Монголын загварын ертөнцөд шинэ өнгө нэмсэн “Mongolia’s next top model” шоу тун удахгүй өндөрлөнө. Авьяас ур чадвараараа бусдыгаа манлайлсан гурван оролцогч эцсийн шатанд тунаж үлдээд байгаа билээ. Тэднээс Б.ЦЭРЭНДОЛГОРЫГ онцолж ярилцлаа. Шоу нэвтрүүлгийн шат ахих тусам өөрийгөө дайчлан “чангарч” байгаа түүнтэй ярилцахад сонирхолтой байсан юм.
-Шоуны ялагч болоход ганцхан шат үлдлээ. Таны сэтгэл хангалуун байна уу?
Би шоунд ялаагүй байгаа болохоор одоохондоо сэтгэл ханаагүй. Том зорилго тавьсан учраас сэтгэл амрах цаг болоогүй гэж бодож байна.
- Нэвтрүүлгийн зураг авалтын явцад оролцогчдын дунд маргаан өрнөж, багагүй үл ойлголцол үүсч байсан. Үүнийг хамгийн сүүлийн нэвтрүүлгээр цагаатгасан гэж ойлгож болох уу?
-Олон охин цугласан газар хэрүүл маргаан гарахгүй өнгөрнө гэж байхгүй шүү дээ. Хэдийгээр маргалдаж байсан ч хасагдсан хүмүүсээ бид санадаг. Саяхан шоуны оролцогчид бүгд цугларч олон зүйлийн талаар ярилцсан. Тэр үед үнэхээр сайхан байсан. “Эмэгтэй хүмүүс нэг муудалцахаараа дахин нийлдэггүй” гэж ярьдаг ч бидэнд тийм зүйл тохиолдоогүй.
-Сүүлийн шатанд үлдсэн хоёр оролцогчийн хэнээс нь та эмээж байна вэ?
-Хоёулангаас нь айхгүй байна. Миний хувьд эмээж байгаа ганц зүйл нь хүмүүсийн санал сэтгэгдэл. Хүмүүсийн зориг гаргаж, зүрхэлж хийж чадаагүй зүйлийг бид буюу 16 оролцогч хийж чадсан. Үүгээрээ бид бахархдаг.
-Ганцхан дугаарын дараа шоуны ялагчийг тодруулна. Та үүнд хэрхэн бэлтгэж байна вэ?
Моделийн шоу учраас биеэ бэлтгэх шаардлагатай. Сэтгэл санааны хувьд бүх зүйлд бэлэн байна. Би энэ шоунд ялахгүй байж болно. Яллаа гээд дэлхийн супер модель болчихгүй шүү дээ.
-Уучлаарай, шоуны үзэгчийн хувьд таныг сүүлийн шатанд тунаж үлдэнэ гэж бодож байсангүй. Та нэвтрүүлгээс оролцогч хасагдах тутам “чангарч” өөрийгөө бүрэн илэрхийлж чадсан. Ялангуяа ээжтэйгээ хамт шалгаруулалтад оролцсон тэр үеэс та “Mongolia’s next top model” шоуны өрсөлдөгч гэдгээ бүрэн илэрхийлсэн юм шиг санагдсан. Чухам юу тухайн үед таныг зоригжуулж, өрсөлдөөнд буцаж ирэхэд тусалсан бэ?
Хүмүүс өөрийнхөөрөө харж, дүгнэсэн байх. Нэвтрүүлгийн үеэр ээжийгээ хараад би бага зэрэг суларсан гэж боддог. Багахан асуудал тулгарахад гэртээ харимаар санагдсан үе бий. Зураг авалтад сайн, муу оролцож байснаа юунаас болсныг одоо ч ойлгохгүй байна. Магадгүй хэсэгхэн зуур залхаж, хийж байгаа зүйлээ орхимоор санагдсан байж болно. Өрсөлдөөн дунд хүн удаан байхдаа их зүйл сурдаг ч зүгээр л орхичихмоор үе гардаг. Тийм л үе надад тохиолдсон юм болов уу. Ямар байдгийг нь мэдсэн учир би өмнө нь гаргасан алдаагаа дахин давтахгүй. Чадна гэж бодсон зүйлдээ өөртөө бүрэн дүүрэн итгэлтэй байдаг нь миний давуу талуудын нэг.
-Хөшигний ард юу болж байгааг үзэгчид мэдэхгүй. Гэхдээ таны зарим үед хэт шударга байсан нь нэг талаараа дутагдалтай тал болсон байх?
Би дургүй зүйлдээ дуртай байгаа юм шиг жүжиглэж чаддаггүй. Энэ нь таны хэлсэн шиг миний дутагдалтай тал болсон байх. Шударга зан ямар үед хэрэгтэйг ойлгодог болсондоо баярлаж байна. Энэ шоунд оролцоод “өөрийгөө дарж” сурлаа.
-Цаг хугацааг ухрааж болдог бол та шоуны аль зураг авалтын үед очмоор байна. Яагаад?
“Эрдэнэт” хивсний зураг авалтыг нэрлэнэ. Би энэ зураг авалтад муу үнэлгээ авсан ч өөрийгөө тийм муу байсан гэж боддоггүй. Шүүгчдийн гар дээр очдог зургийг бид сонгодоггүй. Зүгээр л тэр шалгаруулалтад миний тааруухан авахуулсан зургийг сонгочихсон хэрэг.
-Шоуны шүүгчдийн зарим нь хэлэх гэснээ шууд хэлчихдэг бол бөөрөнхийлөөд орхих, хэт чамирхдаг хүн ч бий. Тэдний талаар оролцогчид ямар сэтгэгдэлтэй байсан бол. Та тэдний шүүлтийн талаарх сэтгэгдлээсээ хуваалцаач?
Шоуны шүүгчдийн бүрэлдэхүүн надад маш их таалагддаг. Туршлагагүй, залуухан хүнийг шүүгчээр тавьсан бол хэн нэгнийг дагах эрсдэлтэй. Шоуны шүүгчдэд тийм зүйл байгаагүй. Өөр өөрсдийн үзэл бодолдоо үнэнч, баримталдаг зарчим нь таалагдсан. Маргаан гардаг. Энэ байх л ёстой зүйл гэж бодож байна. Маргалдаж байж шоу сонирхолтой болно биз дээ.
-Шоунаас хасагдах эрсдэлтэй сүүлийн хоёр хүний нэг болж, шүүгчдийн өмнө зогсоход ямар мэдрэмж төрдөг бол?
Муухай. Хасагдах хоёр хүний нэг нь болчихоод зогсохдоо Б.Бат-Оюунд надаас илүү хэцүү байгаадаа гэж бодсон.
-Тэгвэл та өөрийгөө нэвтрүүлэгт үлдэхийг мэдэж байсан гэсэн үг үү?
Надад хэцүү байгаа шиг энэ хүнд ч гэсэн тийм байгаа гэдэг үүднээс тэгж бодсон. Түүнээс биш шоунд хэн үлдэхийг мэдэх боломжгүй. Хасагдах эрсдэлтэй хоёр хүний авахуулсан зурагт санал өгч, дэлгэцэд секунд явж эхэлдэг мөч үнэхээр аймаар. Тэр зүгээр л амьдралын хамгийн аймшигтай 18 секунд байдаг. Би уйланхай болохоороо шүүлт болгоны үеэр уйлдаг. Хүнийг хараад уйлдаг мөртлөө өөрийгөө шоунаас хасагдах болохоор “Хохь нь” гэж бодоод нулимс гардаггүй юм билээ.
-Шоуны оролцогчдоос хэн нь таныг илүү ойлгож, нөхөрлөсөн бэ?
Т.Сарангэрэл , Г.Ижилцэцэг хоёр хүнд хэзээ ч муу сэтгэгдэл төрүүлдэггүй. Эдний байгаагаараа байдаг зан нь надад маш их таалагддаг. Бид нэг нэгэндээ итгэдэг сайн найзууд болсон.
-Та шоуны үеэр “Дэлхийн загварын тайз миний зорилго” гэж хэлж байсан. Энэ том зорилгодоо хүрэхийн тулд олон зүйлээсээ татгалзах шаардлагатай болно. Ер нь энэ ертөнцийн нэг хэсэг болоход бэлэн байна уу?
Яг одоо бол би “Бэлэн” гэж хариулна. Энэ асуултыг надаас 14 хоногийн өмнө асуусан бол хариулж чадахгүй байсан байх. Хүнийг хамгийн их зоригжуулдаг зүйл бол миний бодлоор төсөөлөл. Өөрийнхөө очихыг хүссэн газарт байгаагаар цаг минут болгонд төсөөлдөг. Гэрээсээ хол байхаар аав, ээжийгээ санана. Тиймээс үүнд сэтгэл санаагаа бэлтгэх ёстой. Үүний дараа хамгийн чухал зүйл бол гадаад хэлний мэдлэг. Одоо англи, герман хэл сурч байгаа ч энэ хангалтгүй. Илүү сайн сурах хэрэгтэй гэж боддог.
-Шоунд оролцогчдын нэг Т.Номин-Эрдэнэ төрмөл модель гэдэг үгийг трэнд болголоо. Таны бодлоор төрмөл модель гэж ямар хүнийг хэлэх бол?
Мэдрэмжтэй хүнийг л хэлэх байх. Одоо цагт хэн ч өв тэгш сайхан бие галбиртай болж чадна. Гэхдээ модель болох хүний мэдрэмжийг өөртөө суулгаж чадахгүй гэж боддог.
-Модель хүн өндөг шиг өөгүй байх ёстой гэж боддогтой та санал нийлэх үү?
Монголчууд энэ талаар сайн мэддэггүй. Яагаад гэвэл, Монгол яг одоо миссийн ертөнц болсон байна. Үүнээс шалтгаалаад модель хүнд орон зай дутагддаг. Хэрвээ хэн нэгэн намайг “мисс” гэвэл би “зүгээр байгаарай” гэж хэлнэ. Модель гоё биетэй байх ёсгүй. Өргөн мөртэй, хөх, өгзөг багатай байх ёстой. Дээр нь хөөрхөн байх чухал биш. Хөөрхөн хүн хувирдаггүй. Үүнээс болоод загвар өмсч, тайзан дээр гарч байгаа болгоныг мисс гэж андуурдаг. Тэглээ гээд хүмүүсийг буруутгаж болохгүй. Бид үүнийг одооноос тэдэнд ойлгуулах ёстой гэж бодож байна.
-Таны бусдаас ялгарах онцлог юу вэ?
Шууд харсан хүнд миний дүр төрх онцлогтой юм шиг санагдах байх. Би өөрийгөө хэзээ ч өвөрмөц төрхтэй гэж бодож байгаагүй. Олон хүн тэгж хэлдэг ч өөрийгөө толинд харахаар тэгж санагддаггүй. Монголын загварын томоохон төлөөлөл болсон хүмүүс намайг өвөрмөц царайтай гэж хэлж байсан. Түүнд маш их урамшсан. Би уран зохиолын ном их уншдаг. Яагаад ч юм уран зохиолоос өөр төрлийн ном уншдаггүй. Ийм төрлийн ном хүний төсөөлөн бодох чадварыг хөгжүүлдэг.
-“Mongolia’s next top model” шоунд өөрийгөө хэзээнээс бэлтгэсэн бэ?
Ээжийнхээ зөвлөснөөр анх “Шилмэл” загварын агентлагт явж, Э.Сэлэнгээ багшаараа хичээл заалгасан ч хэсэг хугацаанд орхисон. Тэгж байтал “Ариунаа Сүри” брэндийн моделиор ажиллах санал ирж ажилласан юм. Энэ салбартай хоёр жилийн өмнөөс “нөхөрлөж” байна даа. Түүнээс биш олон жилийн өмнөөс модель болно гэж бодож байсангүй. Гэхдээ тийм бодол төрөөгүй байсан ч энэ салбарыг маш их сонирхдог байлаа. Би багадаа Дорнод аймагт өвөө эмээтэйгээ амьдарсан. Ганцхан телевизортой мөртлөө томчуудаасаа гуйсаар байгаад гадаад хэл мэдэхгүй мөртлөө загварын судгуудыг үзэх дуртай. Багаасаа хадгалсан сэтгүүлийн цуглуулгатай.
-Моделиор ажиллахын зэрэгцээ ямар чиглэлээр мэргэшье гэж төлөвлөж байна вэ?
Нүүр ам судлаач, их эмч мэргэжлээр “Ач” анагаах ухааны их сургуульд сурдаг. Дөрөвдүгээр курс, дараа жил төгсөнө. Сургуулиа төгсөөд эрүүний үе эсвэл салстын эмчээр сурах төлөвлөгөөтэй байгаа.
-Одоо гэртээ хэн хэнтэйгээ амьдардаг вэ?
Ээж, гурван эрэгтэй дүүтэйгээ амьдардаг. Аав, ээж намайг дөрвөн настай байхад салсан. Би аавындаа өсч, 10-тайгаасаа ээжтэйгээ амьдрах болсон. Одоо бид сайн харилцаатай байдаг.
-“Mongolia’s next top model” шоуны ялагч болбол 20 сая төгрөгөөр юу хийх вэ?
Энэ асуултыг битгий асуугаасай гэж бодсон. Учир нь, бүх зүйлийг төлөвлөчихсөн болохоор өмнө нь ярьчихвал биелэхгүй болчих байх гэж санаа зовж байна. Надад Франц руу аялна гэдэг нь үнэхээр таалагдсан. Энэ орны соёл миний сонирхлыг татдаг ч амьдралын боломжоос шалтгаалаад мөрөөдөл төдий байлаа. Тиймээс боломж олдвол Франц руу явж аялахаас илүүтэй соёл, түүхтэй нь танилцмаар байна.
Сэтгэгдэл бичигдээгүй байна