Топ модель О.Уянга машиндаа түгжигдсэн нярай хүүхдэд тусалжээ

2017/03/09
Топ модель О.Уянга машиндаа түгжигдсэн нярай хүүхдэд тус хүргэжээ. 81-18 УНЗ дугаартай бенз маркын машинд нялх хүүхдээ үлдээгээд цонхоо бага зэрэг онгойлгон, утасныхаа дугаарыг ч үлдээлгүй явсан байхтай таарчээ. Хүүхэд удаан хугацаагаар уйлсан тул арга буюу цонхоор нь гараа оруулан хаалгыг онгойлгон   20 гаруй минут бүүвэйлэн, машины эзнийг ирэхийг хүлээсэн байна.

Харин нялх хүүхдээ эрсдэлд оруулан орхиж явсан эмэгтэй О.Уянгад талархсан сэтгэл илэрхийлээгүй бөгөөд өөрийнхөө буруутай үйлдэлд огтхон ч гэмшээгүй гэнэ. Ямартаа ч хоёр ихэр охины ээж топ модель О.Уянгын сайхан сэтгэлийн ачаар нэгэн бяцхан хүүхэд эрсдлээс аврагдсан байна.

Машин болон агааргүй битүү орчинд бага насны хүүхдээ үлдээхгүй байх, цоожлохгүй байх,  хараа хяналтгүй орхихгүй байхыг эцэг эхчүүдэд цагдаа болон онцгой байдлын газраас анхааруулдаг. Машины хаалгаа тайлж чадахгүй, цонхоо онгойлгож мэдэхгүй хүүхэд битүү агааргүй орчинд  бүтэж амиа алдах аюултай. Амиа алдахад аравхан минут болдог гэнэ. Хэрвээ ийм тохиолдолд хариуцлагагүй ээж аавын буруугаас болж хүүхдийнхээ амийг хохироовол эрүүгийн хариуцлага хүлээлгэх хуулийн үндэслэлтэй байдаг аж.

Зарим улс оронд хүүхдээ машинд үлдээснээс хүүхдийн амь нас хохирвол эцэг эхэд 10 жилийн хорих ял, 100 мянган долларын торгууль ногдуулдаг гэнэ. Хэрэв хүүхдэд онц аюул учраагүй ч эрүүл мэндэд нөлөөлөхүйц үр дагавар гарсан бол эцэг эхэд 5 хүртэл хугацаагаар хорих ял ногдуулдаг аж. Тэр ч байтугай  хүүхдэд ямар нэгэн муу зүйл тохиолдоогүй ч машинд ганцааранг нь 5-аас дээш минут орхисон нь нотлогдвол "бага насны хүүхдийн амь нас, эрүүл мэндэд аюулд учруулах нөцөлд хүргэсэн" гэх үндэслэлээр 12 сар хүртэл хорих ял оноодог  юм байна. 
Б.Сондор 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна