ОХУ-ын Москва хотын Арбатын гудамжин дахь нэгэн байрнаас нууц казино илрүүлсэн талаар Москвагийн цагдаагийн эх сурвалж мэдээлж, хэвлэлүүд нь бичиж байна. ОХУ-ын Life.ru мэдээллийн сайтад энэ талаарх мэдээлэл өчигдөр нийтлэгдсэн.
Тус сайтад мэдэээлснээр Казиногийн зааланд рулетийн таван ширээ, 17 автомат машин байсан гэнэ. Цагдаагийн шалгалтаар тус байгууламж нь Монгол Улсын Засгийн газарт харьяалагддаг бөгөөд түүний ойролцоо Монгол Улсын элчин сайдын яамны дэргэдэх Консулын хэлтэс байрладаг аж. Одоогоор цагдаагийн албан хаагчид эрүүгийн хэрэг үүсгэн, дипломат төлөөлөгчийн газарт казино ажиллаж байсан асуудлыг шалгаж эхэлжээ.
Энэ газар нь эмчилгээний зориулалтын иогийн үйлчилгээ гэсэн нэр хаягтай байсан бөгөөд цагдаагийнхны ажиглалтаар үдэш бүр үнэтэй машин унасан илүүдэл жинтэй эрчүүд цугладаг байсан нь анхаарал татсан байна. Цагдаагийнхан шалгалт хийхэд нууц казиногийн касснаас бэлэн 20 сая рубль илэрчээ.
Нууц казино байрлаж байсан байр нь Монгол Улсын элчин сайдын яамны мэдэлд байдаг гэнэ. Гэхдээ элчингийн байрыг хувийн компаниуд оффисийн зориулалтаар түрээслээд өөр үйл ажиллагаа явуулж байгааг элчингийнхэн мэдэхгүй байх боломжтой талаар зарим хуульчид байр сууриа илэрхийлжээ.
Б.Сондор
Сэтгэгдэл бичигдээгүй байна