УИХ-ын гишүүн асан С.Баярцогт үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэрбээр мэдээллийн эхэнд “Өнгөрсөн даваа гаригт олон улсын нэр хүндтэй Ройтерс агентлаг надтай холбоотой мэдээллийг англи хэл дээр гаргасан. Монголын вэб сайтууд орчуулаад тавьсан байсан. Мөн манай нам дээр энэ асуудалтай холбогдуулж, тодорхой хэмжээний шийдвэр гаргаад намын гишүүнчлэлээс хаслаа. Шүүхээр асуудлыг шийдэж дуустал хүнийг гэм буруутай гэж үздэггүй. Манай намын удирдлагууд ийм дуулиан шуугианыг далимдуулан маш богино хугацаанд намаас хөөж байна.
Яригдаж байгаа зүйлүүд маань Монголын хамгийн том төсөл болох Оюутолгойтой холбогдсон учраас тайлбар өгөх шаардлагатай гэж үзлээ.Оюутолгой 70-100 жилийн настай төсөл. Энэ төслийг хийсэн хүмүүсийг ямар нэг байдлаар авлига хээл хахууль авсан байгаа. Монголд ашиггүй болсон гэрээ, шалгах хэрэгтэй гэсэн зүйлийг холбож, олон жил ярьж байгаа. Гэрээ байгуулагдаад, төсөл хэрэгжээд 9 дэх жилдээ хэрэгжиж байна.
Нэг зүйлд би баяртай байгаа. Монголын Авлигатай тэмцэх газар, Швейцарын ерөнхий прокурорын газартай хамтраад эрүүгийн хэрэг үүсгээд шалгаж байгаа. Үүнийг би үнэн мөнийг нэг талд нь гаргаад шийдэх боломж гэж харж байна. Яагаад гэвэл манайхан өөрсөддөө итгэдэггүй. Данс Швейцарьт байсан учраас эргэлзээг тайлах боломж гарч байна. Оюутолгой төслийг хэрэгжүүлэхээр “Рио Тинто”-той хэлэлцээрийг удирдаж байсан, хийсэн хүмүүсийг хардаж сэрдэх, муу сайнаар ярих зүйл ихээр гардаг.
Гэхдээ 2009 онд энэ төсөл дээр Засгийн газрыг төлөөлөн ажилласан хүмүүс Монгол улсынхаа төлөө чин сэтгэлээсээ чөмгөө дундартал зүтгэж ажиллаж хийсэн. Сайн гэрээ хийсэн. Төгс төгөлдөр зүйл гэж байхгүй. Сайжруулахын төлөө байнга ажиллаж ирсэн” хэмээгээд Ройтерс агентлагаар цацагдсан мэдээллийн талаар, “Ройтерс бол нэр хүндтэй агентлаг. Би тэр мэдээг уншсан. Маш их субьектив мэдээлэлтэй байсан. Тэнд бичигдсэн хоёр тоо үнэн байна. Би энэ зүйлийг ялгаж, салгаж ярих хэрэгтэй байна.
2006 онд намайг таягтай явж байхыг олон хүн харсан байх. Би хөлөө хугалаад, 6 сар орчим хэвтэрт байсан. 2007 он хүртэл би тэгж явсан. 1996 онд би Германд сургууль төгсөөд ирэхдээ 20,000 дойч маркийн төсөлтэй ирж байсан анхны Монгол оюутан.Дараа нь 2001 онд би Колумбийн их сургуульд сурахдаа 70,000 гаруй долларын тэтгэлэг авсан. Ингээд өөрийн хийж байсан бизнесээ найзуудтайгаа нийлээд, дээрээс нь Монголын нэртэй бизнесмэнээс зээл аваад 8.2 сая еврог Швейцарт 5 сард нээлгэсэн байсан дансандаа хийлгэсэн. Тэрний нэг данс нь офшортой холбоотой данс. Харамсалтай нь 2008 онд эдийн засгийн хямрал болсон учраас зээл өгсөн бизнесмэн зээлээ бүгдийг эргүүлж авсан. Үлдэгдэл мөнгө нь 2013 онд компани хаагдах үед бүгд дууссан. Одоо надад Швейцарт ямар нэгэн данс байхгүй ээ. Тэр царцаагдсан гэж буй данс бол харамсалтай нь, 10 жилийн өмнө надад тус болж өөрийнхөө данснаас миний мөнгийг шилжүүлж өгч байсан Монгол бизнесмэний дансыг царцаасан байна. Тийм учраас одоо үүссэн байгаа энэ хэргийг эцэслэсний дараа тэр хүний мөнгийг гаргаж өгөх байх. Ийм л зүйл болсон” хэмээн ярьлаа.
Х.Онон
Сэтгэгдэл бичигдээгүй байна