Ц.Нямдорж: Үндсэн хуулийн цэцийн шийдвэр зөв. Гэмт хэрэг хийхгүй байхад л болоо шүү дээ

2017/12/21
УИХ-ын гишүүн зөвхөн гэмт хэрэг үйлдэж байхдаа буюу хэргийн газарт нотлох баримттайгаар баривчлагдсан тохиолдолд бүрэн эрхийг нь түдгэлзүүлнэ гэсэн хуулийн заалтыг Үндсэн хуулийн цэцээс хүчингүй болгов. Хууль, шүүхийн өмнө иргэн бүр тэгш эрхтэй байна гэсэн Үндсэн хуулийн заалтыг үндэслэн цэцийн гишүүд шийдвэрээ гаргасан билээ. Ингэснээр авлига, хээл хахуулийн хэрэгт холбогдсон, хууль зөрчсөн УИХ-ын гишүүдэд хариуцлага тооцох боломж бүрдэв. Өмнө нь УИХ-ын зарим гишүүд халдашгүй байдлаа ашиглан хууль, хяналтын байгууллагын үйл ажиллагаанд хүндрэл учруулж, мэдүүлэг, байцаалт өгөлгүй хүнд суртал гаргах явдал гардаг байсан. Үүнээс шалтгаалж аливаа хэргийг шалгах үйл явц удааширдаг байсныг цэцийн шийдвэрээр үгүй болгосон юм. Тэгвэл Үндсэн хуулийн цэцээс гаргасан шийдвэрийн талаар УИХ-ын гишүүдийн байр суурийг сонслоо. 

УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж "Цэцийн дүгнэлт над дээр ирээгүй байна. Гэхдээ би судалж үзсэн. Гишүүдэд хуулийн хамгаалалт хэрэггүй гэх шийдвэр гарсан байна. Өмнө нь ийм шийдвэрийг гаргаж байсан. Үндсэн хуулийн цэцийн шийдвэр зөв.  Гэмт хэрэг хийхгүй байхад л болоо шүү дээ" 

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ "Аль ч улсад УИХ-ын гишүүн, парламентийн гишүүн хуулийн хамгаалалтан дор байдаг. Ингэж байж хэнээс ч хамааралтай биш, хуулийнхнаас ангид байдаг гэж үздэг. Гэтэл манай улсад харамсалтай нь УИХ-ын гишүүд маань ёсзүйтэй байж чадахгүй, чуулганыхаа ирцийг бүрдүүлж чадахгүй байдалтай байна. Тиймээс олон нийт УИХ-ын гишүүдэд хамгаалалт хэрэггүй гэсэн ойлголттой болсон. Үндсэн хуулийн 29 дүгээр зүйлд УИХ-ын гишүүний халдашгүй дархан эрхийг хуулиар хамгаална гэж заасан байгаа. Монгол Улсын Их хурлын тухай хуулийн 6 дугаар зүйлд Үндсэн хуулийн гишүүний бүрэн эрхтэй холбоотой заалт зохицуулагддаг. Энэ нь гэмт хэрэг үйлдэж байхад нь буюу хэргийн газарт нотлох баримттайгаар баривчилсан гэсэн заалт. Тэгэхээр өчигдөр Цэцээс дахин сэргээгээд хүчингүй болгосон байна. Цэцийн шийдвэр бол эцсийн шийдвэр. Тэгэхээр парламентийн гишүүд бүрэн эрхгүй болсон гэсэн үг. Одоо Төрийн байгуулалтын байнгын хороонд ажлын хэсэг, эсвэл УИХ-ын даргын захирамжаар ажлын хэсэг гараад Үндсэн хуулийн 29 дүгээр зүйлд УИХ-ын гишүүний халдашгүй байдлыг хуулиар хамгаалах гэсэн заалтад ямар заалтууд байх юм гэдгийг дахин ярилцах эрхзүйн нөхцөл байдал үүссэн гэсэн үг.  Чухал чухал заалтуудаа нэмэх боломжтой. Жишээ нь, хавар намрын чуулганд 50 хувиас дээш ирцгүй, чуулгандаа орохгүй байгаа гишүүнийг эргүүлэн татах заалтыг нэмэх боломжтой." 

УИХ-ын гишүүн Н.Учрал "Цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаа. Цэцийн шийдвэр эцсийн шийдвэр. УИХ хүлээн авсан аваагүй. Энэ шийдвэр хэрэгжээд явна. Ер нь гэмт хэрэг хийсэн бол шалгуулах хэрэгтэй. Гэхдээ энэ хуулийн заалтын ард нуугдаад явж байгаа тохиолдлыг мэдэхгүй байна.  Энэ заалт бол халдашгүй байдлыг нь үгүй хийсэн асуудал биш. Зөвхөн гэмт хэрэгт холбогдсон бол шалгаад явах асуудлыг ярьж байгаа болохоор халдашгүй дархан байдал нь хэвээрээ байгаа" 

УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн "Үндсэн хуулийн цэц УИХ-ын гишүүний халдашгүй байдлыг хөндсөн асуудлыг шийдсэн байна лээ. УИХ-ын гишүүн яагаад дархан эрхтэй байдаг вэ гэхээр ард түмний төлөөлөл байхгүй юу. Ард түмний төлөөлөл учраас тэр хүнд ямар нэгэн дарамт ирж болзошгүй. УИХ-ын гишүүдэд дарамт үзүүлсэн асуудал мэр сэр гарч ирсэн. Тийм учраас Үндсэн хуульд УИХ-ын гишүүн халдашгүй байна гэж заасан. Үндсэн хуулийн цэцийн гишүүд бас халдашгүй эрхтэй байдаг. Тэдэн дунд гэмт хэрэгт удаа дараа холбогдсон хүмүүс бий. Тухайлбал Д.Сугар байна. Адилхан байх ёстой шүү дээ. Д.Сугар Үндсэн хуулийн дагуу бусадтай адилхан эрх эдлээд тэндээс явах ёстой. Тэгсэн тохиолдолд хууль ёсны шийдвэр шиг харагдана. Ард түмний төлөөллийн халдашгүй байдлыг байхгүй болгоод өөрсдийнхөө халдашгүй байдлыг авч үлдэж байгаа нь зохисгүй хэрэг. Хөөрөгний наймаачин, гэмт хэрэгт холбогдсон этгээд тэнд суугаад ийм шийдвэр гаргаж байгаад харамсаж байна" гэлээ. 

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна