Би хэрхэн эмх цэгцтэй амьдарч эхэлсэн бэ?

2017/02/24
Хичнээн залхуу, хэдэн үеэрээ эмх замбараагүй залхаг амьдарч ирсэн ч бай, зав зай нь олддоггүй хүн ч бай цэгцтэй цэвэр цэмцгэр амьдрах боломжтой гэдгийг ойлгуулсан маш сайн ном уншлаа. Энэ бол “Амьдралыг өөрчлөх эмх цэгц ба түүний гайхамшигт ид шид” гэх Япон бүсгүй Мари Кондо (Конмари)-гийн бичсэн ном юм. Конмари өөрөө зохиож бий болгосон гэрээ цэвэрлэж эмх цэгцэнд оруулах Конмари арга нь бүх зүйлээ тодорхой хэдэн ангилалд хувааж үзээд тус бүрээр нь цэгцлэх бөгөөд хувцаснаасаа эхлэж учрыг нь олох арга.  Ердөө хоёр үндсэн арга хэрэглэх ба нэгдүгээрт хэрэггүй зүйлсээ хаяна. Хоёрдугаарт үлдсэн зүйлсдээ тус тусын байр оноож түүндээ хураах арга юм. Ингээд энэхүү аргаар би гэдэг хүн хэрхэн цэгцтэй амьдарч эхэлснээ хуваалцая.
 
Эмх замбараагүй байдлаас салсан нь

Хувцас: Конмари аргаар эхний өдөр хувцаснуудаа 2 цагийн дотор эмхэлж цэгцлээд дуусчихаад сууж байна. Бүх хувцсаа газар овоолоход нэг том хувцсан овоо бослоо. Энэ ганц биеэнд яасан ч их юм цуглуулаавээдээ. Тэгээд харахнээ сүүлийн үед хэдэн хар цамц хар өмд л углаад гүйгээд байгаагаас өөр зүйлс өмсөхгүй байгаа атал надад өнгө өнгийн юбка, далайн эргийн бикини, хэзээ өмсөх нь бүү мэд партины хувцаснууд, янз янзын хүзүүний алчуурууд, даавуун цүнхнүүд, урт даашинзнууд гээд л олон төрөл хувцас байх юм. Нэг ёсондоо газар бүх юмаа овоолсноор өөрт хэр хэмжээний хувцас байгаа түүнд дотроос адил төстэй загвартай нь хэд байна гэдгийг ялгаж салгаж харсан гэсэн үг. За тэгээд зөвхөн өөрийн дуртай намайг аз жаргалтай болгодог хувцаснуудыг авч үлдэн бусдыг нь өдийг хүртэл надтай хамт байсанд нь талархаад салах ёс гүйцэтгэлээ. Эхний үе шат буюу хаях үе шатыг давлаа. Эмх цэгц бол өөрийн дуртай, таалагддаг зүйлүүдээрээ өөрийгөө хүрээлүүлэн түүндээ сэтгэл ханах явдал шүүдээ. Өдийг хүртэл ойлголт тааруу байснаас хийсэн буруу сонголтууд болох 2 жилээс дээш өмсөөгүй, огт өмсөөгүй, таалагддаггүй, дахиж өмсөхгүй хувцаснуудаа хаясандаа. Хаяхын тулд хувцас нэг бүрээ барьж яагаад үүнийг авсан билээ цаашид өмсөх үү? Гэдгээ өөрөөсөө асуун надад таалагддаг цаашдаа өмсөх хувцаснуудаа өөртөө үлдээсэн. Хаяхад 1 цаг бүтэн харин эвхэж янзалж байршлыг нь олж тавихад дахин нэг цагийг зарцууллаа. Номноос уншихад хаях үйл явц тун амархан мэт санагдаж байсан бол яг хувцсаа хаях гэхлээр ээж авж өгсөн эсвэл, өөр оронд явж байгаад дурсгал болгож авсан футболка энэ тэрийг гартаа бариад хаях эсэхээ шийдэхэд үнэхээр хэцүү юм байналээ. Хэдий загвар нь хуучираад багадаад өмсөхөөргүй болсон байсан ч дурсамж түүхийг хогийн савруу хийж буй мэт санагдах хэд хэдэн эмошианал мөчүүд тулгарч байлаа. Тиймдээ ч аав ээжийнхээ надад зориулан алс орноор авчирсан зүйлсийг нь хаясангүй ээ.(Үнэхээр надад таалагддаг болохоор тэр)

Дараачаар нь хамгийн сонирхолтой хэсэг буюу эвхэж янзлан байрыг нь онооход харин ч их сонирхолтой байлаа. Конмари аргаар бага зай талбайд их хувцсыг хийж бүгдийг нь хэзээ л бол хэзээ аваад өмсөхүйц байдлаар нүдэнд ил тавьсан нь их гоё. Өөрийгөө новшгүй бага хувцастай гэж бодсон чинь өрөөнөөс маань хувцас гэхэд л 2 тавын уут дүүрэн гардаг байна шүү. Яг 2 уутаа гаргаад хараад эргээд нэг харахад хаямааргүй нэг тийм гунигтай сэтгэлд таагүй мэдрэмж төрж байлаа. Тэгээд хамт цаг хугацааг өнгөрөөсөнд баярлалаа гээд бүгдийг нь орхисондоо. Мөн хаях шийдвэр гаргах үедээ хувцас нэг бүрт талархал илэрхийлсэн болохоор сэтгэлд арай хөнгөн байдаг юм байна. Зэ тэгээд өрөөндөө буцаж орж ирээд хувцасны шкафаа нээж шургуулгаа татахад ярайтал эвхсэн эмх замбараатай зөвхөн миний дуртай хувцаснууд нүднээ ил тусахад сэтгэл хөнгөрөөд өөрийн эрхгүй бие хөнгөрөх шиг боллоо. Хувцасны цэвэрлэгээ бол нэг эхэлчихэд хурдан дуусах боломжтой хамгийн зөв эхлэл байлаа дараачаар нь номоо цэгцлэх хэсэг рүү орлоо. Энэ туршлагаас үзэхэд хувцсыг зөв хадгалахын тулд дамнуурга тавиуртай бус шургуулгатай шкафыг сонгох нь тун зүйтэй юм байна. Дээр дээрээс нь давхарлан хичнээн сайхан өрж эвхсэн байсан ч яарсан үедээ нэг хувцас татахад бүгд нурж унахаар нь ямар  их бухимдал төрдөг гэж санана. Амандаа бувтнасаар буцааж бүгдийг нь чихчихээд гарах үе зөндөө байсан ч Конмари аргаар эвхсэн хувцас тэгж эмх замбараагаа алддаггүй юм байна.

Ном:  Өөрийн туйлын дуртайгаа авч үлдээд хаяхад гэмгүй хэзээ нэгэн цагт уншина гэж хадгалсан ч уншдаггүй юм байна. Уншина гээд 3 жилийн өмнө авсан цоо шинээрээ шашны урсгалын тухай ном нэг л онцгүй хүйтэн мэдрэмж өгдөг болохоор нь уншихаасаа өнгөрсөн гэдгээ мэдээд хаячихлаа. Уншаагүй номнуудаа нэн даруй унших үүднээс нүднээ ил тавьлаа.

Бичиг цаас:  Бүгдийг нь устгах зарчмаар ажиллахад буруудахгүй юм байналээ. Төлбөр тооцооны баримтууд, хугацаа нь дууссан гэрээнүүд, хичээлийн материалуудаасаа нэг мөсөн салж эмх цэгцтэй 2 хавтсанд хураангуйлж хичээл сургуультай холбоотой, амин хувийн хэрэгцээт гэж хувааж эмхэллээ.

Жижиг хэрэгслүүд:  Гоо сайхан, нүүр будалтын хэрэгсэл, гоёл чимэглэл, залгуур техник хэрэгсэл болоод бусад нөөцүүд Хэрэглээд 2 гаруй жил болсон ч одоог хүртэл дуусаагүй бүтээгдэхүүнүүд байнга хэрэглэдэггүй хумсны будаг, сам ээмэг зүүлтнүүдээсээ салсандаа. Хамгийн сонин нь шүдний оо 5, татуурга 4, нойтон хуурай салфетка тус тус 4 4 ширхэг, үсний боолт ширхэгээрээ 100 гаад гарч ирсэн гээд боддоо дуусчихвий гээд ихийг нөөцөлсөн бололтой. Тэгсэн мөртлөө өдөрхөн цүнхэндээ салфетка байхгүй болохоор хүнээс асуугаад явж байсан юм даа. Тэгсэн шургуулга кошлекондоо тийм олонтойгоо санахгүй мартаад явж байж. Конмари аргаар нэг дор бүх юм аа ил тавьж гаргаж ирж байгаад бүгдийг нь харах тэр мөчид өөртөө ямар олон зүйлстэйгээ ойлгож дахиж тэр төрлийн юмыг авах шаардлагагүйгээ мэддэг юм байна.

“Конмари” аргыг хэрэглэж эхэлснээр би:

-Бүх эд зүйлсдээ байр оноож зөвхөн тэндээ байрлуулж сурж байна.
-Орой гэртээ ирээд цүнхээ хоослоод доторх зүйлсийн тус тусын байрлалд тавьж сурж байна
-Гэртээ ирэхдээ сайнуу гэр минь, өрөө минь гэж мэндчилж байгаа
-Авсан зүйлээ тэр даруйд нь хурааж байранд нь хийж байгаа
-Хоолоо идэж дуусангуутаа аяга тавгаа угааж байгаа
-Уншсан номоо тавиурт тавьж богино хугацаанд номын тэмдэглэл бичиж байна
-Гэрээс гарахдаа цэвэр цэмцгэр үлдээж байгаа
-Нэг аяга ч байвал угаачихаад гарахаар буцаж ирэхэд энд тэнд цэвэрлэх юм үзэгдэхгүй сэтгэлд таатай байгаа
-Хэрэглэх гэж авсан зүйлээ тэр дор нь хэрэглэж эхлэж байгаа
-Хогоо ойр ойр хаяж байгаа
-Бас нэг зүйлийг бүрэн гүйцэд дууссаны дараачаар дараагийн зүйлийг хэрэглэж эхлэх нь олон новшинд дарагдахаас сэргийлэх арга юм байна гэдгийг ойлгож байна. -Одоохондоо тооцоогүйгээ нэмж хувцас авах хүсэл төрөхгүй байна Яг ямар загвартай хувцас яагаад хэрэгтэйг эхлээд сайн бодчих нь зүйтэй юм байна
-Гэрэл зурагнуудаа угаалгаад ном хийж хадгалж байгаа
-Өрөөндөө хүссэнээрээ лаа асааж байгаа
-Дуусгаагүй тэмдэглэл постуудаа бичиж гүйцээж байгаа
-Гэрээсээ гарахдаа хувцаснуудаа эвхээд шүүгээндээ хийж байгаа
- Ил хувцас орхихгүй байгаа.
-Өрөөгөө тогтмол агааржуулж байгаа
-Илүү их ном уншмаар санагддаг болсон
-Бусад хүмүүсд ч эмх цэгцтэй байдалтай болоход нь туслахсан гэж үргэлж хүсэх боллоо
-Уух эм витаминуудаа өдөр өдөрт нь хуваагаад жижиг саванд хийж байгаа. Талархсан сэтгэлээ тэр даруйд нь илэрхийлдэг болоод байгаа.

Эцэст нь хэлэхэд эр эм ялгаагүй өөрсдийгөө хүндлээд өөрийн хүссэн өөрийн дүр төрхөө бүтээхийн тулд өөрийн гэр, өрөө, булан хэсэгтээ эмх цэгцийг авчрахад туслах энэхүү номыг заавал уншаарай гэж зөвлөе. Алийн болгон заваан залхаг суухавдээ тэ. Хүн харахаар цэвэрлэсэн болж өөрийгөө хуурахаа болъёо. Нэг мөсөн цэгцэрцгээе! Мөн зохиолчын энэхүү ярилцлага болоод түүний хувцсаа хэрхэн зөв эвхэх аргийг эндээс үзээрэй. Номон дээр гарах бүгдийг та түүний энэхүү бичлэгүүдээс хангалттай олж авж чадна. Youtube-konmari method гээд хайж эмх цэгцтэй амьдрах болсон хүмүүсийн бичлэгүүдийг үзээрэй.
 
Нийтэлсэн: Т.Тэргүүнжаргал


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна