П.Батхуяг: Хайртай яруу найргийг минь хүртэл хайр найргүй "намжуулсан"

2017/07/07
НОМХОН БАЙВАЛ НООЛОХОД АМАР... 

Номхон хүн эрдэмтэй, номыг нь сурахгүй бол номхоныг нь сур, номхон зан хүний чимэг гэсэн цөөнгүй цэцэн үг монгол хэлэнд бий. Эдгээр үгс цаанаа Монголчуудын ир омог, цог золбоог бууруулах далд үзлийн шинжтэй. Ширүүн догшин байх тийм сайн сайхан зан гэж би улайрахгүй. Хэзээнээсээ бид тийм ширүүн дориун үндэстэн биш. Гэтэл дээрх үгсээр биднийг ямар болгох, ямар байлгах гэж санаархсаныг ойлгоход төвөггүй. Мэдээж энэ бүхэнд үгс буруугүй ч хэлээр дамжуулан засаглах гэсэн арга юм. Үнэндээ бараг 500 жилийн өмнөөс номхон болгох туршилтыг бидэн дээр хэрэглэв. Үр дүнд нь үндэсний цог золбоо мөхөв. Тэмцэгч чанар минь бүдгэрч, эрх чөлөөний өндөр мэдрэмжтэй нүүдэлчид энгийн номхон байх сурталд автсан юм. 

Гэнэт л ХХ зууны эхэнд зовлон номхон хоёр тулгарсан он жилүүд. Дахиад л сэрж сэргэж эхэлсэн, номхон байхаас дургүйцэж эхэлсэн биднийг өөр зүгийн номхон байх үзэл суртлаар хүмүүжүүлж эхэлсэн юм. Бас л харь орны хувь нэмэр, гар оролцоо. Ингээд бүхэл бүтэн 70 жил номхорсон билээ. Жинхэнэ коммунист хэвэнд цутгасан хэрэг. Нэг их сайхан инээсэн малигар, мэлгэр "номхон" царайтууд сэхээтнүүдийн өмсдөг каракул захтай саарал пальто шиг ижилсэж байлаа. 

Азаар тэр номхон цагийг сөрсөн 1990-өөд он ирэв. Одоогийн номхон малигар мэлгэрүүд хаврын хайрууд гудманд жагсаж, өлсгөлөнд оролцож, тэмцэлд нэгдсэнгүй. Саарал пальтоныхоо захыг босгоод гудамжны үзүүрт зогсож бүгдийг сэмхэн харж зогссон биз. Үгүй бол албан тушаалын зах зухаас атгаад албан тасалгааныхаа цонхоор харж зогссон байж таарна. Учир нь тэднийг өмнөх жилүүдэд хангалттай номхоноор угаачихсан байлаа. 

Харин "номхон" байхыг хүсээгүй "ах нар" тоосго шиг ижил хэвэнд амьдрахыг хүссэнгүй. Би одоо ч тэр ах нарт итгэдэг. Алдаа оноо бий л биз. Амьдрал өөрөө тийм юм. Харин тэд номхон байхыг эсэргүүцсэн. Гэхдээ төрд хэрэгтэй довчин зайран биш өөрсдийнхөө толгойг өөрсдөө мэддэг байхыг хүссэн юм. Зөвхөн энэ л итгэл сэтгэлээр би АРДЧИЛАЛЫН талд хэзээд зогсдог. 

Хэтэрхий олон "номхон" дундчуул гэнэт хаанаас гараад ирсэнд гайхах хэрэггүй. Ердөө итгэл үнэмшил, зан төрхийг нь номхруулан "угаах" гэсэн харь санаа одоо үндэсний технологиор, үндэсний онцлогтой хөгжиж байна. Тэрхүү онцлог гээч нь талх эсгэж, торго нэхэж, тоосго цохиж, үйл бүтээж, үйлдвэр байгуулахгүй. Зөвхөн ширээний ард суугаад л шийдвэр гаргаж, ойгүй баяжиж, тоогүй хөрөнгөжнө. Алдаж онохын гадуур амьдарсан мэт харагдахыг туйлаас хүснэ. Амгалан төрх, номхон царайгаараа олон ч жил дүр хийж дээшээ мацав. Одоо болжээ. Хангалттай. 

Эгдүүцэх зүйл бидний бүтээсэн ертөнцөд дэндүү олон. Тэр бүхэнд сэтгэл ээдэрвэл яахан энэ бундан зүрх тэсэх билээ. Гэвч аргагүй зарим зүйлд энэ муу зүрх тэсэхүйеэ бэрх шанална. Саяхан Чехийн найруулагчийн хийсэн Хойд Солонгосын нэгэн залуу гэр бүлийн тухай кино үзэж суулаа. Бүгдийг урьдаас зохион байгуулж байгаа нь хачин инээдтэй санагдаж байв. Гэтэл бидний номхон амьдралыг тэд номхон царайлагчид урьдаас зохион байгуулж байгааг мэдээд бухимдах сэтгэл бузгай төрөв. Ард түмэн бол цагаан цаас. Түүн дээр юу сараачиж болно хэмээн урд зүгийн хувьсгаалч нөхөр Мао хэлсэн гэдэг. Манай номхончуул нүүр арьс хоёрынхоо цаана биднийгээ ингэж үздэг болохыг мэдээд хэлэх үг барагдаж, хэлээ хазахад хүрэв. Өөрт хамаатуулж ойлгох өөр зүйл ч байна. 

Хэвлэмэл хуудас шиг ижилхэн сэтгэхийг хүснэ. Тэдний л үг заавраар явбал болох юм гэнэ. Хайртай яруу найргийг минь хүртэл хайр найргүй "намжуулсан". Индэрийн болгож, элдэв арга мэхээ хэрэглэж, яруу найрагчдыг биш ямба горилогчдыг төрүүлж байна. Яруу сайхны урлаг биш уран илтгэгчийн уриа лоозон болох юм гэнэ. Гол зурсан ийм л бодол гал цогтой үг хэлэхэд хүргэв. 

Тэгээд өөрсөд шигээ баахан "номхон" сайхан дүр хувилан тараах нүгэлт үйлээ хэрэгжүүлж эхэлсэн нь өнөө цагт улам тодорхой болов. Тиймээс л номхон тэмээ шиг ноолуулаад эх орноо, эрх чөлөөгөө алдмааргүй байна. Ноцож тэмц гэж бурууд уриалахгүй, хурайлахгүй. Ардчилсан шударга замаар л номхон болгох, ноомой байлгах эртний аргын эсрэг, одоо босох биш бодох цаг болжээ. 

Номхончуулын сонгодог дүрүүдийг би хэзээ ч дэмжихгүй. Гүйцээ.

ГАРЦААГҮЙ ПҮРЭВХҮҮГИЙН БАТХУЯГ
2017-07-06 ДУНДГОВЬ, МАНДАЛГОВЬ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна