МАХН-ын XXI зууны II их чуулган энэ сарын 9,10-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Энэ удаагийн Их чуулганаар МАХН-ын дүрмийн өөрчлөлт, мөрийн хөтөлбөрийг их чуулганы нийт гишүүдээр хэлэлцүүлснээс гадна МАХН-аас боловсруулсан шинэ Дээд Үндсэн хуулийн төслийн тогтоолыг намын дүрмийн хүрээнд эцэслэн баталж, Монгол Улсын хөгжлийн гарц, БНМУ-ын Шинэ Дээд Үндсэн хууль сэдвийн хүрээнд Жаргалын найман хот хөтөлбөр, Дундаж давхарга, БНМУ-ын бүрэн эрхт байдал, БНМУ-ын хүний болон иргэний эрх, эрх чөлөө, үүрэг, баталгаа, БНМУ-ын төрийн байгуулал, БНМУ-ын засаг захиргааны удирдлага сэдвээр салбар илтгэлүүд тавигдсан юм.
Их чуулганы эхний өдөр төлөөлөгчдөд МАХН-ын дарга, Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр улс төрийн илтгэл тавьсан.
Улмаар МАХН-ын II Их чуулганаар намын даргыг сонгох санал хураалт 1044 төлөөлөгчийн дунд явагдаж МАХН-ын дарга, Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр хоёр дахь удаагаа улиран сонгогдсон юм.
Их чуулган өндөрлөсний дараа шинээр бүрэлдсэн МАХН-ын Бага чуулганы гишүүд хуралдаж намын Ерөнхий нарийн бичгийн дарга, намын дэд дарга нарыг сонгох сонгуульт ажлыг Бага чуулганы гишүүдийн дунд явуулсан бөгөөд МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар Б.Тулга шинээр сонгогдож, МАХН-ын дэд даргаар С.Ганбаатар, Ц.Оюунбаатар нар улиран сонгогдлоо.
Сэтгэгдэл бичигдээгүй байна