УИХ-ын гишүүн Д.Гантулгыг цагдан хорих прокурорын саналыг шүүх хүлээж авахаас татгалзжээ

5 цаг 4 минутын өмнө
УИХ-ын гишүүн Д.Гантулгыг хүчингийн үйлдэлд нь буруутгаж нийслэлийн прокурорын газраас яллагдагчаар татаж, хэргийг шүүхэд шилжүүлэхээр болсон юм.  

Тодруулбал энэ талаар Нийслэлийн прокурорын газрын олон нийттэй харилцах ажил хариуцсан хяналтын прокурор Г.Бясман, “Хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтад тулгуурлан Улсын Их хурлын гишүүн Д.Гантулгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн холбогдох зүйл хэсгээр эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан байгаа, түүнд яллагдагчаар татсан тогтоолыг танилцуулахаар мөрдөгч болон прокуророос хэд хэдэн удаа дуудсан боловч эрхэм гишүүн орон нутаг, гадаадад ажилтай байгаа нэрийдлээр одоог хүртэл ирээгүй байна. Ер нь Монгол Улсын иргэн, Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа гадаадын иргэн, харъяалалгүй хүн, Улсын их хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн хэн ч бай прокурорын дуудан ирүүлэх мэдэгдэх хуудсанд заасан хугацаанд ирэх үүрэгтэй бөгөөд ирээгүй тохиолдолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 12.3 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийдвэрээр албадан ирүүлэх ажиллагааг гүйцэтгэнэ. Мөн Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолтой танилцуулахаар дуудсан сэжигтэн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, мэдэгдэх хуудсыг хүлээн авахаас татгалзсан нь хуулийн дагуу баривчлах үндэслэлболдог.

Улсын их хурлын гишүүн Д.Гантулгын хувьд Монгол Улсын Их хурлын тухай хуульд зааснаар гишүүний бүрэн эрхийн зохицуулалт байгаа хэдий ч иргэн бүр хууль шүүхийн өмнө эрх тэгш байх ёстой. Ийм ч учраас Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн "Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.9.1 дэх хэсэгт заасан "гэмт хэрэг үйлдэж байхад нь буюу хэргийн газарт нотлох баримттайгаар баривчилсан” гэж заасныг хүчингүй болгосон тогтоол гарсан. Энэ утгаараа прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан дараа дараагийн арга хэмжээ болох шүүхийн шийдвэрээр албадан ирүүлэх ажиллагааг явуулж байна. Цаашид прокурор, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол танилцуулсны  дараагаар хуульд заасан тодорхой төрлийн ажиллагаануудыг хийнэ” гэх мэдээллийг өгсөн юм.

Улмаар Д.Гантулгыг сэжигтнээр татан, цагдан хорих тухай саналыг прокурорын зүгээс анхан шатны шүүхэд хүргүүлсэн ч анхан шатны шүүхийн шүүгч С.Олзод саналыг хүлээж авахаас татгалзсан байна. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүн Д.Гантулгыг цагдан хорихгүйгээр хэргийг үргэлжлүүлэн шалгаж, эцэслэх бололтой. 



Х.Онон
 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна