УИХ-ын гишүүн Д.Гантулгыг яллагдагчаар татаж, албадан баривчлахаар болжээ

Өчигдөр 09 цаг 58 минут
Хүчингийн хэрэгт нэр холбогдоод буй УИХ-ын гишүүн Д.Гантулгын үс, цуснаас дээж авч ШШҮХ-д ДНХ-гийн шинжилгээ хийхэд хэрэг үйлдэгдсэн газраас эд мөрийн баримт болгон хураан авсан зүйлээс олдсонтой таарсан гэх мэдээлэл цацагдсан. Тэгвэл Улсын Ерөнхий прокурорын газраас Д.Гантулгыг яллагдагчаар татаж, хэргийг шүүхэд шилжүүлэхээр болжээ.

Энэ талаар Нийслэлийн прокурорын газрын олон нийттэй харилцах ажил хариуцсан хяналтын прокурор Г.Бясман, “2017 оны зургадугаар сарын 12-ны өдөр иргэн Н нь бусдад хүчиндүүлсэн талаарх гомдолд Эрүүгийн хуулийн холбогдох зүйл хэсгээр хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэс мөрдөн шалгах ажиллагаа явуулж байсан.

Дээрх хэрэгтэй холбоотойгоор Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн холбогдох албан тушаалтан, шинжээч нар худал дүгнэлт гаргасан гэх асуудлаар Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн хэлтсээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн байдаг. Энэ хоёр хэргийн хувьд хоорондоо харилцан хамааралтай бөгөөд хоёр өөр газар мөрдөн шалгах ажиллагаа явуулж, шалгах нь хэргийг түргэн шуурхай шийдвэрлэхэд, сөргөөр нөлөөлж болзошгүй гэж үзэж Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн Ерөнхий газрын хамтарсан ажлын хэсгээр мөрдөн шалгах ажиллагаа явуулах тогтоол гарсан, энэ утгаараа Нийслэлийн прокурорын газрын хяналтан дор дээрх хэргүүдэд мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байна.

Хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтад тулгуурлан Улсын Их хурлын гишүүн Д.Гантулгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн холбогдох зүйл хэсгээр эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан байгаа, түүнд яллагдагчаар татсан тогтоолыг танилцуулахаар мөрдөгч болон прокуророос хэд хэдэн удаа дуудсан боловч эрхэм гишүүн орон нутаг, гадаадад ажилтай байгаа нэрийдлээр одоог хүртэл ирээгүй байна.

Ер нь Монгол Улсын иргэн, Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа гадаадын иргэн, харъяалалгүй хүн, Улсын их хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн хэн ч бай прокурорын дуудан ирүүлэх мэдэгдэх хуудсанд заасан хугацаанд ирэх үүрэгтэй бөгөөд ирээгүй тохиолдолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 12.3 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийдвэрээр албадан ирүүлэх ажиллагааг гүйцэтгэнэ. Мөн Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолтой танилцуулахаар дуудсан сэжигтэн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, мэдэгдэх хуудсыг хүлээн авахаас татгалзсан нь хуулийн дагуу баривчлах үндэслэлболдог. 

Улсын их хурлын гишүүн Д.Гантулгын хувьд Монгол Улсын Их хурлын тухай хуульд зааснаар гишүүний бүрэн эрхийн зохицуулалт байгаа хэдий ч иргэн бүр хууль шүүхийн өмнө эрх тэгш байх ёстой. Ийм ч учраас Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн "Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.9.1 дэх хэсэгт заасан "гэмт хэрэг үйлдэж байхад нь буюу хэргийн газарт нотлох баримттайгаар баривчилсан” гэж заасныг хүчингүй болгосон тогтоол гарсан. Энэ утгаараа прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан дараа дараагийн арга хэмжээ болох шүүхийн шийдвэрээр албадан ирүүлэх ажиллагааг явуулж байна.

Цаашид прокурор, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол танилцуулсны  дараагаар хуульд заасан тодорхой төрлийн ажиллагаануудыг хийнэ” хэмээн ярьсан байна.

Х.Онон


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна