Элчин сайд С.Баяр хууль зөрчсөнөө хүлээн зөвшөөрлөө

2018/03/20
Ерөнхий сайд асан С.Баяр 2016 оны арваннэгдүгээр сарын 17-нд Монгол Улсаас ИБУИНВУ-д суух Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайдаар томилогдсон юм. Тэрбээр 2016 оны УИХ-ын сонгуульд намынхаа штабыг удирдаж орсон учир “шагнал”-аа авч байгаа нь энэ гэж тэр үед ажиглагчид тайлбарлаж байв.

Элчин сайд С.Баяр Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийн өмнөхөн, 2017 оны тавдугаар сарын 23-нд өдөр тутмын сонинд “Суусан газраасаа чулуу атга” гэдэг сүрхий гарчигтай ярилцлага өгч байв.

Энэ ярилцлагаараа “…Би дипломат албанд байгаа учраас намын ажилд оролцохгүй, намын тухай ярихгүй. Оролцох, ярилцах эрх маань хуулиар хаагдсан” гэж мэдэгдсэн юм.

Гэтэл тэр үед л “…С.Баяр намынхаа сонгуулийг удирдахаар Англиас иржээ” гэсэн мэдээлэл хийгээд яриа тарж байсан юм.

Улмаар Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр буюу 2017 оны  долдугаар сарын 4-ний өдөр нийтэд задарсан нэр дэвшигч М.Энхболдын мэтгэлцээнд бэлдэж байгаа бичлэгт С.Баярын дуу хоолой гараад ирсэн. Тэрээр “…“…Энэ ганц л мэтгэлцээн хийж байгаа. Эцсийн шийдсэн мэхээ хийе дээ гэсэн бодолтойгоор ямар нэгэн байдлаар манай нэр дэвшигчийг хариулж байгаа үед нь хөндлөнгөөс орж ирж үймүүлэх, барьц алдуулах асуулт асуухгүй гэх баталгаа байхгүй байна. Хэд гурван асуулт байгаа шүү дээ, энэ асуултуудаа хариулж дуусгая. Манай нэр дэвшигчийг хариулж байх үед нь… Тийм ээ, одоо үндсэн гурван сэдэв…. Одоо бидний бэлдсэн сэдэв бололтой байна. …Энэ 60 тэрбумын асуултыг манай нэр дэвшигч хариулж байх үед нь Баттулгаас юм уу, Ганбаатараас эвгүй байдлаар мушгиж, “…Тэр асуултдаа хариулаач”, “…Тэрэндээ тодорхой юм хэлээч” гэдэг ч юмуу, эсвэл өчигдөр цацагдсан манай нэр дэвшигчийн цагаан сар тэмдэглэхдээ  хамт ажиллаж байсан, ордон дээр ирсэн найз нөхдийгөө авчирсан, гэртээ бас нэг монгол ёсоор цугласан байдлыг ихээхэн мушгин гуйвуулж тэрэндээ хууль хүчний байгууллагын  улсуудыг авчирч өмнөө сөгдүүлсэн гэдэг юм уу…. СЕХ-ны бие даасан байдлыг хангах ёстой хүн тэнд одоо очоод асуудал үүсгэнэ гэдэг ч юм уу. Энэ мэтийн асуудлууд байна” гэж ярьж, нэр дэвшигч М.Энхболд ч түүний яриаг анхааралтай сонсож байгаа нь бичлэгт үлдсэн байна.

Угтаа С.Баярын энэ үйлдэл нь Төрийн албаны тухай хуулийн 8.1, 10.6 дугаар зүйл заалтыг зөрчсөн гэж үзэхээр байгаа юм.
Эцэстээ мань эр өөрөө ч үүнийгээ хүлээн зөвшөөрчих шиг боллоо. Тодруулбал тэрбээр Itoim.mn сайтад өгсөн ярилцлагадаа хууль бус үйлдэл хийсэн гэдгээ хүлээн зөвшөөрчээ.  

Тэрбээр, “Та нэгэнт төрийн тусгай алба хашиж байхдаа улс төрийн сонгуульд оролцсоноо хүлээн зөвшөөрлөө,  бас албанаас чөлөөлөгдөх өргөдлөө өгөх шалтгааны нэг нь хууль зөрчсөн энэ явдлын маань хариуцлага гэж тодотголоо. Бас Элчин сайдын албанаас чөлөөлөгдөхөөр улс төрд харшлах зүйлгүй болно гэлээ. Тэгэхээр сонгуулийн тухай ганц нэг зүйл асууя. Та М.Энхболд даргын сонгуулийн штабт, сонгуулийн яг ямар ажилд чухам яаж оролцсон юм бэ” хэмээн асуусан сэтгүүлчийн асуултад,  “Сүүлийн хоёр том сонгуулийн ажилд би оролцож намын нөхөддөө тусалсан. Нэг сонгууль нь амжилттай, нөгөө нь амжилтгүй болсон. Сонгууль бол хамтын том нүсэр ажил. Алдсан ч, оносон ч хамтдаа. Гэхдээ сонгуулийн гол судсыг намын удирдлага л гартаа барьж, гол ажлыг зохион байгуулж удирддаг. Намын удирдлага биш хүн хөндлөнгөөс энэ ажлыг удирдах боломжгүй. Хөндлөнгөөс зөвлөх, туслах л боломжтой. Сонгууль удирдана гэдэг бол бартаат замаар хурдтай яваа машиныг жолоодохтой адил. Удирдана гэдэг бол урд нь сууна, жолоо барина гэсэн үг. Чи бод доо, бартаат замаар жолоо барихад яадаг билээ. Зам дээр таарах тэр олон онхол донхлыг яаж гаргахыг жолоо барьж яваа хүн л мэднэ. Донхлын тоогоор хажуунаас нь зөвлөгөө өгөх, өмнөөс нь жолоодох арга байхгүй. Сүүлийн сонгууль амжилтгүй болсон учраас алдааг өөрөөсөө зайлуулж байгаа юм биш. Амжилттай болсон урьдах сонгуульд ч энэ нь бас хамаатай” хэмээн хариулсан байна.

Х.Онон
 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна