Тусгай зөвшөөрлийн хил давж, нүүрс олборслосон гэх нийтлэлийн хариу тайлбар

2018/03/22
 -Манай сонины 2018 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн N57 (5764) дугаарт "Эрдэнэс-Таван Толгой" ХК-ийг дээрэмдээд байгаа нь Д.Ариунболд захиралд хамаагүй юу? гэсэн гарчигтай нийтлэл хэвлэгдсэн.

Энэхүү нийтлэлийн мөрөөр “Эрдэнэс-Таван-толгой” ХК-ийн Геологи, уул уурхай хариуцсан газрын захирал Б.Мөнхбаатараас тодруулга авсныг толилуулья.


-Танай компанийн зүгээс энэхүү нийтлэл гарсантай холбогдуулж зарим тайлбар өгье гэлээ.


Геологи, Уул уурхайн газрын захирал Б.Мөнхбаатар : Орон нутгийн өмчит “Тавантолгой” ХК нь 1966 оноос өнөөдрийг хүртэл 50 гаруй жил ашиглалтын үйл ажиллагаа явуулж байгаа бол манай компани 2011 оноос ашиглалтын үйл ажиллагаа явуулж байна. Мэдээж ашиглалтын тусгай зөвшөөрлөөр хиллэн ижил төстэй үйл ажиллагаа явуулж байгаа хоёр байгууллагын хооронд шийдвэрлэх шаардлагатай олон асуудал байдаг. Түүний нэг нь тусгай зөвшөөрлийн хилээс хэтэрч нүүрс олборлох асуудал. Хил давж нүүрс олборлосон түүх бий. Энэ тухай танай сонины нийтлэлд бичсэн байна. Цаг хугацааны хувьд өнөө цаг үе, өнөөгийн удирдлагатай холбож, хамаатуулах гэсэн өнгө аяс цухалзаж байна. Хил давж нүүрс олборлосон асуудал нь “Эрдэнэс-Таван толгой” ХК тусгай ашиглалтын тусгай зөвшөөрөл авч лицензийн булангийн шав тэмдэг тавихаас өмнөх асуудал юм. Тиймээс өнөөгийн удирдлагатай огт хамаагүй. Манай хоёр байгууллагын зүгээс хамтарсан ажлын хэсэг ажиллаж, өмнөх он жилүүдийн үйл ажиллагаанд дүгнэлт хийж, акт тогтоол гаргасан. "Эрдэнэс Таван-Толгой" ХК-ийг бий болохоос өмнө манайд оногдсон талбайгаас 260 мянган тонн нүүрс олборлосныг олж тогтоосон. 260 мянган тонн нүүрсийг нэхэмжилж буй. Нэгэнт акт үйлдэж, хоёр байгууллага хамтын ажиллагааны гэрээ байгуулсан тул тусгай зөвшөөрлийн лицензийн талбайд нэвтэрч нүүрс олборлох, уурхайн ажил эрхлэх ямар ч боломжгүй. "Эрдэнэс Таван-толгой" ХК Манай компани тусгай зөвшөөрлийн хилийн асуудалд онцгой анхааран ажилладаг . Дээр нь компанийн инженер, техникийн ажилчид тогтмол хэмжилт хийн хяналт тавин ажилладаг тул манай компани үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойш тусгай зөвшөөрлийн хил даван үйл ажиллагаа явуулах оролдого бүрэн хаагдаж, нэг мөр шийдвэрлэгдсэн гэдгийг танай сониноор дамжуулан уншигчдадаа хэлэх нь зүйтэй болов уу. Энэ асуудлыг эцэслэж “Эрдэнэс-Таван толгой” ХК болон "Тавантолгой” ХК-ийн хооронд 2017 оны 02 сарын 13-ны өдөр. №ЭТТ-2017/019 тоот “Хамтын ажиллагааны гэрээ” гэрээ байгуулж, хоёр талаасаа баталсан. Уг гэрээгээр тусгай зөвшөөрлийн хил давж олборлосон нүүрсний хэмжээг хоёр талаасаа ажлын хэсэг гарган баталгаажуулж шийдвэрлэхээр хамтран ажиллаж байна. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд дээрх асуудлыг мэргэжлийн бус хүмүүс өнгөц харж “Тавантолгой” ХК нь “Эрдэнэс-Таван толгой” ХК-ийн хил давж нүүрс олборлосон талаар удаа дараа ташаа мэдээлэл цацаж, ажлын талбар дээр өдөр тутмын хяналтаа тавиад ажиллаж байгаа инженер техникийн ажилчид болон компанийн нэр хүндийг санаатайгаар унагаж байна. Манай компанийн зүгээс холбогдох яам, агентлагуудад мэргэжлийн дүгнэлт гаргуулахаар хандаж хамтран ажиллаж байгаа болно.
 
Ц.ХИШГЭЭ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна