Нүглийг засдаггүй, буяныг наймаалцдаггүй...

2017/03/05
Шашныг шүүмжлэх гэсэнгүй зүгээр л учир шалтгааныг өөрийн хэрээр тодруулж байгаа ухаантай юм. Энэ мөр зүг гаргах, найман хөлөл зэрэг нь шашны санхүүжилтийн маш нарийн маркетинг юм. Бон да хорол гэдэг нь бонгийн хөлөл гэсэн Төвд үг. Сайн хөөвөл феншүйтэй, даогийн шашинтай холбогдоно. Буддизм Төвдөд дэлгэрэхдээ Төвд дэх бон шашинтай сүрхий холилдсон бөгөөд тэндээс энэ маркетинг нэвтэрчээ.

Бурхангүй газар Бомбо галзуурна гэж нэг үг байдаг даа! Бон буюу хятадын дао, төвдийн бөө шүтлэгийн хольцолдсон урсгал хожим нэвтэрсэн буддизмтай сүрхий сүлжилдэж бүхэл бүтэн ёс жаяг болжээ. Түүнийг Монголчууд хүлээн аваад одоо өөрийн ёс заншил болгосон байна.

Даогийн хөлөл зурж, түүнийг буддын ном судартай холбосон хэрэг л дээ. Харин жилийг амьтны нэрээр нэрлэдэг ёс нь тал нутгийн нүүдэлчдийн уламжлал. Түүн дээр жилийг таван өнгө, эр эмээр ялгаж (улаан гэвэл эр, улаагчин гэвэл эм жил болно, энэ жил эр үү? эм үү? Та нар мэдэв үү? эм жил бол эм тахиа унжлагатай юу? гэх мэт ач холбогдолгүй ч хошин асуулт бас бий) бас махбодь оногдуулахаар нэлээд сүрхий төвөгтэй систем бүхий хүснэгт болж байгаа юм л даа.

Энэ ёс гагцхүү ламаизмд байгаа ч юм биш загалмайтны шажинд ч энэ ёс бий, гагцхүү "хонь" жилийг "ямаа" гэдэг. Энэ гурвыг нэгтгэхээр нүүдэлчдийн жилийн эзэн даогийн дөрвөн махбодь, таван өнгө бүхий хөлөлөөр дөрвөн зүг, найман зовхисын аль нэг рүү алхаж мөрөө гаргаад, буддын тарни унших ба цаас шатаах, ус цацах, төмөр хаях гэх мэт үйлдэл хийж, орчин үеийн хүн тул мухар сүсэгтэн гэгдэх вий гэсэндээ жаахан ичисхийж тарни уншаад гэртээ шалавхан ордог. 

Гэтэл зүгийн асуудал их сонирхолтой. Европын ба монголын зүг өөр. Өмнөд хойд нь гайгүй, харин Монголын зүүн нь баруун, баруун нь зүүн болно. Зүүн түмэн нь дандаа баруун талдаа байдгийн учир энэ. Монголчууд зүүн гар тийш эргэнэ, баруун гар тийш эргэнэ гэж ярьдгаас зүүн, баруун тийш эргэнэ гэдэггүй. Өөрөөр хэлбэл баруун зүг явж байгаад баруун гар тийш эргэж болно шүү дээ. За тэгээд хот хүрээ газар бол байшингаа тойрсоор зүгээ алдана. Ингэж мунгинасны эцэст мөн тэр зүгт оногдсон "номыг" уншуулах болно. Гэтэл тэр "заслын номууд" нь их бага таван ухааныг судлах "сурах бичгүүд", эсбөгөөс тайлбар, бүр өндөр хэмжээнд боловсорсон ботиуд болно. Бурхдын нэр бол "товъёог" юм уу даа.

Гэтэл буддизм бол хэрэв үнэхээр шашин гэвэл монотейст буюу ганц бурхныг шүтэх үзэл шүү дээ. Өвчнөөс сэргийлж анагаахын ном уншина, уул усны элдэв явдлаас сэргийлж тахилгын шүлэг уншуулна гэх мэт. Маш хялбарчилж тайлбарлаж байна л даа. 
Жишээ нь "Банзрагч" бол философийн тайлбар. Малаа өвчин тахлаас сэргийлж уншуулдаг "Малын банзрагч" гэхээр одоо малд гүн ухаан заана гэсэн үг болох мэт. Эсвэл гэртээ Гегель, Фейербахын философийн номуудыг уншчихмаар ч юм шиг. "Алтан Ганжуур"-ыг үнэтэй уншуулна гэхээр Бурхан багшийн зарлигийн хураангуйг алтаар бичсэн хувилбарыг уншуулж байна.

Уншиж судалбал эрдэм ухааны далай харин уншуулах захиалгаа их мөнгөөр бичүүлээд уншуулчихлаа, ирээдүй явдал мөрөө засуулчихлаа гэж итгэх бас өөр хэрэг ээ? Алтан биш ганжуур бас өөр үнэтэй, гэтэл ганжуурт ямар ялгаа байна вэ? Хэрэв 9 эрдэнийн Ганжуур уншуулбал бүр их үнэ өгөх үү? гэх мэт. Энэ их хөгжилтэй ёс заншил байгаа юм аа. Өөрсдийгөө төсөөлөхгүй юу? За ингээд заслаа хийлгэж аваад сэтгэл амар "нүглээ үйлдэнэ" дээ... Гэвч нэг сонин статистик бий. Буддын шашинтай орнуудад сэтгэл зүйч нэг их амжилт олдоггүй, яагаад гэвэл сэтгэл засал нь шашиндаа ийм маягаар хүчтэй шингэсэн байдаг.

Нарийн үзвэл Монголын цагаан сар зулын 25-наас яг 49 хоногийн дараа болдог. Өөрөөр хэлбэл Зонхова гэгээнийг дүрст лагшнаа номын агаарт хураасны өдөр зул барьж буян үйлдээд түүнээс 49 хоногийн дараа гэгээнтний төрөл олсны баярыг цагаалж тэмдэглэж байгаа юм. Тиймээс би Та бүхэнд "буян хурааж, мэгзэм уншаарай" гэж бичсэн нь ийм учиртай. Тиймээс Халимагт зулын 25-ныг ёслон өргөн тэмдэглэдэг. Бид ламаист шүү дээ, тэгэхээр бурхныг магтах нь зүй. Гэхдээ цагаан сардаа зориулж мал нядлаж, ууц өвчүүг тавьдаг "айхтар догшин" буддистууд. Ер нь манай дундад эртний бутралын үеийн хангуудын тамга ёс мэт "шашныг хамгаалагч" гэсэн цолыг бичсэн нь бий. Зүүнгар, Хасгийн дайн үнэндээ хасгуудад буддизмыг тулгах оролдлого байсан тухай саяхан энэ чиглэлээр гарамгай Зөвлөлтийн эрдэмтний номоос үзлээ...

Ингэхээр манай цагаан сард тэр "сарны явдал мөр" төдийлөн ач холбогдолтой биш юм л даа. Гэвч энэ бүхэн Монголын соёл болжээ. Битүүний орой тотгон дээрээ гурван мөс тавьж Лхам бурхны хөлгийг ундаалдаг. Лхам бурхан буюу охин тэнгэр болбаас Төвдийг даасан бурхан юм. Битүүнд замбутивийг гурав эргэдэг бурхны хөлгийг ундаалах нь сайн үйл мөн, гэвч Төвдийн ёс юм даг уу? Төвдүүд даваан дээр "Лхажиалоо" гэж хашгирдаг нь Лхам бурхан бурхан буюу "Төвд ялна аа" гэсэн үг. Харин монголчууд "Хоржийлоо" гэдэг нь "Монгол ялна аа" гэсэн үг юм. Гэхдээ "Аа муу Төвдийн бурхан" гэж алдас болж ёс заншлаа хаяв, буддизм нэг л юм л даа... Бурхан ивээхдээ тулбал хэнийг ч алагчлахгүй, тийм үү? 

Монголыг даасан сахиусыг Очирваань сахиус гэдэг, харин бурхны шашны 10 хангал, сахиус догшид битүүнээс нэг өдрийн өмнө замбутивийг эргэдэг учраас тэр өдөр зул асааж, арц уугиулбал Монголдоо тустай мэт. Буддизм уг нь бидэнд догшдыг тайж тахих үүрэг оноосон, харин түүнийг Гандан зэрэг манай хийдүүд яг ёсоор үйлддэг нь биднийг сахиус догшдоо тоогоогүй үл мэдэхийн нүглээс авардаг мэт, учир нь тэр өдөр бид тоос шороогоо бужигнуулаад "завгүй" байдаг. Ум Базарваань хумпад. Сүсэгтэй хүмүүст бас баахан төвөгтэй ёс үйл нэмчих шиг боллоо. Ингээд тахих мөргөх битүүний битүүн бий боллоо доо. Дагах эсэх нь Таны хэрэг...
Гэх мэт нарийн ширийн зүйл бий. Бидний мөрдөн дагаж буй ёс бүхний цаад утга энэ юм. Зарим хүн намайг "улаан буддист" гэж ойлгодог шиг байгаа юм. Би буддизм сонирхдог, гэхдээ голдуу нууцын ном, шамбалтай холбоотой Европ маягийн хөндийдүү сонирхолтой, үнэндээ бол атейст этгээд л дээ. Гэхдээ шашныг муучилдаггүй, өвөг дээдсээ харааж байгаагаас ялгаа юун?

Ер нь бол буддизм бол уг ёсоороо бол шашингүйн үзэл, ШУ-нд ч тэгж үзэх хандлага газар авч байна. Чиний ирээдүй, явдал мөр гагцхүү чамаас л хамаарна, тиймээс чи өөрийн явдал мөрийг хичээ, сайн үйл хийвэл сайн ирээдүй бий, муу үйл хийвэл үйл боловсрохын цагт муу хариу ирнэ гэж сургадгаараа "мухар сүсэг" даатгалыг үгүйсгэдэг "шашин". 

Хятадууд ч гэсэн Күнзийн шашингүйн сурталтай авч тэр нь даотай нь холилдохоороо комнийст намын дарга нь хүртэл мухар сүсэгтэн болдог тийм л соёлын нийтлэг юмшдээ. Тэгэхээр энэ дао л хамаг будлианы эзэн болж бурхантай газар ч галзуураад байгаа хэрэг л дээ. Эсвэл бурхангүй болоод галзуураад байна уу? Тэгэхээр явдал мөрөө ямагт хичээ, бурхантай бүү наймаалц (дао л бурхантай наймаалцдаг гэж Япон зэнгийн эрдэмтэн бичжээ), нүглээ мөнгөөр урьдчилж засуулдгаа боль оо л гэх нь зөв байх. Нүгэл үйлдэхээ л больчих л доо. Ер нь буруу хурьцал нүгэл болохоос "зөв хурьцал" нүгэл биш л дээ, гэхдээ манай төрийн толгойг буруу хурьцагчид шавж, хүүхнүүдийг үл хайрлаж хорлож байгаа нь бузар гэхээс өөр яах билээ?

Дашрамд манай fb найз Бундхоролд даатгачихвал бүх юм болчих ч юм шиг ээ... За нэг ийм наргиа ч гэх үү? Тайлбар ч гэх үү юм бичлээ, сэжиг сүжиг л мэдэх хэрэг. Аа, нээрээ тийм, ийм юмны дараа загалмайтнууд далимдуулах гээд байдаг юм. ;-) Би нэг дундад зууны онигоо бичье! Тэр цагт сүм хийдүүд нүглээс ангижируулах бичиг (индульгенци) гэгчийг зарж санхүүждэг байж л дээ. Нэг ядарч, ядуурсан рыцарь ламтай таараад "Ламтаан, хэрэв наад бичгийг чинь худалдаж авбал ирээдүйд хийх нүглээс ч ангижирах уу?" гэж асуутал лам "Тэгэлгүй яах вэ? хүү минь, тэгнэ" гэж. Рыцарь нэг бичиг худалдаж аваад ламыг дээрэмдэж бүх орлогыг нь булааж авчээ. Лам, "Бурхан чиний нүглийг таалахгүй дээ" гэж хараав. Рыцарь "Та өөрөө л ирээдүйд хийх нүглээс ангижирах баталгаа өгсөн шүү дээ" гэжээ. Энэ бүхэн буяны нэрээр мөнгөнд шунахын л гай...

Эцэст нь хэлэхэд зөв шүтвэл аль ч шашин зөв зам мөрд оруулна, буруу шүтвэл бомбо л галзуурна шүү...

Нийтлэлч А.Баатархяуг


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна