Дайны байдалд Ерөнхийлөгч хууль тогтоох эрхтэй гэх заалт Үндсэн хууль зөрчсөн гэж үзжээ

2018/01/31
Үндсэн хуулийн цэцийн өнөөдрийн Дунд суудлын хуралдаанаар Монгол Улсын батлан хамгаалах тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудлыг хянан хэлэлцэв.

Тус хуульд, Монгол Улсын Ерөнхийлөгч нь зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн хувьд  Үндсэн хуульд заасан бүрэн эрхээс гадна зарим  тодорхой бүрэн эрхийг хэрэгжүүлэхээр хуульчилжээ.

Тэдгээрийн дотор “дайн бүхий байдал, дайны байдал зарласан тохиолдолд Монгол Улсын зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн хэрэгжүүлэх бүрэн эрхийг хуулиар тогтоох” гэж заасан нь  “Монгол Улсын Их Хурал бол төрийн эрх барих дээд байгууллага мөн бөгөөд хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү Улсын Их Хуралд хадгална” гэсэн Үндсэн хуулийн заалтыг зөрчсөн  хэмээн нэр бүхий иргэн үзэн Цэцэд ханджээ. 

Цэцийн хуралдаанаар уг асуудлыг хянан хэлэлцээд,“Монгол Улсын батлан хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.5 дахь заалт нь Монгол Улсын Ерөнхийлөгч дайн бүхий байдал, дайны байдал зарласан үед Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийнхаа хувьд хэрэгжүүлэх өөрийн бүрэн эрхийн талаар хууль тогтоох эрхийг эдлэх агуулгыг илэрхийлж байна”.

Тодруулбал, хэл зүйн хувьд хууль тогтоогчийн хүсэл зоригоос өөрөөр ойлгогдохоор хуульчлагдсан нь хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү Улсын Их Хуралд хадгална гэсэн Үндсэн хуулийн заалтыг зөрчсөн гэж үзэхэд хүргэж байна” гэж Үндсэн хуулийн цэцийн хуралдаанаас дүгнэлээ гэж Цэцийн хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна