эхэлсэн байна. Зам засварын ажлыг БНХАУ-ын “Зам барилгын II анги” компани гүйцэтгэхээр 2008 онд тендерт шалгарч ажлаа эхэлжээ. Замын төсөвт өртөг 20 тэрбум төгрөг байхаар тухайн үед гэрээ байгуулсан аж. Гүйцэтгэгч компани замын 38 хувийг зассаны дараа санхүүгийн хүндрэл, инфляциас шалтгаалж ажлаа гүйцэтгэх боломжгүй болж гэрээгээ цуцалсан байна. Улмаар энэ ажлыг үргэлжлүүлэн гүйцэтгэх асуудлыг УИХ хэлэлцэж 2012 оны төсөвт суулгажээ. Үүний дагуу 2012 оны дөрөвдүгээр сарын 27-нд Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яамнаас Халзан бүргэдэй-Солонготын даваа чиглэлийн хатуу хучилттай авто замын барилгын ажлын тендер шалгаруулахад тендерт “Монроуд” компани материалаа ирүүлж 37.2 тэрбум төгрөгөөр замын ажлыг гүйцэтгэхээр болж Засгийн газрын 2012 оны 110 дугаар тогтоолоор Хөгжлийн банкны санхүүжилтээр Халзан бүргэдэй-Солонготын даваа чиглэлийн замын үлдсэн хэсгийг “Монроуд” компаниар гүйцэтгүүлэхээр болжээ. Уг тогтоолоор замын төсөвт өртөг нь 37 тэрбум 231 сая 300 мянган төгрөг байх бөгөөд бүгдийг нь Хөгжлийн банк санхүүжүүлэх бөгөөд 2012 онд гурав, 2013 онд 32 тэрбум 369.7 сая, дараа жил нь нэг тэрбум 800 сая төгрөгийн санхүүжилт хийхээр болсон байна. Гэтэл үүнээс жилийн дараа буюу 2013 онд Хөгжлийн банк санхүүжилт хийх төслийнхөө талаар Эдийн засгийн хөгжлийн яаманд танилцуулга хийжээ. Ингэхдээ гүйцэтгэгч компани дээрх ажлыг анх тогтсон үнээрээ гүйцэтгэх боломжгүй гэх  асуудал яригджээ. Тухайн үед  Чингис бондын хөрөнгөөр санхүүжүүлэх төсөл хөтөлбөрүүдийг  Б.Гарамгайбаатарын даргалдаг Эдийн засгийн  байнгын хороо хэлэлцэж байв.  Энэ үед  38 хувийн гүйцэтгэлтэй замыг шинээр засахаар төсөл оруулж "дөнгөсөн" байна. Эл асуудлыг тухайн үед хэн ч анзаараагүй мэт чимээгүй өнгөрсөн байдаг. Санхүүжилт хийх хөрөнгө нь бас л нэмэгдэж 46 тэрбум 354 сая 400 мянган төгрөг байхаар тооцоолжээ. Энэ тооцоог Эдийн засгийн хөгжлийн яам Засгийн газрын хуралдаанд оруулж дахин 124 дүгээр тогтоол батлуулсан байна. Ингээд 2013 онд 23 тэрбум 177 сая 200 мянган төгрөгийн санхүүжилт хийхээр болсон байдаг.  Энэ тогтоолын дагуу энэ онд Хөгжлийн банкнаас 43.6 тэрбум төгрөгийг гүйцэтгэгч болох “Монроуд” компанид шилжүүлснийг АТГ-аас тогтоогоод байгаа аж. 
Б.Сондор
 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна