Ж.Батзандан: С.Баяр гуайд хандаж хэлье. Та яарч байгаа бол өөрөө эрлэг рүүгээ яв даа

35 минутын өмнө
УИХ-ын гишүүн Ж.Батзандан Ерөнхий сайд асан, Монгол Улсаас Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант улсад суух онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд С.Баяр өөрт нь хандан нээлттэй ил захидал илгээж, шүүхэд хандсантай холбоотойгоор мэдээлэл хийлээ.

Энэ үеэр Ж.Батзандан: "С.Баяр гэж нөхөр одоогоор Англид элчин сайд гэсэн статустай мөртлөө сонгууль болохоор Монголд ирээд эрх баригч намыг удирддаг. Нэг өдрийн өмнө АН-ын тараах нэг сая төгрөг Монголын эдийн засгийг шууд сүйрүүлнэ гэдэг мөртлөө маргааш нь манай намын өгөх 1.5 сая төгрөг гэдэг бол бүрэн бололцоотой тоо гэж ярьдаг ийм л нөхөр. Санжийн Баяр гуай надад нилээн гомдсон захидал битүүний өмнөх өдөр явуулсан байна лээ. Захидлын төгсгөлд: "Эцэст нь хэлэхэд, эрлэгийн үүдэнд уулзъя гэвэл танд арай эрт санагдах биз, залуу зандан яваа хүний хувьд. Тийм болохоор, шүүхийн үүдэнд учиръя даа, Ж.Батзандан гишүүн минь. Эрлэгийн элч харагдахаар ээж рүүгээ заадаг бяцхан хүүгийн үлгэрээр “энэ ингэсэн”, “тэр тэгсэн” гэлгүй, эр хүн шиг хүрээд ирэх юм байгаа биз дээ, ахын дүү…" ч гэх шиг юм бичсэн байна лээ. С.Баяр гуайд хандаж хэлье. Нас маань дөч гарч байна. 4 хүүхэдтэй, хүүхдүүд маань нялх байна. Эрлэг рүү явах болоогүй байна. Та яарч байгаа бол өөрөө яв даа. Хоёрдугаарт "Эрдэнэт" үйлдвэрийн 51 хувийг барьцаалсан асуудалд С.Баяр холбоогүй, Ж.Батзандан холбоогүй гэсэн. Тэгвэл С.Баяр 2007 оны 11 сарын 22-ноос 2009 оны 10 сарын 29 хүртэл  Монгол Улсын Ерөнхий сайдын ажлыг хийсэн. 2009 оны 7 сард "Эрдэнэт"-ийг барьцаалж, зээл авах ажил хийгдсэн байна даа. С.Баяр гуайг байхад хийгдсэн байна даа. Монгол Улсын Үндсэн хуулийн 38 дугаар зүйлийн 1-т "Монгол Улсын Засгийн Газар эдийн засгийг удирдах, төрийн өмчийн бодлогыг удирдах" гэж бичсэн байдаг. "Эрдэнэт" үйлдвэрийг барьцаалж байхад би мэдэхгүй, надад хамаагүй гэж сууж байдаг Ерөнхий сайд байдаг юм уу? Доодох хүмүүс рүүгээ хэргээ чихчихээд бултах нь л дээ, тийм юм байдаггүй юмаа. Энэ орж ирсэн 100 гаруй сая ам.долларын 50 сая нь алга болчихсон шдээ. Сая би Ерөнхийлөгч Х.Баттулгатай уулзлаа. Энэ  алга болсон мөнгийг олж өгөөчээ гэж АНУ-ын Ерөнхийлөгч рүү захидал бичсэн байна. Тун удахгүй энэ мөнгөний учир олдоно" хэмээн ярьлаа.

Х.Онон


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна