Ансел Элгорт Жон Кеннедийн дүрээр

2017/07/01
Зохиолч Жон Грийний бүтээл ''Бидний оддын алдаа'' нэрт кинонд тоглож олны танил болсон жүжигчин Ансел Элгорт Дэлхийн хоёрдугаар дайны үед тэнгисийн цэрэгт алба хашиж байсан Жон Кеннедийн амьдралын тухай өгүүлэх ''Mayday 109'' кинонд Жон Кеннедийн дүрд тоглохоор болжээ.

Өмнөд Номхон далайн тэнгисийн цэрэгт Жон Кеннедийг алба хашиж байхад Японы цэргүүд түүний удирдаж байсан онгоцыг бөмбөгдөж, PT 109 хөлөг дээр байсан хоёр хүн газар дээрээ нас барсан байна. Үлдсэн цэргүүд хөлгүй их усанд унаж, Кеннедди Харвард их сургуульд байхдаа усанд сэлэлтийн тамирчин байсан тулдаа эрэг хүртэл хязгааргүй мэт замыг туулж шархадсан цэргүүдийг аварчээ.

Кеннеди хожим Тэнгисийн болон Явган цэргийн Гавьяаны одон, ''Нил ягаан зүрх'' хэмээх эр зоригийн шагналыг хүртсэн байна. Тэрээр хожим хэлэхдээ ''Тэнд байсан цэргүүдэд бүгдэд нь гэр бүл, тэднийг хүлээж буй хүүхдүүд бий. Надад харин алдах зүйл байгаагүй. Би тэднийг аврахаас өөр яах билээ'' хэмээн өгүүлсэн байдаг.



Түүний амьдралын тухай өгүүлэх ''Mayday 109'' киноны зураг авалтыг Тюндер Роад компани Флинн Пикчюртэй хамтран хийх юм байна.
Тюндер Роадын үүсгэн байгуулагч Базил Иваник хэлэхдээ ''Ансел бол маш чадварлаг жүжигчин байгаад зогсохгүй Жон Кеннедийн залуу насны төрх, спортлог байдал, хүнийг татах увидсыг агуулсан хүн.

'Mayday 109'' бол намтарчилсан эсвэл улс төрийн байдаг л нэг уйтгартай кино биш. Энэ бол АНУ-ын 35- дах ерөнхийлөгчид тохиолдсон итгэмээргүй үйл явдлуудын  тухай өгүүлсэн гайхамшигтай кино. Түүний ерөнхийлөгч болохоосоо өмнө хэрхэн амьдарч, ямар баатарлаг үйлдлүүдийг хийж байсан тухай олон хүн мэдэхгүй. Ансел бол энэхүү гайхамшигт баатрыг энэ цагт амилуулж чадах цорын ганц жүжигчин''  гэсэн байна.



Одоогоор киноны бусад дүрүүдэд тоглох жүжигчид болон найруулагчын нэр нууц байгаа юм байна. 


С.Тэргэл


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна