Австри улсын Элчин сайдтай уулзлаа

2017/03/07
Нийслэлийн Засаг даргын Агаарын бохирдол, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан Австри Улсын Элчин сайд хатагтай Ирене Гине-Райхлтай уулзлаа. Уулзалтын эхэнд хотын даргын орлогч Ж.Батбаясгалан Австри улсын Элчин сайд болон албаны хүмүүсийг Улаанбаатар хотод тавтай морилохыг уриад 2016 оны 12 дугаар сард Австри Улсын Вена хотод айлчлах үеэрээ яригдсан гол ажлуудын талаар дурдлаа.

Тэрбээр хэлэхдээ “Аливаа улс, хотын харилцаа, хамтын ажиллагаа нь жирийн иргэд, аж ахуйн нэгжүүдийн харилцаанаас эхэлдэг. Тиймээс Вена хотын удирдлагуудтай уулзах үеэрээ аялал жуулчлалын талаар голлон ярилцсан.

Мөн ногоон хөгжил, хог хаягдлыг дахин боловсруулах талаар ярилцаж, санал солилцсон. Улаанбаатар хотын хойд хэсэгт байрлах Далан давхарын оршуулгын газрыг цэцэрлэгт хүрээлэн болгох талаар бид тодорхой санал тавьсан юм. Удаан хугацааны туршид байсан, томоохон газар нутгийн эзэлдэг уг оршуулгын газрыг шинэчилж, сайжруулах шаардлага бий.” гэлээ. Үүнээс гадна “1,4 сая хүн амтай Улаанбаатар хотод тулгамдаад байгаа бас нэг гол асуудал нь шарил хадгалах газар. Тиймээс хотын зүүн, баруун 2 захад олон улсын стандартын дагуу шарил хадгалах газар байгуулах төслийн талаар мөн ярилцсан. Хөдөө аж ахуй, үйлдвэрлэл инновацийн талаар ч санал солилцож, туршлага судаллаа.” хэмээсэн юм.

Түүнчлэн Сэлбэ голын урсацыг нэмэгдүүлж, орчныг сайжруулах төсөл болон нийслэлийн ундны усны нөөцийг нэмэгдүүлэх зорилготой “Туул усан цогцолбор” төслийн талаар Австри улсын Элчин сайдад танилцууллаа.

Австри Улсын Элчин сайд хатагтай Ирене Гине-Райхл хэлэхдээ “Усны чиглэлийн тухайд бохир усны хэсэгчилсэн цэвэрлэх байгууламжийн эхний шатны судалгаа явагдаж байгаа. Үерийн далан барих асуудлыг мөн судалж үзнэ. Хог хаягдлыг дахин боловсруулах, ангилан ялгах талаар бид туршлага солилцож болно. Оршуулгын газрыг цэцэрлэгт хүрээлэн болгох төслийг бид судалж үзье. Удахгүй ямар чиглэлээр хамтран ажиллах талаар эргэн уулзах болно.” хэмээн ярилаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна