Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Ардчилсан институц, хүний эрхийн албаны захирал ноён Михаэль Линк Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хорооны дарга Ч.Содномцэрэнтэй уулзлаа. Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын урьдчилсан судалгааны баг Монголд ирж сонгуулийн урьдчилсан төлөв байдлыг судалж ажиглаад энэ талаарх тайлангаа удахгүй хэвлүүлж нийтийн хүртээл болгох гэж байгаа тухай энэ үеэр танилцууллаа.
Ноён Михаэль Линк цаашид шинжээчдийг Монголд ирүүлж сонгогчдод зориулсан хэвлэмэл материалыг хэвлэхэд дэмжлэг үзүүлэхээ илэрхийлсэн байна. Тэрбээр "Монгол Улсын сонгууль их өрсөлдөөнтэй явагддаг учир ажиглахад сонирхолтой байдаг. Түүнээс гадна сонгууль зохион байгуулах Монгол Улсын туршлага болон сонгууль ажигласан манай ажиглагчдын зөвлөмжийг хэрэгжүүлж буй байдлаас их зүйл сурч байгаа" гэжээ.
Уулзалтад оролцсон Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Ардчилсан институц, хүний эрхийн албаны сонгуулийн асуудал эрхэлсэн газрын дарга А.Шлык, Монголын парламентын 2016 оны сонгуулийг ажиглаад “эерэг” гэсэн үнэлгээ өгсөн бөгөөд сонгуулийн байгууллагын ажилтнуудын мэдлэг өндөр, хуулиа баримталж ажиллаж байсныг тэмдэглэв. Сонгогчид ч сонгуульдаа итгэлтэй оролцсон тухай, сонгуулиудад автоматжуулсан системийг сонгож, ашиглаж буй талаар тодорхой мэдлэгтэй болсоноо тэрээр онцоллоо.
Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хорооны дарга Ч.Содномцэрэн Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын ажиглагчдын тайлан зөвлөмж сонгууль зохион байгуулах, үйл ажиллагааг улам боловсронгуй болгоход их хувь нэмэр болж байгааг тэмдэглээд эдгээр зөвлөмжийг хэрэгжүүлж ажиллана гэдгээ илэрхийллээ. Төлөөлөгчид тус байгууллагын бүсийн гишүүн орнуудтай тогтоосон харилцаа, хамтын ажиллагааны хөгжлийн явц, байдалтай танилцах ажлын хүрээнд ийнхүү Монгол Улсад хүрэлцэн ирээд байгаа аж.
Сэтгэгдэл бичигдээгүй байна