Төрүүлсэн охиноо төөрүүлчихээд найз залуутайгаа хамт зугтжээ

2017/05/04
Ойн 7 сартай охиноо хүнтэй суухын тулд зах дээр төөрүүлжээ Чингэлтэй дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн алба хаагчид төрүүлсэн хүүхдээ төөрүүлж хаясан этгээдийг шуурхай эрэн сурвалжилж илрүүлэн, эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.

2017 оны дөрөвдүгээр сарын 14-ний өдөр тус цагдаагийн хэлтэст “Бөмбөгөр худалдааны төвд бага насны хүүхэд төөрсөн байна” гэх дуудлага мэдээлэл ирсэн байна. Дуудлагын дагуу шалгалтын ажиллагаа явуулахад 24 настай эмэгтэй Ч, эрэгтэй С нар нь нэг ой долоон сартай У охиныг “Бөмбөгөр” худалдааны төв дотор төөрүүлж орхиод, зугтсаныг хяналтын камерын тусламжтайгаар илрүүлжээ.

Камерын бичлэгт улаан цоохор цамцтай  эмэгтэй  ногоон курткатай хүүхдээ хөтөлж яваад, “Бөмбөгөр” худалдааны төвийн баруун хаалгаар орж, хүүхдийг чихрийн лангууны дэргэд орхиод зүүн хаалгаар гарч, “Бөмбөгөр”-ийн хойгуур тойроод, хамтран амьдрагч С-тэйгээ зугтаж байгаа бичлэг  камерын бичлэгт  үлдсэн байна.

Түүнийг хүүхдээ төөрүүлээд гараад ирэхэд нь  найз залуу нь цамцныхаа малгайг өмссөн  байдалтай тосч, хамт зугтаж  байгаа нь бичлэгээс тодорхой харагдсан байна.

Тэдэнд Эрүүгийн хуулийн 117.1-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж буй бөгөөд “Төрүүлсэн болон үрчлэн авсан хүүхдээ хаясан, төөрүүлсэн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, хоёр зуун тавин нэгээс гурван зуун цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, эсхүл гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ.”, 117.2-т “Энэ хэргийн улмаас хүүхдийн амь нас хохирсон, бусад хүнд хор уршиг учирсан бол таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заажээ.

Б.Сондор 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна