Засаг дарга Г.Батжаргал Баянговь суманд 100 хүүхдийн цэцэрлэг барих асуудлыг шийдвэрлэнэ

2017/02/24
Баянговь суманд УИХ-ын гишүүн Г.Занданшатар, аймгийн Засаг дарга Г.Батжаргал нараар ахлуулсан ажлын хэсэг ажиллалаа. Тэд тус сумын “Малчид, төлчдийн зөвлөгөөн”-д оролцож, иргэд хөдөлмөрчидтэй уулзаж, тэдний санаа бодлыг сонсов. Энэ үеэр аймгийн Засаг дарга тус суманд нэн шаардлагатай байгаа хүүхдийн цэцэрлэгийн барилгыг барих асуудлыг шийдвэрлэхээ илэрхийллээ. Баянговь сумын тухайд 100 хүүхдийн багтаамжтай цэцэрлэгийн барилга зайлшгүй шаардлагатай байгааг сумын удирдлагууд хэлж байна.

Сүүлийн хэдэн жилийн турш хүүхдээ бүртгүүлэх гэсэн эцэг эхчүүд цэцэрлэгийн үүдийг сахиж хэд арав хонодог болжээ. Одоогийн цэцэрлэг нь 50 хүүхдийн багтаамжтай, хоёр бүлгээр үйл ажилллагаа явуулдаг аж. Харин сумын хэмжээнд цэцэрлэгт суралцах насны хүүхэд хоёр настнуудыг оруулаад нийтдээ 350 гаруй байна. УИХ-ын түвшинд нэг тойрогт нэг цэцэрлэг барихаар яригдаж, УИХ-ын гишүүн Г.Занданшатарын багцаас Баянговь сумыг батгаахаар яригдсан. Гэвч Азийн хөгжлийн банкнаас эрэлт хэрэгцээг тооцож үзсэний үндсэн дээр цэцэрлэг барих ёстой гэсэн зөвлөмжийг Засгийн газарт хүргүүлжээ. Энэ дагуу тус суманд цэцэрлэг барих ажил УИХ-ын гишүүний багцаас шийдэгдэх боломжгүй байгаа юм.

Тиймээс уг асуудлыг аймгийн Засаг дарга, тус сумаас аймгийн ИТХ-д сонгогдсон аймгийн ИТХ-ын төлөөлөгч Г.Батжаргал шийдвэрлэхээ илэрхийллээ. Тун удахгүй Баянговь сумын багачууд шинэхэн цэцэрлэгтэй болох нь. Баянговь сумын Соёлын төвийн барилгын санхүүжилт дутуугаас ашиглалтад бүрэн ороогүй өнөөдрийг хүрсэн. Тэгвэл тэрхүү дутуу санхүүжилтыг энэ оны улсын төсөвт бүрэн суулгаснаа аймгийн Засаг дарга Г.Батжаргал хэллээ. Соёлын төвийн барилга энэ оны улсын баяр наадмын өмнө ашиглалтад орно гэж тооцжээ. Мөн тус сум нь интернэтийн сүлжээнд холбогдоогүй хоёр сумын нэг. Тэгвэл энэ бэрхшээлтэй асуудлыг нэг мөр болгож энэ ондоо багтааж интернэттэй болгохоо аймгийн Засаг дарга амаллаа. 
 
Эх сурвалж: bayankhongor.gov.mn 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна