Ичсэн хүн хүн ална гэгчээр С.Баярцогтын тайлбар үнэмшилтэй санагдсангүй

2018/03/22
Ойрын өдрүүдийн гол дуулианы эзнээр Сангийн сайд асан С.Баярцогт зүй ёсоор тодроод байна. Түүнтэй холбоотой олон мэдээлэл өндрөө авч буй энэ үед буюу өчигдөр тэрбээр хэвлэлийнхэнд хандаж, мэдээлэл хийлээ. Түүний хэлснээс үзвэл дэлхийн томоохон агентлаг болох “Ройтерс” “шар” мэдээ бичсэн болж хувирав. С.Баярцогт мэдээллийн эхэнд “Ройтерс” мэдээллээ хэт субьектив талаас нь бэлтгэсэн, учир дутагдалтай байсан” гэж хэлсэн нь ташаа мэдээлэл гаргасан гэдэгтэй агаар нэг сонсогдож байлаа. Гэтэл дэлхийд данстай энэ агентлагийн мэдээлэл аль улсын хувьцаа өсөлттэй байх вэ гэдгийг тодорхойлдог бодит эх сурвалж болдог. Энэ бол тухайн байгууллагын цар хүрээг илтгэсэн жишээ. Гэтэл С.Баярцогт өөрийгөө өмгөөлөхийн тулд “Ройтерс" агентлагийг хүртэл илтэд буруутгасан нь туршлагатай улстөрчийн хувьд жижиг шалтаг байлаа. Цаашилбал, оффшор бүсэд “мартаж орхисон” 10 сая ам.доллараа энэ удаад тэрбээр “Монголын томоохон бизнесмэнийх” хэмээн тодотгосон нь анхаарахгүй орхиж боломгүй өгүүлбэр байлаа. С.Баярцогт их хэмжээний мөнгөө оффшор бүсэд байршуулсан гэдэг нь тодорхой болоод цөөнгүй жил болсон. Гэтэл өдий хүртэл энэ мөнгө “минийх биш” гэж дуугараагүй атлаа хууль хяналтынхан шалгаад эхлэнгүүт ингэж хэлсэн нь үнэмшил төрүүлсэнгүй. Ичсэн хүн хүн ална гэгч болох вий.

“Хоёр тал хамтран шалгаж эхэлсэнд баяртай байна, энэ асуудал нэг талдаа гарах нь. Хэрвээ би гэм буруутай бол хариуцлагаа хүлээхэд бэлэн” гэж ам бардам дуугарсан нь ч хачирхалтай. Тэр юуны учир ийнхүү зоригтой дуугарав. Хийсэн гэм, нуусан хөрөнгөгүй учраас уу эсвэл “сонгогчид маань итгэл алдарлаа” хэмээн халаглангуй ярьж байснаас нь үзвэл олонд үнэн харагдах гэснийх үү. Ямартай ч энэ бүхний хариулт удахгүй тодорхой болно. С.Баярцогтын мэдээллээс бас нэг зүйл тодорхой харагдаж байлаа. Түүний ярьснаас үзвэл АН-ын задрал тартагтаа тулсан нь тус намын лидрүүдийн тоонд зүй ёсоор багтдаг С.Баярцогт намдаа эмгэнэл илэрхийлсэн явдал. Өөрөөр хэлбэл, С.Баярцогтыг Швейцарын прокурорын байгууллага болон манай улсын АТГ-аас шалгаж эхэлснээ зарлахтай зэрэгцэн намаасаа хөөсөн нь эмгэнэлтэй зүйл болсныг тодотгосон. Учир нь өөрийнх нь хэлснээр намынх нь удирдлагууд түүнийг нэг ч удаа дуудаж уулзаагүй атлаа шууд л хөөх шийдвэрээ зарласан байна. Түүнчлэн шүүхээр эцэслэн тогтоотол хэнийг ч гэм буруутайд тооцож болохгүй гэдэг алтан зарчим энэ удаад АН-ын удирдлагуудад үйлчилсэнгүй бололтой. Тэд С.Баярцогтыг ийнхүү үгийн зөрүүгүй хөөсөн нь унасан нэгнээ дэвсэлсэн үйлдэл болсон нь хэн бүхний нүдэнд ил байна. Нөгөөтэйгүүр АН уналтын хамгийн доод цэгтээ тулж, олны танил гэх нэг ч лидергүй үлдэх нь гэдэг яриа биеллээ олж буйг С.Баярцогтын кейс бэлхнээ илтгэж орхилоо.
 
М.Өнөрөө
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна