​Улаанбуудайн тонн тутамд 55 мянган төгрөгийн урамшуулал олгохоор болов

2017/02/24
Засгийн газрын лхагва гарагийн хуралдаанаар улаанбуудайн тонн тутамд 55 мянган төгрөгийн урамшуулал олгох асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Ингэхдээ дотоодын гурилын үйлдвэр болон Тариалан эрхлэлтийг дэмжих сан, Улсын нөөцийн салбарт нийлүүлсэн нэгдүгээр ангиллын улаанбуудайн тонн тутамд 55 мянган төгрөгийн урамшуулал олгох юм байна. Hарин 2-4 дүгээр ангиллынх бол 50 мянган төгрөгийн урамшуулал олгоно. Улаанбуудайн урамшуулалд зориулж энэ оны төсөвт 16 тэрбум төгрөг тусгажээ.

Урамшуулал авах шалгуурт нийт 65 сумын 729 иргэн, аж ахуйн нэгж тэнцсэн байна. 2016 онд улсын хэмжээнд 355 мянга гаруй га талбайд улаанбуудай тариалж 460 мянган тонн ургац хураан авсан гэж Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам мэдээлсэн. Стандартын шаардлага хангасан 292 мянган тонн хүнсний улаанбуудайн 68.5 мянгыг тариалан эрхлэлтийг дэмжих сан, 0.1 мянган тонныг улсын нөөцийн салбар харин 224 мянган тонныг гурилын 33 үйлдвэр авчээ. Энэ нь гурилын хэрэгцээг дотоодоос бүрэн хангаж гурил, гурилан бүтээгдэхүүний үнэ тогтвортой байх боломжийг бүрдүүлэхээр байгаа юм.

А.Хатангоо


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна