Сонгогчдын саналын дүн мэдээг СЕХ-ны байран дахь дэлгэцээр шууд дамжуулна

2017/06/25
Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгчийг сонгох сонгуулийн бэлтгэл ажлын талаар Сонгуулийн Ерөнхий хорооноос өнөөдөр мэдээлэл хийж,  Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуулийн бэлтгэл ажил бүрэн хангагдсаныг мэдэгдэв.

Энэ үеэр СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн, “Энэ удаагийн сонгогчдын нэрсийн жагсаалтад нийт 1.978.298 иргэн бүртгэгдсэн байна.  Үүнээс 44724 нь түр хасах тэмдэглэгээтэй. Энэ нь шоронд хоригдож байгаа болон саатуулагдсан, гадаадад 60 хоногоос дээш хугацаагаар зорчсон иргэд юм. Саатуулагдсан иргэдээс зөөврийн хайрцгаар санал авна.

Иргэд маргааш 1983 сонгуулийн санал өгөх байрт харьяаллынхаа дагуу очин саналаа өгнө. Сонгуулийн үйл явцыг ажиглахаар гадаадын 30 ажиглагч ирсэн. Мөн олон улсын бусад байгууллагын ажиглагчид, улс төрийн намуудаас 17 мянган ажиглагч сонгуулийн үйл явцыг ажиглана” хэмээн мэдээлэв.

Түүнчлэн энэ удаагийн  сонгуулиар  нийт 25 мянган төрийн албан хаагч ажиллах бөгөөд 1983 санал авах байрыг байгуулж, тэдгээрт тоног төхөөрөмж, саналын хуудас бүгд хүргэгдсэн байна.  Санал авах ажиллагаа гурван шаттай үргэлжлэх аж. Нэгдүгээрт,  Хилийн чанадад байгаа 4816 иргэн саналаа өгсөн. Хоёрдугаарт, Зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал авах ажиллагаа өнөөдөр /2017.06.25/ 09-20 цагийн хооронд болно. Нийт 28.035 хүн зөөврийн хайрцгаар саналаа өгөхөөр урьдчилан мэдүүлжээ. Гуравдугаарт, маргааш /2017.06.26/ нийт сонгогчдын дунд санал авах ажиллагаа өрнөх юм байна.

Нийт сонгогчдын саналын дүн мэдээг маргааш 22.00 цагаас хойш СЕХ-ны байран дахь дэлгэцээр шууд дамжуулан үзүүлэх ба ирцийн мэдээллийн тухайд  12.00, 17.00, 22.00 цагт СЕХ салбар хороодоос авах буюу хэвлэлийнхэнд нэг цагийн дараа танилцуулахаар төлөвлөж байгаа тухай мэдээлэл өглөө.

Х.Онон


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна