Хүүхдүүдийг малчин айл, таван хошуу малтай танилцуулах өдөрлөг болно

2017/05/11
Хүүхэд багачуудад монгол ахуй, малчдын аж амьдралыг харуулах зорилготой "Балдан гуайнхаар ороод гараарай" гэр үзэсгэлэн энэ сарын 13-15-нд болно.

Тодруулбал, тус арга хэмжээ ХУД-ийн “Шинэ Хан-Уул” цэцэрлэгт хүрээлэнд болох бөгөөд таван хошуу малыг /хонь, ямаа, үхэр, морь, тэмээ/ үр төлтэй нь авчрахын зэрэгцээ монгол гэр засах юм байна. Ингэснээр эцэг эхчүүд хүүхэд багачуудтайгаа малчин айлд зочилж хурга ишигтэй тоглон амралтын өдрүүдээ зугаатай өнгөрүүлэх боломж бүрдэж байгаа аж.

Өдөрлөгийг Эх дэлхийдээ, ээждээ зориулж мод тарьцгаая! уриан дор “Мянга мянган хавар” хаврын баяр нээлттэй өдөрлөг нэртэйгээр зохион байгуулах гэнэ.

Нээлттэй өдөрлөгийн үеэр мод, бут, үрсэлгээг хамгийн хямд үнээр буюу орон нутагт борлуулдаг үнээр худалдаалах бөгөөд Монголд тарьж ургуулж болох хэдий ч үрсэлгээ эх мод нь байдаггүй гудамж талбайн чимэглэлийн ховор чамин мод, жимс жимсгэний бут, зүлэг, олон наст цэцэг гэх мэт гадны орнуудаас авчирсан үрсэлгээ эх моднуудтай танилцах, тэднийг тарьж ургуулах, арчлах талаар сургалт зөвлөгөө өгөх, өөрийн тарьсан цэцэг, үрсэлгээг солилцох, арга туршлагаа хуваалцах зэрэг олон боломжуудыг бүрдүүлэхийг зорьж байгаа аж.



“Мянга мянган хавар” баярын үйл ажиллагааны нээлтийг тавдугаар сарын 13-ны 12:00 цагт Шинэ Хан-Уул цэцэрлэгт хүрээлэнд ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлэхээр зохион байгуулалтын ажлыг бэлэн болгоод байна. Хэв журам, аюулгүй байдлыг ханган ажиллахаар тус хорооны цагдаагийн хэлтэс, дүүргийн замын цагдаагийн тасгын албан хаагчид тус тус ажиллана.

Мөн тус өдөрлөгийг нийслэл хотынхоо өнгө үзэмжийг сайжруулах, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, агаарын бохирдлыг бууруулах үйлсэд  иргэн бүрийг оролцуулах зорилгоор жил бүрийн тавдугаар сарын 15-ны өдөр “Мянга, мянган хавар” нэрийн дор  уламжлал болгон зохион байгуулж байхаар ХУД-ийн 1 дүгээр хорооны Засаг дарга Б.Болд хэллээ.

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна