Мөөгөнцөрийг бүрэн эмчлэхийн тулд цаг хугацаа, мөнгө санхүү багагүй шаардлагатай

2017/06/23
Marie Stopes International эмэгтэйчүүдийн эмнэлэг эрхэлсэн захирал Д.Энх-Оюун зөвлөж байна. 

Сарын тэмдэг, мөчлөг, ариун цэврийн хэрэглэл

Сарын тэмдэг ирэхдээ эхний өдөр бор хүрэн, дараагийн өдөр хэвийн өнгөтэй, дуусахдаа бор хүрэн ирээд байх юм. Яагаад?

Сарын тэмдэг хэвийн үргэлжлэх хугацаа 3-5 хоног байдаг. Харин мөчлөг нь хүн тус бүрийнх өөр буюу 21-45 хоногийн зайтай байж болно. Сарын тэмдгийн мөчлөгийн талаар хүмүүс буруу ойлголттой байдаг ба ихэнх бүсгүйчүүд сарын тэмдгийг ирээд дууссан өдрөөс эхлэн 1 дэх өдөр гээд тоолоод явчихдаг. Гэтэл мөчлөгийг тооцохдоо сарын тэмдэг эхэлсэн өдрөөс хамт эхэлдэг. Мөн үүн дээр нэмж хэлэхэд бүсгүйчүүд маань сард хоёр удаа сарын тэмдэг ирээд байна гэж андуурах тохиолдол бий. Гэтэл 21 хоногийн мөчлөгтэй хүн байлаа гэхэд 9 сарын 1-нд ирээд дараа нь 9 сарын 22-нд ирж болно гэсэн үг. Хэрвээ мөчлөг нь өөр байвал таныы сарын тэмдгийн мөчлөгт өөрлөлт орж байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй. Энэ үед сарын тэмдэг их болон бага хэмжээгээр ирэх, зовиуртай байх, удаан хугацаагаар ирэх зэрэг асуудал үүсвэл эмчид үзүүлж, оношлуулах шаардлагатай. 
Үтрээнээс бор өнгөтэй зүйл гарах нь эмэгтэйчүүдийн эмгэгийн шинж байх магадлалтай учраас эмчид үзүүлэх хэрэгтэй.

Related image

Хүнтэй унтаж үзээгүй. Гэтэл 2 сар сарын тэмдэг ирсэнгүй? Ер нь сарын тэмдгийн мөчлөг яагаад алдагддаг вэ?

Сарын тэмдгийн мөчлөг алдагдах нь бэлгийн харилцаанд орж үзсэн, үзээгүйтэй холбоогүй. Тухайн бие физиологийн онцлог болон бусад олон хүчин зүйлээс хамаардаг. Үүнийг мэргэжлийн эх барих эмэгтэйчүүдийн эмчид үзүүлж байж тодорхойлно. Харин үзлэг хийхдээ бэлгийн харилцаанд ороогүй тохиолдолд арай өөрөөр хийнэ. Ер нь сарын тэмдгийн мөчлөг алдагдах нь өндгөвчний үйл ажиллагааны алдагдалтай шууд холбоотой байдаг. Энэ нь ядрах, үрэвсэлт өвчин тусах, стрессдэх гэх мэт олон шалтгаанаас үүсдэг. Хүн бүрт өөр шалтгаан байж болох учраас өөрийнхийгөө мэдэхийн тулд мэргэжлийн эмчид үзүүлэх хэрэгтэй.

Сарын тэмдэг ирэхийн өмнө нүүрэн дээр маш их юм гарах юм. Угаасаа ингэдгийг мэднэ. Гэхдээ болиулах эмчилгээ байдаг болов уу? 

Охид бүсгүйчүүдэд ихээхэн тохиолддог асуудлын нэг нь батгашил. Гэхдээ батга зөвхөн сарын тэмдэгээс шалтгаалахгүй. Дотор эрхтэн, арьсны харшил, нас бие физиологийн онцлог гээд олон зүйл нөлөөлнө. Тийм болохоор арьс өнгөний, гоо сайхны эмчид хандах нь зүйтэй.

Image result for women period face

Цус багадалт сарын тэмдэгтэй холбоотой юу? 

Сарын тэмдэг гэдэг бол эмэгтэй хүний физиологийн үйл ажиллагаа бөгөөд үүнд эмэгтэйчүүдийн бие дасан зохицсон байдаг. Гэхдээ сарын тэмдэг их хэмжээгээр ирэх, удаан хугацаагаар үргэлжилвэл цус багадалт үүсгэх магадлалтай. Нөгөө талаас бүсгүйчүүд цус багадалтаас болоод сарын тэмдэг бага ирээд байна гэсэн буруу ойлголттой байдаг. Ийм зүйл байхгүй.

Сексийн тогтмол харилцаа сарын тэмдэгт нөлөөлөх үү? 
Нөлөөлөхгүй.

Хүсээгүй жирэмслэлтээс хамгаалах эмээр сарын тэмдгийн өвдөлт болон батганы эмчилгээ хийх нь зөв үү? 

Зөв. Цус тогтоох, өндгөвчний үйл ажиллагааны эмчилгээнд ч бас хэрэглэж болно. Гэхдээ ЗААВАЛ ЭМЧИЙН ЗААВРААР хэрэглэх ёстой. Ямар ч тохиолдолд өөрөө дур мэдэн хэрэглэж болохгүй. Хүн бүрийн бие өөрийн онцлогтой учраас таргалуулах, тураах, харшил өгөх зэрэг сөрөг зүйл илрэх аюултай.

Image result for women period

Ариун цэврийн хэрэглэлийг ямар давттамжтайгаар солих нь зөв бэ? Мөн анхаарах зүйлсийн талаар? 

Бүсгүйчүүд сарын тэмдгийн сүүлчийн өдрүүдэд бага ирэх үед нь ариун цэврийн хэрэглэлээ солих цагаа уртасгаж, өдөрт хоёр л удаа солих тохиолдол ч гардаг. Энэ бол маш буруу. Цус гэдэг бол нян үржих таатай орчин. Гэтэл олон цагаар солихгүй явах нь үтрээний эрүүл мэндийн хувьд тун таагүй. Тиймээс аль болох ойрхон сольж байх хэрэгтэй.

Тампоныг байнга хэрэглэвэл сөрөг нөлөөтэй юу? 

Тампоныг бэлгийн харилцаанд орсон бүсгүйчүүд хэрэглэвэл илүү тохиромжтой. Түүнчлэн тогтмол хэрэглэх нь тийм ч таатай биш. Аялалд явах, усанд сэлэх, онгоцоор аялах, ариун цэврийн хэрэглэл хэрэглэх боломжгүй хувцас өмсөх үед гэх мэт зайлшгүй үед л хэрэглэж байх нь тохиромжтой. Тампоныг хэрэглэхдээ бид үтрээндээ байрлуулдаг. Энэ нь үтрээнд байгаа гадны бие учраас тодорхой хэмжээгээр сөрөг талтай байх нь ойлгомжтой. Мөн ариун цэврийн хэрэглэл шиг агаар нэвтрүүлнэ гэж байхгүй болохоор нэг хэрэглэхдээ 3-4 цагаас илүү удаахгүйгээр тогтмол сольж байх хэрэгтэй. Үүнээс удаан байлгавал эвгүй үнэр орох, үрэвсэл үүсгэх аюултайгаас гадна ариун цэврийн хувьд тохиромжгүй. Бас жирэмслэлтээс хамгаалах ерөндөг тавиулсан эмэгтэйчүүд тампон хэрэглэхээс болж өгвөл зайлсхийх хэрэгтэй. Тампоныг маш гүн хийсэн тохиолдолд ерөндөгийн утаснаас давхар татаж, байрнаас нь хөдөлгөх тохиодол олон байдаг.

Өдөр тутмын ариун цэврийн хэрэглэл байнга хэрэглэх нь зөв үү? 
Өдөр тутмын хэрэглэлд сөрөг тал гэж байхгүй. Хувь хүний сонголтын асуудал.

Image result for women period tampon

Хүсээгүй жирэмслэлтээс хамгаалах эм, хэрэгсэл

Үрийн суваг боох талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч
Энэ мэсгүй ажилбарыг Азийн орнуудад амбулаторид их түгээмэл хийдэг ч Монголд хийдэггүй. Энэ ажилбарын дараа бэлгийн харилцаанд сөрөг нөлөөгүй ба бэлгийн чадавхид ч өөрчлөлт гарахгүй.

72 цагийн эмийг жилд хоёроос дээшгүй хэрэглэх ёстой гэдэг. Энэ үнэн үү? 

Үнэн. Яаралтай ууж жирэмснээс хамгаалах эм буюу 72 цагийн эм нь маш өндөр дозтой прогестрон агуулсан байдаг учраас жилд 2-оос олон удаа хэрэглэж болохгүй. Эс тэгвээс, өндгөвчний үйл ажиллааны алдагдалд хүргэдэг. Хамгаалалтгүй бэлгийн хавьталд орсон, бэлгэвч гэмтсэн, жирэмснээс хамгаалах эмээ уухаа мартсан, гэр бүл төлөвлөлтөнд хүүхэд төлөвлөөгүй байх үед хамгаалалтгүй бэлгийн хавьталд орсон гэх мэт аргагүй тохиолдолд л энэ эмийг хэрэглээрэй.

Image result for women period

Өмнө нь хүний бүрт жирэмснээс хамгаалах эмүүд өөр өөрөөр нөлөөлдөг гэсэн шүү дээ. Тэгвэл өөртөө тохирсон жирэмслэлтээс хамгаалах эм, хэрэгслийг хэрхэн олох вэ? 

Мэргэжлийн эмчид хандах хэрэгтэй. Манай эмнэлэг нөхөн үржихүйн зөвлөгөөг үнэгүй өгдөг. Тухайн эмчтэйгээ зөвлөөд ууж болох заалт, ууж болохгүй эсрэг заалтыг уншсаны дараа л эмээ сонгоно. Эмчдээ ямар нэгэн архаг хууч, өвддөг эрхтэн, зовиур байвал бүгдийг нь хэлэх хэрэгтэй. Тамхи татдаг, даралт өндөртэй, өндгөвч өвддөг гэх мэт эрүүл мэнд, биеийнхээ шалтгаанаас болж бүсгүйчүүд бүгд өөр өөр эмийг сонгоно. Тийм учраас аптекаар жоргүй олгогддог байлаа гээд дураараа ууж болно гэсэн үг биш.

Image result for pregnant private drug

Спиралийн төрөл гэж бий юу? Элдэв гаж нөлөөгүй, таргалуулахгүй спиралыг хэрхэн сонгох вэ? 

Спирал буюу ерөндөг нь жирэмснээс урт хугацаагаар хамгаалах аргад ордог бөгөөд дотроо маш олон төрөлтэй. Монголд гармонтой, Т ерөндөг буюу цэстэй гэсэн хоёр төрлийн ерөндөг албан ёсоор борлуулагдаж байгаа. Мөн охидын ерөндөг гэж бий. Т ерөндөг нь хүүхэд төрүүлсэн эмэгтэйчүүдэд илүү тохиромжтой. Охидын ерөндөгийг залуу охид бүсгүйчүүд, төрөөгүй болон кисерво хагалгаагаар төрсөн эмэгтэйчүүдэд зориулсан. Ганификс буюу булчинд суулгадаг ерөндөгийг сарын тэмдэг их хэмжээгээр ирдэг болон ерөндөг нь унаад байдаг бүсгүйчүүдэд тавьдаг. Умайн хүзүүний улайлттай, үтрээний үрэвсэлтэй эмэгтэйчүүд эмчилгээ хийлгэсний дараа ерөндөг тавиулах хэрэгтэй. Ер нь хүсээгүй жирэмслэлтээс хамгаалах аргууд төрөл бүрээр маш олон болсоор байгаа учраас эмчид үзүүлсний дараа өөрт тохирсон зөв аргаа сонгохочихвол сайн. Сонголтоо хийхдээ давуу болон сул талын талаар ойлголттой болохын тулд эмчээсээ сайтар лавлаж асуу. Эмч бол туслах, чиглүүлэх үүрэгтэй болохоос биш тэр аргыг л хэрэглэ. Энэ аргыг л сонго гэж хэлэх эрхгүй.

Image result for spiral pregnancy

Спиралаа авхуулснаас хойш хэдий хугацааны дараа хүүхэдтэй болж болох вэ? 

1 сар орчмын дараа жирэмсэлбэл илүү тохиромжтой. Спирал умайд байгаа гадны биет учраас умайн орчныг эрүүлжүүлэх бага зэргийн эмчилгээ хийлгэчих хэрэгтэй юм.

Жирэмслэлт

Жирэмсэн болсон эсэхээ хэд хоногийн дараа баталгаатай мэдэх боломжтой байдаг вэ? 

Хүлээж буй сарын тэмдгийн өдрөө өнгөрөөд л шууд мэдэх боломжтой. Marie Stopes эмнэлэгт хамгийн эрт үед мэдэх боломжтой тест бий. Тэр тестээр үзвэл эрт мэдэж болно гэсэн үг.

Жирэмсэн болохын өмнө ямар ямар эмчилгээг хийлгэсэн байх шаардлагатай вэ? 

Гэр бүлээ төлөвлөсний дараа хүүхэд төрүүлэх үе нь болсон бол зөвхөн эхнэр нь биш нөхөр нь ч гэсэн эрүүл мэндэдээ анхаарах хэрэгтэй. Эрүүл мэндэдээ анхаарч, архи тамхи хэрэглэхээс татгалзах, зөв хооллож, Фолийн хүчил уух, хангалттай унтаж амрах, хортой нөхцлөөс хол байх гэх мэт. Хэзээ хүүхэдтэй болохоо төлөвлөчихсөн бол хамгийн багадаа 3 сарын өмнөөс эхлээд бэлдвэл сайн. Манай Marie Stopes-ийн вэбсайт дээр хэдийд жирэмслэх, хэдийд төрөхийг тооцох боломжтой тооцоолуур хэсэг ашиглалтанд орох гэж байгаа. Тэндээс харах бүрэн боломжтой. www.mariestopes.org.mn

Image result for pregnant

3 жилийн дотор буюу ойрхон жирэмслэхийн сул тал юу вэ? 

Манай нэг уриа бий. Хэт олон биш, хэр эрт биш, хэт орой биш, хэт ойр биш. Энэ нь эх хүүхдийн эрүүл мэнд, ирээдүйн өсөлт бойжилтонд сөрөг нөлөөтэй учраас гэр бүл төлөвлөлтийг маш сайн хийж, төрөлтөө зохицуулах нь чухал. Хүүхдээ тээж төрүүлэх эрүүл мэндийн асуудал, гэр бүлийн санхүү, цаг заваа сайн тааруулж чадвал хэн хэндээ сайн талтай.

Төрсний дараа хэзээнээс жирэмснээс хамгаалах арга хэмжээ авч эхлэх вэ? 

Хүүхдээ дан хөхөөр хооллож байгаа тохиолдолд эхний 6 сард жирэмслэхгүй байх магадлал байдаг. Энэ аргад олон бүсгүйчүүд итгэдэг. Гэхдээ энэ бол хүн бүрт адилгүй. Өөрөөр хэлбэл жирэмсэн болох боломж байсаар байна гэсэн үг. Суулгац тавиулах, гормоны эмчилгээ хийлгэх аргуудыг хүүхэд 6 сар хүрсний дараа л хэрэглэж болно. Хөхүүл эхчүүд гормоны эм огт хэрэглэж болохгүй. Харин хөхүүл биш бол 6 долоо хоногийн дараа жирэмснээс хамгаалах аргуудыг хэрэглэж болно. Хэрвээ үр хөндүүлсэн болон зулбасан бол шууд жирэмснээс хамгаалах аргуудыг хэрэглэхэд асуудалгүй.

Image result for new mom

Эрүүл мэнд

Эмэгтэйчүүдийн эмчид огт үзүүлж байгаагүй бүсгүйчүүд эхлээд ямар ямар шинжилгээ өгөх хэрэгтэй байдаг вэ? 

Огт үзүүлж байгаагүй хүмүүс их айдастай, стресстэй байдаг. Яаж үзэх бол, өвдөх болов уу, эмэгтэйчүүдийн орон дээр гарах нь яадаг юм бол, эмч загнах болов уу, би өвчтэй болчихсон юм болов уу, үзүүлэх нь зөв үү гэх мэт. Тийм учраас бид үзүүлж байгаа хүмүүсээсээ анх удаа ирж байгаа эсэхийг заавал тодруулдаг. Хэрвээ анх ирж байгаа бол сэтгэл санааг нь тайвшруулах нь эмч, эмнэлгийн ажилчдын үүрэг. Нэг тийм хөгжилтэй явдал болж байсан түүхтэй. Анх үзүүлж байгаа бүсгүйг орон дээр гар гээд эмч нь хэлчихээд үзлэгийн багажаа аваад ирэхэд нь бүсгүй орон дээр нь гараад зогсчихсон байсан гэдэг. Энэ мэт мэдэхгүй зүйл гарах учраас эмчдээ анх удаа үзүүлж байгаа гэдгээ тодруулж хэлэх хэрэгтэй. 

Улсын эмнэлэгт үзүүлэх гэж байгаа бол даатгалын дэвтэртэй, хувийн эмнэлэгт бол бичиг баримтгүй ирсэн ч болно. Мөн өөрийгөө болон эмнэлгийн ажилчдыг хүндэтгээд ариун цэвэртээ анхаараад ирвэл сайн. 

Эхний удаад бол эмэгтэйчүүдийн үзлэг хийлгээд, толь тавиулна. Толь тавиулснаар умайн хүзүү, үтрээг үзүүлнэ. Мөн хүсвэл нэгэнт толь тавиулсан байх үедээ мазок, хламид шинжилгээг өгч, умайн хүзүүний дуранд харуулж болно. Төрсөн болон төрөөгүй эмэгтэйчүүд өөр өөр хэмжээтэй толь хэрэглэнэ. Нэг удаагийн толийг шинээр задалж хэрэглэж байгаа эсэхийг үйлчлүүлэгч хянах эрхтэй. Эмчийн дотуур үзлэгт орсноор бага аарцгийн хөндий, үтрээний орчин, умай, дайвруудыг үзэж ямар нэгэн эмгэг, өөрчлөлт байгаа эсэхийг үзүүлнэ.

Image result for woman health problem

Гэр бүлээрээ өгч болох багц шинжилгээ гэж байдаг уу? Ямар ямар зүйл багтдаг вэ? 

Манай эмнэлэгт багцын шинжилгээ гэж байдаг. Цаг заваа зориулаад ирэхдээ нэг л удаагийн шинжилгээ өгөөд хэд хэдэн өвчин эмгэгийг тодорхойлж болох учраас энэ багцын шинжилгээ илүү ач холбогдолтой. Багц шинжилгээнүүд хөнгөлөлттэй байдаг учраас эдийн засгийн хувьд ч гэсэн хэмнэлттэй. Эмэгтэйчүүдийн үзлэг хийлгээд, толь тавиад, мазок, БЗХӨ болон эсийн шинжилгээ авах гэх мэт аль болох олон шинжилгээг нэг дор өгчихвөл эмчид ч, үйлчлүүлэгчдэд ч тустай. Одоогоор Marie Stopes-д 6 төрлийн багц шинжилгээ хийгдэж байна. Энэ багц шинжилгээнүүдийг эрэгтэй, эмэгтэй аль аль нь өгөх боломжтой. Мөн нөхөн үржихүйн зөвлөгөөг үнэгүй авч болно.

Мөөгөнцөрийг бүрэн эмчлэх арга бий юу? Эмчид үзүүлэх бүр мөөгөнцөр байна гэх юм. Нэг эм лаа бичиж өгнө, хэрэглээд дууссаны дараа үзүүлэхээр ахиад л мөөгөнцөр байна гэдэг. 

Мөөгөнцөрийг бүрэн эмчлэхийн тулд цаг хугацаа, мөнгө санхүү багагүй шаардлагатай. Хэдийгээр эмчилгээ хийлгээд эдгээсэн ч үүсгэдэг хүчин зүйлийг хэрэглэсээр байвал байсаар л байх болно. Замбараагүй антибиотикийн хэрэглээ, жирэмснээс хамгаалах эмийг маш удаан хугацаагаар хэрэглэх, дархлаа сулрах, үтрээний орчин өөрчлөгдөх зэрэг асуудлаас зайлсхийж байвал нэг ёсондоо Мөөгөнцрөөс өөрийгөө хамгаалж байна гэсэн үг.

Related image

Эмэгтэйчүүдийн ариун цэврийн саван байнга хэрэглэх нь зөв үү? 

Гадна бэлэг эрхтнийг угаахдаа бага зэрэг хэрэглэж болно. Харин тодорхой хэмжээний химийн найрлагатай энэ бүтээгдэхүүнээр зарим эмэгтэйчүүд үтрээгээ угаагаад байдаг. Энэ бол маш буруу. Үтрээ өөрөө хэвийн хэмжээний, байх ёстой орчинтой бөгөөд тэр нь гаднаас орж ирсэн нянг устгах чадвартай. Гэтэл бүсгүйчүүд маань тэр орчинг савангаар угаагаад байхгүй болгочихдог. Ингээд хэвийн орчин нь алдагдчихсан үтрээнд бактер орж, устахгүй үлдсэнээс үтрээг өвчлүүлж, үрэвсэл болон мөөгөнцөр үүсэх нөхцлийг бүрдүүлдэг. Ерөнхийдөө дан цэвэр усаар угаах нь л сайн.

Хөхний толгой дундуураа хуваагдсан мэт зураастай байх нь зүгээр үү? 

Үзлэг хийнэ. Хэвийн хөхний толгой тийм байхгүй. Гэхдээ хөхний толгой бага зэргийн үрчгэр байдаг. Үүнийг хуваагдсан мэт зураастай гэж андуурсан байж болох юм.

Image result for woman boobs problem

БЗХӨ-ний анхны шинж тэмдэг хэд хоногийн дараа илэрдэг вэ? 

БЗХӨ-ний нууц хугацаа гэж байдаг. Гараа эсгэнгүүт шууд цус гардаг шиг ил мэдэгдэхгүй гэсэн үг. Өвчин бүр өөр өөр учраас тийм ийм гэж хэлэх боломжгүй. Заг хүйтэн 2-5 хоногт илэрдэг бол тэмбүү 3 сарын нууц хугацааны дараа илэрдэг. Мазокын шинжилгээгээр ихэнх өвчнийг илрүүлэх боломжтой. Заг хүйтэн, трихиминад, бактерын гаралтай үтрээний үрэвсэл, мөөгөнцөр гэх мэтийг илрүүлдэг. Харин ДОХ, тэмбүү зэрэг өвчнийг цуснаас авсан шинжилгээгээр л илрүүлэх боломжтой.

Аман секс амны хөндийн эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй юу? 

Аман сексийг хийхдээ ямар ч тохиолдолд эрүүл ахуйг сайн анхаарах хэрэгтэй. Мөн амны салст, амны хөндий эрүүл байх нь чухал. БЗХӨ-ний халдвар ч гэсэн аман сексээр халдах боломжтой учраас тухайн хүний эрүүл мэндийн талаар бүрэн мэдээлэлтэй болсны дараа хийвэл дээр.

Байнгын суугаа ажил болон өндөр өсгийтэй гутал эмэгтэйчүүдийн эрүүл мэндэд шууд таагүйгээр нөлөөлөх үү? 

Шууд нөлөөлөхгүй. Харин дам байдлаар нөлөөлдөг. Хөдөлгөөний дутагдалтай хүмүүс таргалах тохиолдол их бий. Таргалснаас болоод сарын тэмдэг алдагдах, бага аарцагны хөндийн венийн зогсонгишил үүсэх, архаг үрэвсэл даамжрах гэх мэт. Ер нь хөдөлгөөний дутагдлаас болоод зөвхөн эмэгтэйчүүд гэлтгүй бүх эрхтэн систем өвчилдөг учраас аль болох хөдөлгөөнтэй байхад анхаарах хэрэгтэй. Байнгын өндөр өсгийтэй гутал өмсөх нь аарцаг, нуруу, хөлөнд сөргөөр нөлөөлдөг. Гэхдээ тасралтгүй, тогтмол өмсдөг тохиолдолд шүү дээ. Мөн ерөндөг тавиулсны дараа өсгийтэй гутал түр хугацаанд өмсөхгүй.

Image result for office women health problem

Сүүлийн үед зулбалт ихсэж байгаагийн шалтгаан юутай холбоотой вэ? Зулбахгүйн тулд ямар арга хэмжээ авах вэ? 

Маш олон шалтгаантай. Бие организмын эрүүл бус байдал, эрхтэн системийн дутмаг хөгжил, гадаад орчны нөлөө, үр хөндөлт хийлгэж байсан, бага аарцгийн хөндий, умайн үрэвсэлтэй байх, механик шалтгаан буюу гэмтэх гэх мэт. Мөн олон дахин зулбаад байвал зуршсан зулбаа болдог. Зуршсан зулбаатай бол эмчид үзүүлж, оношлуулж, эмчилгээ хийлгэх шаардлагатай. Ийм асуудалтай нүүр тулахгүйн тулд л гэр бүлээ төлөвлөж, хүүхэд төрүүлэх үеэ тодорхой болгосны дараа бүрэн шинжилгээнд хамрагдаж, шаардлагатай эмчилгээнд орж биеэ бэлдвэл зулбах гэдэг зүйл тохиолдохгүй.

Юунаас болж улайлт үүсдэг юм бол? 

Умайн хүзүүний улайлт нь механик гаралтай, гормоны гаралтай, халдварын гаралтай гэх мэт олон шалтгаантай байдаг. Ихэнх тохиолдолд үрэвслийн гаралтай байдаг. Энэ улайлт нь умайн хүзүүний хорт хавдарын урьтал өвчинд ордог учраас нэн даруй эмчлүүлэх шаардлагатай. Улайлтыг оношлохын тулд умайн хүзүүний эсийн шинжилгээ хийлгэдэг. Урьдчилан сэргийлэх скрийнинг гээд шинжилгээг өрхийн эмнэлэг дээр очоод үнэгүй хийлгэж болно. Эсийн шинжилгээ өгөөд хариу хэвийн гарвал дараагийн удаа 3 жилийн дараа шинжилгээ өгдөг.
 
Эх сурвалж: Гоолингоо


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна