Тарган туранхайн талаар тав гурван үг

2018/01/04
(Таван жилийн өмнө “тарган туранхайн” тухай бичиж байсан, одоо хүртэл байдал өөрчлөгдөөгүй л байдаг юм байна, уг нь юманд дэвшил гэж байдагсан)

Ажаад байх нь ээ, баяр болгоны дараа монголчууд бид тарган туранхайн тухай ярьцгаах юм даа, зайлуул гэж.

Социализмын үед (социализмын үе гэдэг маань 1970 наяад оныг хэлж байгаа юм шүү дээ) бид нар Москва яваад л, юм үзэж нүд тайлаад л, бас, тарган оросуудыг хараад “энэ оросууд хар талх их иддэг болохоор ийм тарган байгаа юм, бас, шарсан төмс их идэхээр ийм болдог, аая яа яаа” гээд л, магтаад ч байгаа юм уу, муулаад ч байгаа юм уу, бүү мэд, толгой сэгсрээд л, ярьдаг байж билээ.

Монголдоо бол бид чинь хоосон хонохгүй, хоёр идэхгүй, Улаанбаатар хотод бол автобус олдохгүй, шогшоод л байна шүү дээ. Өдөртөө баруун 4 замаас зүүн 4 зам хүртэл юм уу, 4-р дэлгүүрээс Энхтайвны гүүр хүртэл алхах бол энүүхэнд байлаа. Бага иддэг, их алхдаг учраас туранхай, гоолиг гэж жигтэйхэн байсан, өмд шувтарч уначих гээд л, зүгээр. Тарган хүнийг хараад л, буяны тарга гээд л, атаархлын харцаар харна.

Монгол улс ардчилсан улс боллоо. Эх орон ард түмнийхээ ач ивээлээр Япон улсыг зорилоо. Японы телевизээр эмч ярьж байна аа. Гэдэс нь цүдийгээд таргалчихсан нөхрийг заагаад “энэ хүн метаболик синдром гэдэг өвчин тусчээ” гээд л ярьж байна. Би өөрийгөө харлаа, миний гэдэс тэр өвчтэй хүнээс дутах юм алга аа (гэхдээ би Монголдоо бол гэдэс багатай, гоолигтоо тооцогдоно шүү дээд). Гадагшаа гарлаа. Японы хөгжлийг гайхан шагширч явах зуураа япончуудын гэдсийг ажиглан харав. Тэр хавьд би л ганцаараа метаболик синдромтой болж таарав. Япончууд алхацгааж байна аа, бүр гүйхээрээ, бидний нөгөө баруун 4 замаас зүүн 4 зам хүрдэг шиг л. Япон найз маань намайг өрөвдөнгүй харцаар харж байна. Би түүнд “Монголдоо бол харин би гайгүй нь” гэж хэлэх гээд чадсангүй. Одоо бол бид нар оросуудаасаа дутахгүй бүдүүн болцгоож дээ, хөөрхийс. Харин оросууд өөр болж байна лээ, өнгөрсөн жил Москвад очсон. Зарим нэг фб найз нар санаж л байгаа байх, “Москвачууд ба тарган Монголчууд” гээд л пост бичиж байсан.

Хүн юм хойно, турна энэ тэр гээд, тэмцэж байна аа. Бүр овоо. Турж байна, гээч. Өвөл боллоо. Хүйтэрлээ. Уламжлалаараа бол монгол хүн хүйтэнд адууны мах иддэг л гэнэ. Адууны мах дотроос халаагаад илчлэг, энэ тэр гээд л адууны махыг цохиж өгч байна аа. “Энэ өөхийг нь хараач ээ, ерөөсөө л чөмөг, амттай гэдэг нь” гээд л. Махыг бол идэж байгаад үхнээ л, гэнэ. Бас барьцамтгай зангаараа “энэ хятадууд тостой юм идээд л байна, таргалсан нь хаа байна” гээд л өөрийгөө зөвтгөөд. Нэг харсан чинь нөгөө турж байсан хүн чинь буцаад ... За за, яахав, одоо цагаан сар ойртлоо, цагаан сараар л нэг сайн идэж аваад, дараа нь “турах тэмцлээ” үргэлжлүүлье. Гэх маягаар нэлээн хэдэн жилийг ардаа үдлээ.

Дандаа л шалтгааныг өөр газраас хайж байдаг Чингисийн монгол юм хойно би гэдэг хүн чинь “ердөө хар багаас авахуулаад идэр залуу насандаа дадаж зуршсан зүйл бол засралыг үл олох юм байна, шинэ орчин, шинэ нийгэмд өсч торниж байгаа залуус та нар минь л хичээ” гээд, гуч дөчин настнуудаа харсан чинь, юу вэ, маниасаа бүдүүн болчихсон байдаг байна ш дээ. Энэнийг л би ойлгохгүй байгаам даа.

Айхтар тэвчээртэй, үлгэр жишээч, сэргэлэн олон монгол хүн байгаа хэдий ч бид нар эрүүл мэнддээ ерөнхийдөө иймэрхүү маягаар ханддагийг өөр дээрээ жишээ аван, олныг үл нуршин нуршив.

Гэхдээ би “турна л” гэж бодож байгаа шүү, та минь ээ.

Япон судлаач Д.Төмөрбаатар


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна