"Номоор гийсэн ард түмэн урт насалдаг"

2017/02/22
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилга, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, БСШУСЯ, Монгол судлалын үндэсний зөвлөлийн дэмжлэгээр МУИС-ийн Монгол судлалын хүрээлэн, Түүхийн тэнхимээс 2016 онд "Монголын эртний түүх" (таван боть) төслийг хэрэгжүүллээ. Уг таван ботийн нээлтийн ёслол өнөөдөр Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд болсон юм. Нээлтийн ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ц.Баярсайхан, Ерөнхийлөгчийн зөвлөх Р.Болд, БСШУС-ын сайд Ж.Батсуурь, эрдэмтэд, судлаачид, багш нарын төлөөлөл оролцлоо.

“Монголын эртний түүх” 5 боть зохиол нь НТӨ V-IV зуунаас Нийтийн тооллын XII зууныг хүртэлх үеийн монгол угсаатны түүх, угсаа гарвал, улс төрийн түүх, төр нийгмийн байгуулал, аж ахуй, соёлын түүхийг цогцоор авч үзэж, судалгааны өнөөгийн түвшинд нэгтгэсэн бүтээл бөгөөд монголын эртний түүх бичлэгийг урагш ахиулсан суурь судалгааны бүтээл хэвлэгдэн гарч байгаараа чухал ач холбогдолтой.  Түүнчлэн Монголын эртний улсуудын төрийн залгамж чанар, монгол угсаатан бүрэлдэн тогтох үйл явц, аж ахуй соёлын монгол хэв шинж бүрэлдсэн түүх, нүүдэлчдийн Евроазийн түүхэнд гүйцэтгэсэн үүрэг зэргийг тод томруун нээн харуулснаараа эх түүх, соёлоороо бахархах, түүхээ эргэцүүлэн ухаарах, түүхэн сургамжийг танин мэдэх бололцоог олон нийтэд олгож байгаагаараа онцлог юм.

“Монголын эртний түүх” 5 боть зохиолын нээлтийн ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж оролцон үг хэллээ. Тэрээр хэлсэн үгэндээ “Та бүхний энэ өдрийн түмэн амгаланг айлтгая. Монголын ард түмэн сар шинийн баярын босгон дээр Монголын эртний түүхийн 5 боть цогц бүтээлийг өлгийдөн авч байна. Энэхүү гайхамшигт бүтээлийн нээлтийн ёслолд хүрэлцэн ирсэн та бүхний амар мэндийг айлтган мэндчилж хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе. Манай алдартай эрдэмтэн, судлаачид, шинжлэх ухааны зүтгэлтнүүд, түүхийн тэнхим, түүх-археологийн хүрээлэнгийнхэн, манай нэртэй их, дээд сургуулийн удирдлага, нийгэм соёлын зүтгэлтнүүд энэ танхимд багтахгүй цуглажээ. Монголчууд Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 105 жилийн тэгш ойн босгон дээр буюу 2 сарын өмнө Та бид “Дэлхийд түгсэн Монголын нууц товчоон”, “Монголын түүхийн цахим тайлбар толь” хэмээх бүтээлийг нээж байсан. Тухайн үед би та нарт амлаж байсныхаа дагуу өнөөдөр “Монголын эртний түүх” 5 боть бүтээлийг танилцуулж байгаадаа туйлын баяртай байна. "Монголын эртний түүх" 5 боть бүтээл нь нийтийн тооллоос өмнөх Y-IY зуунаас эхлээд нийтийн тооллын ХII зууныг хүртэлх Монгол газар нутагт оршиж байсан эртний гүрэн, улсуудын түүх, бусад зүйлүүдийг нэгтгэж бичсэнээрээ маш чухал ач холбогдолтой. Энэхүү 5 боть бүтээл хэвлэгдэж, нийтийн хүртээл болсноор Монголын эртний улсуудын түүх бичлэгийг урагш ахиулж байгааг өмнө нь танилцуулсан хүмүүс ярилаа.

Монголын түүх шинжлэх ухааны судалгаагаар урагшлан баяжих тусам би баярладаг. Манай эрдэмтэд, манай ард иргэд ч баярладаг. Дээр нь манай түүхчдийн залуу халаа болсон эрдэмтэд бүтэн багаараа гарч ирж байгаа нь үнэхээр баярлууштай зүйл юм гэдгийг хэлье. МУИС-ийн Түүхийн тэнхимийн эрхлэгч, доктор П.Дэлгэржаргал болон бусад эрдэмтэд, судлаачид нийлж энэ сайхан ажлыг хийсэнд туйлын талархаж байна. Та бүхэн шинжлэх ухаанд их хувь нэмэр оруулахын зэрэгцээ улс үндэстнийхээ өмнө сайхан гавьяа байгууллаа гэдгийг энд цохон тэмдэглэе. Сүүлийн 4 жилд Монгол Улсын Ерөнхийлөгчийн төсөв 2,4 дахин багассан. Бид төсвөө 240 хувиар, 11,5 тэрбум төгрөгөөс 4,5 тэрбум болгож бууруулсан ч өнөөдөр эрх, үүргээ хэрэгжүүлээд явж байна. Танагдсан зардлаа улам тэвчиж, Монголын үнэртэй, нэртэй, Монголын агуулгатай, Монголын гэсэн сайн санаачлагыг дэмжээд явж байгаа. Сэтгэл байвал, дээрээс нь санаачилга байх юм бол үр дүн гардаг юм байна. Монгол төрийн дэмжлэг, оролцоо, сэтгэл гэдэг бол багаддагүй юм байна гэдгийг би эндээс харж байгаа.

Хийж хэрэгжүүлсэн 100 гаруй ажлын бараг 30-аад нь Монголын түүх, өв соёлтой холбоотой, ажил, санаачилга байсанд би туйлын баярласан. Үнэхээр Монголын түүхэн өв соёл, уламжлал, заншлын асуудалд Монгол Улсын Ерөнхийлөгч анхаарлаа хандуулж, анхаарлынхаа төвд байлгах нь их чухал зүйл гэдгийг бас энд хэлье. Мөн нэг сайхан мэдээ бол Монголын түүх, соёл, өв уламжлалыг цаашаа баяжуулан авч явах талаар тусдаа зарлиг гарсан байгаа. Эх хэл, түүх, соёлоо судлах, хөгжүүлэх ажлыг дэмжих тухай гэсэн зарлиг гарсан. Хувийнхаа бодлыг хэлэхэд энэ таван ботийг би хоёр хоногийн өмнө авсан. Таван ботийг барихад шууд уншмаар санагддаг. Хуудсыг нь нээгээд харахад шууд нүд татагдана. Түүхэн эх сурвалжуудад тулгуурлаж энгийн хэлээр бичсэнд учир нь байгаа юм. Үүгээрээ энэ ботиуд гайхалтай. Тэдгээр түүхэн эх сурвалжуудыг жирийн иргэд бүгдийг олж унших боломж хэцүү. Гэтэл тэр бүхнийг түүхэн цаг үеийн дараалалд оруулж, шинжлэх ухааны судалгаагаар холбоос хийгээд, энгийн хэл, учир зүйгээр тайлж бичнэ гэдэг бол үнэхээр эрдэнэ мэт үнэ цэнийг энэ таван ботид шингээж чадсан гэдгийг энд би онцлон хэлье. Үзэг цаас нийлүүлж үг бичдэг хүн бүхэн мэднэ. Аливаа зүйлийг бичихэд түүний бүтэц, зохион байгуулалтыг олох нь маш чухал байдаг. Юу бичихээ томъёолж харах, мөн чанарыг нь өөрөө тайлж ойлгох гэдэг чухал. Ингэж тайлж ойлгоход эрдэмтэн мэргэд, үүн дээр ажилласан эрдэмтдийн баг сайн ажиллажээ гэдэг нь таван ботийг аваад уншихад харагдана. Монгол хэл, соёл, түүх бол Монгол үндэстний оюун санааны нэгдэл, ижилсэл, эх орноо хайрлах сэтгэл, ихийг хийж бүтээх урам зориг хайрладаг шавхагдашгүй ундарга гэдгийг мөн энд хэлье гэж бодож байна. Түмэн үеийн түүх шастир номд байгаа, хүмүүний амьдралын баяр жаргал, зовлон гуниг ч номд байгаа. Амжилт ололт, алдаа сургамж ч номд байгаа. Номоор гийсэн ард түмэн урт насалдаг. Энэ дэлхийд үлдэх мөртэй, эзэлсэн байр суурьтай байдаг гэдгийг энд хэлэх ёстой. Тийм ард түмний нэг нь Монголын ард түмэн юм гэдгийг онцолж хэлье. ҮАБЗ-ийн үзэл баримтлалд нэг чухал өгүүлбэр бий. Үндэсний түүх, хэл, соёл, өв уламжлал, зан заншлаа хадгалж, хамгаалж, хөгжүүлэх нь монгол үндэстний оршин тогтнохын үндэс, амин чухал дархлаа мөн гэж байгаа. Энэ нь ҮАБЗ-ийн үзэл баримтлалд ч байдаг. Бидний оршин тогтнох, цаашаа үндэснийхээ дархлааг авч явах чухал санааг ч өргөжүүлж хэрэгжүүлж байгаа. Тэр үндэс, дархлааг бататгаж бэхжүүлэхэд Монголын эртний түүхийн 5 боть судалгаа бүтээл онцгой хувь нэмэр оруулж чадна гэдэгт би эргэлзэхгүй байна. Ингээд номын болон Монголын түүхийн ариун цагаан буян та бүхнийг үргэлж ивээж тэтгэж явахын өлзийтэй ерөөлийг дэвшүүлье. Та бүхэнд баяр хүргэе” гэлээ.







 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна