Мөнгөний Засаглал ба У.Хүрэлсүхийн Засгийн газар

11 цаг 29 минутын өмнө
Монголчууд хэзээний найрсаг зочломтгой агаад шууд утгаараа хөөрхөн ааштай хүүхдэрхүү зантай ард түмэн. “Монголын нууц товчоо”-ны 238 дугаар зүйлд “Чингис хаан, Идүүдийг соёрхож, Алалтун бэхи охиноо өгөхөд Чингис хаан сургасан нь: “Хатагтай хүнд гурван эр бий. Анхны эр нь алтан төр. Түүний дараах нь ариун нэр. Үүний дараах эр нь авсан эр мөн билээ. Алтан төрийг хатуужиж дагавал ариун нэр бэлэн болно. Ариун нэрийг бэхэлбэл авсан эр ангид үл одно” гэж зарлиг болсон ажээ. Төр, түмэн хоёр харилцан элбэрэл хүндэтгэлтэй ба харилцаж байгаа бол тэр  нь яах аргагүй хөөрхөн ааш  зантай хүн ардын халуун дулаан холбоо хэлхээ мөн байдаг буй за. Энэ үгэнд их хаан маань монгол төрийг  “алтан төр” хэмээн онцолжээ. Чингис хаан хамаа намаагүй ярьдаг хуумгай  нэгэн биш, харин бясалгаж ярьдаг ухаалаг хашир хүн байсан нь барин тавин мэдэгдэж байдаг. “Алт шиг төр” гээгүй “алтан төр" гэснийг анзаарваас төр, засаг бол хүмүний нийгэмд алт мэт  язгуураасаа цэвэр агаад ямар ч үед тансаг чанараа  алддаггүй, басхүү уян зөөлөн чанараараа ялгарч байдаг гэж төр, засгийн жинхэнэ мөн чанарыг оноож онцолсон хэрэг биз.Төр нь ч иргэн түмэндээ үнэхээр хайр хүндэтгэлтэй хандаж, тэднийг ямарваа аюул хөнөөлөөс хамгаалж, боломжтой бүхнээр тус дэм болж чаддаг байснаас иргэндээ авааль хань нөхөр шиг нь хайрлахгүй байхын аргагүй, аятай таатай санагддаг байсан байж таарна. Ямар боловч Монголын тухайд төр, иргэн хоёрын хооронд иймэрхүү хүндэтгэлийн найрсаг харилцаа үйлчилж байсныг дээрх үг тодосгож байгаа гэж бодогдоно.

Монголын ард түмэн Төрийн минь сүлд өршөө“ гэж бишрэн хүндэлдэг болсон нь их гүн утга учиртай үг мөн. Тэр нь ямар ч гэсэн монгол төрийн өршөөнгүй нинжин чанар, нийгмийн ухамсарт шингэж үлдсэн ул мөр ийм үгээр тодорсон байх. Харин энэ эрхэм ёс зүй эдүгээ орвонгоороо эргэж, үгүйсгэх анархи үзэл дарангуйлах болсонд бидний өтгөс буурал сэтгэл дундуур болоод байгаа юм. Өнөөдрийн байдлаар дотор загатнуулаад байгаа, хариулт нэхэж буй нэг асуудлыг цухас дурдъя. Тэр бол Монгол Улсын удирдагч хэн бэ гэсэн энгийн мөртлөө онож хариулахад амаргүй асуудал. Хэрвээ Орос хүнээс “Танай удирдагчийг хэн гэдэг вэ” гэж асуувал “В.Путин” гэж торох юмгүй хариулна. Хятад хүнээс асуувал “Ши Жинь Пин дарга” гэж хэлнэ. Америк хүнээс асуувал “Д.Трамп” гэнэ. Хэрвээ БНАСАУ-ын иргэнээс асуувал “Манай удирдагч Ким Чин Ун” гэх биз. Харин Монголын иргэнээс ийнхүү сонирхон асуух аваас танд хэлэх үг байнауу. Мэдээж, бэлэн нэр байхгүй. Дахин дахин шалаад байвал манайх бусад улс шиг ганцхан хүнээр удирдуулдаггүй, бүр 76 удирдагчтай улс хэмээн наргиан болгон өнгөрөх нэг арга байж болно. Үүнээс гадна бидний Монголчууд зэллэн ниссээр цаст Гималайг даван умардын сэрүүн газар зусаад буцдаг тогоруу шувуу мэт нэгнийгээ ханьсан бараадаж, туйлын эрх чөлөөтэй нүүдэллэдэг, жинхэнэ ардчилсан тогтолцоотой улс байхгүй юу гэж хэлж болох таптай. Энэ бол шог хошин яриа, наргиа үг бус бодит амьдралд яг тийм юм. Хэрэв “Х.Баттулга Ерөнхийлөгч Монгол Улсын ганц том удирдагч мөн юм биш үү” гэвэл “Биш”. Манай улсын Ерөнхийлөгч чин үнэндээ бол “Хүргэн хүү” киноны Жамц баяны хүргэн Дэмбэрэл шиг өөрийн мэдэлгүй хүн байдаг гэж үнэнийг хэлэхээс өөр аргагүй. Тэгвэл М.Энхболд уу. Үгүй ээ, тэр чинь зүгээр л УИХ хэмээх нэгэн байгууллагын дарга. Тэгвэл У.Хүрэлсүх уу. Үгүй ээ, Монголын Ерөнхий сайд бол кабинетынхаа хэдэн гишүүнийг ч толгой мэдэн томилох, чөлөөлөх эрхгүй, дутуу хагас мэдэлтэй, ний нуугүй хэлбэл, УИХ-ын зараалын хүн гэдгийг хэлэх шаардлага гарна. Монгол Улс бол иргэн, түүний төлөө тухайлан хариуцлага хүлээхээр нэр цохсон удирдагчгүй улс гэдгээрээ энэхэн хорвоод онцлог улсгэдгийг тодосгохын тулд ийнхүү илүү үг нуршлаа. Манай Үндсэн хуулийн дотоод тогтолцоо нь эцсийн дүндээ ийм гаргалгаатай байдаг. Бидний мэдэхээс сүүлийн 26 жил ийм л байлаа. Яагаад ийм төртэй болсон тухай оршил түүхийг анзаарвал 1990 онд анхны олон мандат бүхий ардчилсан сонгуулиар сонгогдсон Ардын Их Хурлын депутатууд Үндсэн хуулиа дагнан хэлэлцэж, 72 хоног шар махтайгаа махтайгаа хатахдаа ганц хүний дарангуйлагч төртэй болгочихгүй юмсан хэмээн болгоомжилж, төрийнхөө хамаг эрх мэдлийг танаж, оронд нь түгжээс хийсээр эцэст нь шилдэг сайн дархны хийдэг олон түлхүүрээр түлхүүрдэж гаргадаг монгол цоож мэт давхар давхар түгжээтэй засаглал бий болгосон түүхтэй. Харин тэгтэл Үндсэн хуулийн тэр сиймхийгээр өөр нэг удирдагч гэнэт гарч ирээд манайхыг дараад авсан. Тэр бол сайд дарга нар шиг үнэтэй машин хөлөглөн давхиж харагдахгүй, уран цэцэн үг хэлж, том илтгэл айлтгал сонсгохгуй, ихээхэн бүрэг зантай удирдагч. Нэр алдар нь монгол төгрөг. Түүнийг түмэн олон мөнгөний засаглал гэж нэрлэдэг. Бурхангүй газрын бумба галзуурдаг жамаар төгрөг мөнгөний засаглал манайд үнэхээр галзуурсан. Монгол төгрөг гэдэг нь хэмжээгүй эрхтэй хаан лугаа төр, засгийг дураараа хөтөлж, түмэн олны амьдралыг зохицуулж, үхүүлэхийг нь үхүүлж, хоосруулахыг нь хоосруулж, огцруулахыг нь огцруулж, томилохыг нь томилж, дэвшүүлэхийг нь дэвшүүлдэг.Төрийн гурван өндөрлөгийн ноёдыг ч манай даруухан бор төгрөг үзэмж тааллаараа сонгож соёрхдог, хэрвээ жаахан дургүй нь хүрвэл огцруулж, бүр шоронд илгээхээс буцахгүй. Нэгнийх нь хөнжилд орж байгаад нөгөөгийнх нь араас мэс зоож, хорлон бусниулахаа бас мэднэ. Мөнгө төгрөгт нинжин сэтгэл гэж байхгүй учраас өнөөдөр Монголын гурван сая хүний нэг саяыг нь хоосруулж, үнсэнд хаясан шалз мэт болгосон тухайд албан ёсны тоо баримт байна. Тэгтэл манай хөрш, тэрбум гурван зуун сая хүн амтай Хятад улс ойрын таван жилд дэлхийн ядууралгүй, чинээлэг иргэдтэй анхны улс болох гэж байна. Манай хойд хөрш Орос улсад хүн амаа дунджаар наяас дээш насалдаг болгох гэж байдаг. Тэгтэл хоёр хөрштэйгөө хаяа залгаа нутагтай хамгийн баян дэлгэр газар оронтой, гурван сая гаруйхан хүн амтай Монгол оронд ийм олон тооны ядуус амьдарч байдаг. Монгол хүн дунджаар дал хүрэхтэй үгүйтэй насалж байгаа нь дэндүү хүн чанаргүй туйлын хариуцлагагүй баримт мөнөөс мөн. Мөнгөний засаглалын хамгийн сайн чаддаг ажил мэргэжил нь мөнгө хүүлэх, мөнгө угаах, авлигад үйлчлэх явдал. Мөнгө төгрөг хэмээх чимээгүй хаан удирдагчийн тухай сэдвийг үүгээр цэглэж орхиод Монгол Улсын хаан суудлын өртлөөс зовлонгийн нэгэн болох үе залгамжлалын тухай ярья. Аль ч улс гүрний хаан суудпын чухлын чухал асуудал нь үе залгамжлах явдал. Насны эцэст хаан сэнтийгээ хүүдээ, хан хүүгүй бол охиндоо, хэрвээ удам залгах үргүй бол хамгийн ойр төрлийн нэгэндээ өгдөг ёс жаяг тогтжээ. Харин үр хүүхэд нь байсаар атал хүний хүүд хаан суудлаа ацагласан түүх бараг үгүй байх. Тэгтэл манай дээд удмын нэгэн хаан тухайлбал, боржигон овгийн Бодончар өвөөгийн долоо дахь үеийн хүн болсон Хабул хаан бээр этгээд нэгэн сонголт хийжээ. Энэ тухай “Монголын нууц товчоо”-нд тодорхой бичсэн байдаг.Тэнд “Хамаг Монголыг Хабул хаан захирч байв. Хабул хаан долоон хөвүүнтэй байтал Сэнгүн билгийн хөвүүн Амбагайг хамаг Монголын хаан болгохоор хэлсэн ажээ” гэсэн зүйл бичээстэй байна. Хабул хааны долоон хүү долуулаа мундаг сайн хүмүүс байсныг “МНТ”-нд тэмдэглэсэн байдаг. Охин бархаг, Бартан баатар, Хутугт Монхор, Хотола, Хулан, Хадлаан, Тодойн гэх ийм сайхан долоон хүү байсаар байхад өөр овог, айлын хүүг хаан болгосон учир өнөөг хүртэл таашгүй таавар хэвээр байна. Тайлах гэж оролдъё, Хабул хааны энэхүү шийдэл ямархан учиртай байж таарах вэ. Бүхий л дайн дажин, бослого хөдөлгөөн, төрийн сонгууль нь ихэвчлэн хаан суудал эзэгнэхийн төлөө болдог. Эрт үед, өнөөдөр ч тийм байгаа. Чингэхээр улс гүрний төр, засгийн дээд эрх мэдэл буюу хаан сэнтий нь зөөлнөөр хэлбэл, хамгийн том хэрүүлийн алим, хатуухан хэлбэл амь настай нь ярьдаг цаазын шийтгэл болсоор иржээ. Тиймээс манай Хабул хаан хэдэн сайхан хан хүүгээ голж чамласан хэрэг биш, харин тэдний дунд хэрүүлийн алим хаяж хооронд нь алалдуулахгүй гэж тийм шийдэлд хүрсэн байж болох талтай байна. Тийм ч биз, үгүй ч биз. Цус хаана урсч байна, түүний цаана хаан суудлын эрх мэдэл хүлээж байдаг. Ерөөс төр, засгийн удирдагчийн сэнтий гэдэг нь эртурдын цагт, өнөө үед ч цэнэгтэй бууны бай нь болж байдаг утгаараа аймшигтай. Ардчиллын үлгэр жишээ орон гэж мандуулдаг АНУ-д гэхэд мөнөөх Аврам Линкольн, Жон Кеннеди зэрэг дөрвөн Ерөнхийлөгчийг буудан хороож, хорвоогоос тонилгоод алдарт Ф.Рузвельтийг буудах гэж онилохдоо алдаа хийж хажууд нь байсан Чикаго хотын даргыг буудаж алсан, бас Рональд Рейганыг буудахдаа онь алдсаны ачаар амьд үлдсэн зэрэг аймшигт олон баримт байдаг. Энэ ерөнхий жишиг Монгол Улсад үйлчилж байна. Төр, засгийн хэдэн сайд дарга төдийгүй аймаг, хот, сум, дүүрэг, баг хорооны Засаг даргын суудал булаалдсанаас бараг л үймээн самуун дэгдэхэд  хүрсэн төдийгүй түүнээс болж үндэсний эв санааны нэгдэл задарч, сарнисан нь өнгөрсөн түүхийн ( хамгийн эмгэнэлтэй хувь тавилан юм. Манай улсын оршин тогтнох нийгмийн баталгаа болсон үндэсний эв санааны нэгдлийн заналт дайсан бол дарга, сайдын албан суудал булаалдах увайгүй тэмцэл гарцаагүй мөн.

Эртний сурвалжит уламжлалаа яривал монголчууд бидэнд гэгээн сайхан түүх бишгүй. Даанч түүнийг мэдэхгүй, мэдэхийн төлөө мэрийхгүй “тэнэггэж” байна. Энэ тухайд эзэн богд Чингис хаанаасаа сурахсан. Мэдээжийн хэрэг хаан суудлаа адилхан эрхтэй, бие эрүүл, ухаан саруул төрт ёсны үзэл бодол тэгширсэн дөрвийн дөрвөн сайхан хүүгийнхээ чухам хэнд нь залгамжлуулахаа шийдэх явдал Чингис хаанд ч мөн хамгийн хүнд агаад ноцтой асуудал байсан байх. Гэтэл түүнийг тун ч түвэггүй шийдсэн байдаг. Хэдэн хүүхдээсээ ээлжлэн асууж, нэгийнх нь санааг нөгөөгөөр нь дэмжүүлсээр хаан суудал залгамжлуулах бэрх асуудлыг эвтэйхэн шийджээ. Тэгэхдээ хаан хүний хамгийн чухал чанар нь хүн арддаа өгөөмөр нинжин хандах чанар гэдгийг гол болгон бусдаасаа илүү өгөөмөр сэтгэлтэй гэж Өгөөдэй хүүгээрээ хаан суудал залгамжлуулах болсон. Одоогоор бол зөвшилцлийн аргаар шийдсэн юм байна. Нотлох баримтыг уншиж сонирхъё гэвэл “МНТ”-ны 250 дугаар зүйлийг үзэхэд олно. Уншигчид тухайлан тогтоож анзаараагүй байж мэдэх Чингис хааны хэлсэн өөр нэг үгийг танилцуулъя. Энэ бол төрийн бодлогын залгамж чанартай холбоотой үг. Хаан суудлаа хэнд залгамжлуулахыг шийдсэний дараа Чингис “Миний зарлигийг өөрчлөхгүй, задлахгүй, осолдохгүй, алдахгүй баримталж явтугай” гэжээ. Хааны суудлыг залгамжилсан хүн эцэг хааны зарлигийг (одоогоор бол өмнөх төрийн сайн засаглалын бодлогыг) өөрчлөхгүй, задлахгүй, осолдохгүй, алдахгүй баримталж явахыг онцолсон байна. Төрийн бодлогын залгамж чанарыг алдах нь ямар их хор нөлөөтэй зүйл байдгийг сүүлийн хэдэн жилийн хугацаанд УИХ болон Ерөнхийлөгчийн бас орон нутгийн сонгуулийн үр дүнгээс шалтгаалсан төр, засгийн олон солигдол нотлон харуулсан. Шинээр гарч ирсэн Засгийн газар нэг л шавар пийшин барьдаг гэж зүйрлэн хялбаршуулбал, нэг нам гарч ирээд өмнөх Засгийн газрын барьсан пийшинг нурааж хаяад өөрөө нэг пийшин барьдаг. Тэгтэл дараагийн сонгуулиар гарч ирсэн нь өмнөхийн пийшинг нурааж хаяад бас нэгийг барьдаг. Түүний дараагийн сонгуулиар нөгөө нь дахин гарч ирээд бас өөрийнхөө пийшинг барьдаг. Монголд сүүлийн хорин хэдэн жилд Засгийн газар 12 удаа солигдож, төдий тооны пийшин барьж, мөн тийм тооны пийшин нураагаад байна хэмээн төсөөлж болох.
 
ИХ ТУЛАЛДААН ЭХЭЛЛЭЭ
 
Энд У.Хүрэлсүхийн Засгийн газрын талаар хэдэн үг онцлон хэлье. У.Хүрэлсүхийн Засгийн газар Монголыг ойрын хоёр жилд бараг үндэс сууриар нь шинэчлэн сайжруулах хэмжээний зоримог гэгээн зүйл бүтээхээр амласанд хэн хүнгүй сэтгэл бүлээцнэм. Энэ хүнийг хэлсэндээ хүрдэг хүн гэж манай хашрууд хардаг байх. Би хувьдаа одоогоос зургаан жилийн өмнө 2012 онд “Этгээд нэгэн залуу” нийтлэл бичиж, энэ хүний тухайд үнэлэлт дүгнэлт өгөх гэж намын журмын нөхдөөсөө арай түрүүнд анх удаа ам нээсэн удаатай. Тэр гол дүгнэлтээ дор сийрүүлье. “Ичмээр юм боллоо. Ер нь бол ичиж байна. Гэхдээ бусдаас биш өөрөөсөө бодож явсан бодол санаанаасаа ичиж байна. Манай намын удирдах зүтгэлтэн тэр хархүүгийн талаар би буруу бодож явжээ. Тийм хүн гэж ер санасангүй. Түүнийг саяхан сонгуульд намаа унагахад зохих хэмжээгээр нөлөөлчихөөд дараа нь улс төрийн хоргодох байранд ороод бүгчихлээ, яасан арчаагүй залуу вэ. Их тусгүй хүү байсан юм байж, манай намынхан түүнийг таньсангүй.” Би ингэж бодож явсан. Бүтэн дөрвөн сар ийм бодол цээжиндээ тээсэн. Над мэтийн нөхдийн санаа сэтгэлийг тийнхүү хулжааж байсан тэр залуугийн нэрийг У.Хүрэлсүх гэдэг. Ар гэрийн хүндэтгэх шалтгаан тохиолдсон тул УИХ-ын гишүүнээс чөлөөлж өгнө үү гэж хүсэлт гаргасныг саяхан ёсоор болголоо.

УИХ-ын гишүүнээс ингэж “Гомбо айлтгана” гэдэг хэр баргийн аавын хүүгийн зориглох алхам биш. Гэтэл Ардын намын гишүүн У.Хүрэлсүх хэрийн хүний хэлж чаддаггүй тэр хэцүү үгийг хэлж чадлаа. Урт, богино хугацааны чөлөө мөлөөхөн аваад явж болох л байсан... Гэвч У.Хүрэлсүх гэдэг энэ дайчин залуу УИХ-ын гишүүн тийнхүү байгаа байхгүйн хооронд оромдож явж болохгүйг гүнээ ухамсарласан, тийм байдлыг хэрхэвч тэвчихгүй нэгэн гэдгээ харууллаа. У.Хүрэлсүх бол олон түмэн юу хүсэн хүлээж байгааг мэдэрдэг мэдрэмж хурц хүн шиг байна. Энэ чанар улстөрч хүнд заавал байх учиртай ч тэр бүр тохиогоод байхгүй ховор үзэгдэл мөн. Хүрэлсүх ирээдүйгээ аварч чадлаа. Тэр гүжир гүтгэлгээр хооллогчдын хэлдэг шиг ‘‘аавын хаалга татах” эрүүгийн этгээд биш гэдгээ нотлон харууллаа. “УИХ-ын гишүүнээс чөлөөлж өгнө үү” хэмээн бичих гэвэл тэр болгон хүний хуруу хөдлөхгүй л болов уу. Яагаад вэ гэвэл, нэг талаас нь харахуйд энэ суудал бурхадын сүм дуган шиг аврал эрсэн бүхний

сүжиг бишрэлийг хураасан ариун гэгээн сэнтий юм. Тэнд сонгогч түмний хамаг итгэл найдвар, хүсэл мөрөөдөл, ажилгүйчүүдэд олгох ажлын байр, албаны хүмүүсийн авах ёстой ахиу хэмжээний цалин хөлс байгаа. Тэнд өтгөс буурлыг жаргааж баярлуулах халамж, тэтгэвэр тэтгэмж, эх хүүхдийн эрх ашиг, хүн бүхэнд хүртээх ёстбй аз жаргалын алтан түлхүүрийг хадгалж байгаа. Энэ мэт ариун гэгээн үүрэг зорилго хөсөрдөж мэдэхээр байгаа бол чөлөөний өргөдөл бичих нь гайхмаар хэцүү зүйл биш. Харин ч улстөрчийн эгээрч үл болох чин хүсэл мөн байж таарна. УИХ-ын гишүүний суудлыг хувь хүний өнцгөөс харвал огт өөр юм харагдана. Тэр чигээрээ тэрбум тэрбумын үнэ хүрдэг “алтан гулдмай” суудал харагдана. Тэр чигээрээ сул орж ирэх ашиг орлого, их эрх ямба, алдар хүнд. Тэр чигээрээ хүсэл зоргын цоожгүй хаалга. Ийм суудлаас сайн дураараа ховхорч салъя гээд өргөдөл бичиж суух гар хуруу энэ цагт олдохуйяа бэрхийн нэг мөнөөс мөн. Хүрэлсүхийн өргөдөл энэ утгаараа өнөө үеийн ховор нандин сонголт юм. Үгээ олж ядан магтаж байгаа миний сэтгэл оюуны хамаг эрэг шураг энд л зоогдоод байгаа юм. У.Хүрэлсүх 20-оод жилийн тэртээ Нийгмийн ардчилал залуучуудын холбооны анхны гал голомтыг асаасан гавьяатай нэгэн. Ардын нам дэргэдээ ийм дотно түшиц байгууллагатай болсноор ирээдүй нь бат найдвар бүхий тулгуур баганатай болсон. Одоо тэд л гол төлөв ардын төрийн хэргийг цэвэр тунгалаг авч явах манай намын нэр хүндтэй буулганд зүтгэж явна. Цаашид ч тийм байж таарна. Өчигдрөөс маргааш руу, өнгөрснөөс ирээдүй рүү, хуучнаас шинэ рүү тэмүүлдэг дайчин давшингуй чанар нь Хүрэлсүхийг нийгмийн шинэтгэгч үзэлтэн андуугүй мөн болохыг итгүүлж байна” гэж сайхь өгүүлэлд онцолсныг зарим уншигч бүүр түүрхэн боловч санаж байж магадгүй. Одоо бодоход ортой л үг хэлсэн шигбайна. Гэсэнч “Хусран боос алин болох нь хавар намартаа мэдэгдэнэ" гэдэгчлэн энэ хүн миний хэлсэн шиг хүн мөн эсэх нь одоо л танигдах гэж байна. Эхний 100 хоногийн ажлын үр дүн нь санасныг бодвол муугүй байлаа. Ардын намын даргын албанд бараг л ногоон гэрлээр сонгогдсоныг бодоход тус намын XXVIII Их хурлын төлөөлөгч эрхэм журмын нөхөд нь У.Хүрэлсүх гэдэг энэ хүнд үнэхээр итгэдэг юм байна. У.Хүрэлсүх даргын сонгож авсан энэ Засгийн газрын сайдууд нь ард нийтэд хэдийнэ танигдсан яалт ч үгүй энэ цаг үеийн шилдгүүд байна. Тэгэхээр энэ Засгийн газар бол өмнөхүүдээс хамгийн дөмөг нь мөн шиг байна. Ер нь боломжийн сайн бүтэцтэй гэж харагдаж байна.

Энэ Засгийн газар 100 хоногийнхоо тайланд зориулсан мэдээлэлдээ амласан зарим амлалтыг арай томоор харахад тодорхой байна. Юуны өмнө Монгол түмний идээшин дассан уламжлалт хөдөө аж ахуйн салбарыг улсынхаа дэвшил хөгжлийн суурь салбар болгож, тэнд санхүү эдийн засаг-шинжлэх ухаан техник, хүний нөөцийн гол чадамжийг төвлөрүүлж чадахаа амлаж байна. Зөв дөө, Монгол Улс энэ л хөрс суурин дээр бууж ирвэл уул уурхайг бурханчлан шүтэж байгаад бусдын идэш хоол болж дуусах дөхсөн өмнөх он жилүүдийн алдаа завхарлыг сая нэг арилгаж.монгол хүнийг эртнээс өнөөг хүртэл тэжээж, эрдэм ухаанд боловсруулж ирсэн заяаныхаа замаар орж энх тунх хөгжиж чадна гэж малчин удмын монголчууд итгэл төгс харж байгаа биз ээ. Ойрын он жилүүдэд төрийн ордноо ээлжлэн морилсон арван хэдэн Ерөнхий сайдын хэн нь ч зориглож хэлээгүй гурван том амлалт амласныг зангидаж хэлэх үүрэг одоо надад  ногдож байна.

Тухайлбал, нэгдүгээрт, газрын тосны үйлдвэр байгуулж, бензин шатахууны ханган нийлүүлэлтийн  монопол ноёрхлыг халж улмаар гадаадын хараат байдлаас ангижруулах юм байна. Хоёрт, эрчим хүчний салбарыг гадаадын хараат байдлаас бүрэн гаргах томоохон алхам хийх юм байна. Гуравт нь, Улаанбаатарын утааг ойрын хоёр жилд арилгана гэж их зоримог амлалт авч байна. Ухаан санаанд нь бүрэн баггаж гэж ойлгосон. Санаанд нь багтаж байгаа бол хэлсэндээ хүрч таарна. Ардчилал зах зээлийн гэх он жилүүдэд нойрсуулах эм тарилга хэрэглэсэн мэт үүрэглээд байгаа нийгэм-соёлын салбарын бүтээн байгуулалтыг унтаа байдлаас нь сэргээж, урагш эрчимтэй ахиулж чадсанаар үнэхээр л зүүн төвийн хүмүүнлэг үзэлтэй намын хүчирхэг Засгийн газар мөн болохоо харуулах юм байна. Жишээлбэл, сургуулийн бүх хүүхдийг нэгээс хоёр ээлжээр хичээллэж хүрэлцэх тооны сургуультай, сургуулийн өмнөх насны хүүхдийг хэвийн хангах хэмжээний цэцэрлэгтэй болгохын тулд дээхэн үеийн 20, 30 жилд барьсантай тэнцэх тооны сургууль, цэцэрлэгийг ойрын хоёр гурван жилд шинээр барих юм байна.Үртэй хүн бүхний баярын сэтгэлийг хөвөлзүүлсэн гэгээн үйлс яалт ч үгүй мөн байж таарна. Эрүүл мэндийн салбарыг орчин үеийн тэргуүн төвшинд хүргэхэд чагнуур тавьж, жор бичдэг сайн эмч мэргэжилтэн хэрэгтэй байхын зэрэгцээ хүний өвчин зовлон, сэтгэл санааны хүнд хэцүүг өөрийн биед туссан мэт мэдэрч шаналдаг тийм эмзэг мэдрэмтгий агаад зоримог дайчин, удирдлагатай байх нь бас чухал гэдгийг энэ Засгийн газар нотлох юм байна. Түүний тулд эрүүл мэндийн салбарын техник технологийн төвшинг аль болох орчин үеийн олон улсын тэргүүлэх зэрэгт хүргэх, Монголд нутагшаагүй хорин хэдэн төрлийн эмчилгээ, мэс заслын тодорхой хэсгийг эх орондоо хийдэг болж дэвшил хийх, эрүүл мэндийн үйлчилгээг олон жил хойш нь татаж чангаасан санхүү мөнгөний гачигдалтай байдпаас гаргахаа амлаж байна. Нөгөөтэйгүүр, зам барилга, тээврийн салбарт зохион байгуулалтын эрс шинэтгэл хийж, Монгол орныг Евро-Азийг холбосон олон улсын тээврийн томоохон зангилаа болгох гэж байна. Энэ бүхэн монгол түмний сүүлийн хорь гучин жил мөрөөдөөд биелүүлж чадаагүй хүслэн мөн бөгөөд одоо л жинхэнэ ажил амьдрал болгон хэрэгжүүлэх сайн эзэнтэй болох нь шиг байна. Бидэнд энэ мэт яриад байвал эргэцүүлж ярилцмаар асуудал их байна. Тухайлбал, Орос, Хятад гэдэг саяхан л  манайхтай хараа барааны  хөгжилтэй байсан хоёр том хөрш сүүлийн хэдхэн жилийн дотор хамаагүй хол түрүүлээд  хөгжчихөв. Яагаад тэд хол түрүүлээд явчихдаг байна вэ. Заавал нэг учир байгаа биз. Энэ бол Монголын учир мэдэх хүн бүхний ялангуяа улстөрчдийн эргэж бодох ёстой асуудал мөн гэж санана. Манай ардчилсан рхувьсгалын жолоодогч гэгддэг нөхдийн бидэнд зааж сургадаг ном ёсоор бол орчин үеийн өндөр хөгжилд хүрэхийн тулд юуны урьд хүний эрх, эрх чөлөөгөөр хангасан байх ёстой байдаг. Энэ талаараа манай хоёр хөрш бидний монголчуудаас хол түрүүлээд явчихсан байна уу гэвэл үгүй. Харин ч Монгол Улс харьцангуй илүү байж магадгүй. Хэргийн гол нь тэнд бус өөр зүйлд байсан. Тухайлбал, авлигаас хамгаалж чадсан эсэхэд орчин үеийн шударга хөгжлийн гол зангилаа оршдогийг олон улс орны туршлага харууллаа. Манай хоёр хөрш ялангуяа Хятад улсын Засгийн газар сүүлийн таван жилд энэ талаар том үсрэлт хийсэн учраас хөгжил нь мэдэгдэм түргэссэн байна. Манайд авлигатай тэмцэж эхэлсээр олон жил боллоо. Гэвч хүрсэн үр дүнгээр нь хэмжвэл авлига, хээл хахуультай тэмцэх ажлыг хоосон сүржигнэл, улс төр болгосоор 20-оод жилийг үр дүн багатай алдчихлаа. Монголын тухайд авлигатай тэмцэх тэмцэл сул байна гэдэг нь Монгол Улс зөв зохистой хөгжиж чадахгүй гэсэн утгыг илэрхийлж байна. Сүүлийн үеийн баримтыг шинжиж үзвэл манай орон дахь авлигын сүлжээ нь Монгол Улсыг амаар нь шороо үмхүүлж орхилоо. Монгол Улсын төрт ёсноос ардчилал биш авлига ханхалж байна. Авлигачид Монголын төр, засгаар тэвэг өшиглөн нааддаг боллоо. Сүүлийн 20-оод жилд М.Энхсайхан, Ц.Элбэгдорж, Ж.Наранцацралт, ЯАмаржаргал, Ж.Энхбаяр, М.Энхболд, С.Баяр, С.Батболд, Н.Алтанхуяг, Ч.Сайханбилэг, Ж.Эрдэнэбат эдүгээ У.Хүрэлсүх гээд арванхоёр Ерөнхий сайдын нүүр үзлээ. Нэг Засгийн газар дунджаар 1.8 жилийн настай байсан гээд бодоход бүх бүтэлгүйтлийн нэг том шалтгаан тодорхой болж байна. Энэ (1996-2018 он) 22 жилд Засгийн газар үндсэндээ тогтвортой ажилласангүй. Зүйрлэвэл, Монголын Засгийн газар загварын янз бүрийн гоё хувцас өмсдөг үзүүлбэр мэт төрөл бүрийн хөтөлбөр, төсөл үзүүлэх төдий үзэгдээд л өнгөрч байж. Тийм ээ, ердөө үзэгдээд л өнгөрч байсан байна. Авлигачид төр, засгаараа ийнхүү тэвэг өшиглөх мэт тоглож байсан нь өнөөдөр ил боллоо. Монголын хамаг том гэмт хэрэг, авлига хээл хахуулийн шовхрох дээд оройд буюу хамгийн цаад талын нууц үзүүрт нэг гарын таван хуруугаар тоолох хэмжээний этгээд байгаа гэж яриад байгаа нь ерөнхийдөө үнэн болж таарлаа. Бүр эрт үеэс буюу ардчилсан хувьсгалын төлөө гэх ариун дагшин тэмцэл эхлэх өнгөрсөн зууны ерээд оны үеэс ямар ч атугай тэр тэмцэлд идэвхтэй дүр үзүүлж, олон түмний итгэл хүлээж чадаад төр, засгийн дээгүүр мэдэлтэй том сайд дарга болж улмаар “Эрдэнэт” мэтийн томоохон үйлдвэр, аж ахуйн газрыг өөрийн болгон өмчлөхөөр араандаа зууж, овоо хараандаа онилж явсан зарим этгээд л ардчилсан өөрчлөлтийг зөвхөн амин хувьдаа ашиг унагах арга хэрэгсэл болгож иржээ. Эдүгээ тэд ороо нь ороогоороо, жороо нь жороогоороо нэгдэн бүлэглэл болж, бүлэглэл нь хоорондоо тэмцэлдэж нэг ёсны дайн байлдаан болж, зохион байгуулагч эздийнх нь үнэн нүүр царай тодроод ирлээ. Энэ дайн бол цэнэгтэй буу шагайж, цэцэн гох дардаг биш, харин төрийн албаны том, бага тамга тэмдэг булаалдаж, авдар сав дүүрэн чихсэн авлигын мөнгө төгрөгөөр шидэлцэж, тулалддаг дайн юм. Үнэндээ нэг Засгийн газрыг огцруулан солилоо гэхэд тэр хоморгоор даруй арав хорин мянга, түүнээс ч илүү тооны албан тушааптанг халж ажил амьдрал, санаа сэтгэлээр хохирдог утгаараа сум бөмбөг, танк пуужингаар зэвсэглэсэн дайн тулалдаанд амь эрсдэн нүд аних, шархдаж тахир дутуу болохтой агаар нэг зовлон эдэлж, харин эл дайны гол гэмтнүүд ар хударгаар нь жаргалаа эдэлсээр өнөөдрийг хүрчээ. Эрдэнэт, Оюутолгой, Тавантолгой гэдэг чинь өнгөрсөн 20, 30 жилийн турш бугшиж бугласан өш хонзонгийн зонхилох том голомт мөн бөгөөд өмнөх он жилд болж байсан бүх огцруулалт халаа сэлгээ, урвалт бүхэн тэндээс эх авсан байна. Мөнөөх эх оронч хүү С.Зоригийн амийг зэрлэгээр хөнөөсөн явдал хийгээд түүний ул мөрийг олохоор мөшгөж яваад амь нас эрсэдсэн шударга сайн хуульч, гэрчүүд, долоодугаар сарын 1-нд буудуулсан гэмгүй залуус шиг олон сайхан хүнийг амь, амьдралгүй болгосон зэрэг баримт нь манай улсад уул уурхайн салбарт зонхилон төвлөрсөн авлигын эсрэг явуулах тэмцэл үнэхээр амаргүй хүнд байхыг сануулж байна.

Нэгэнт тийм бол яах ёстой вэ гэсэн асуултад хариу өгөхийг эрх баригч нам ба энэ Засгийн газраас нийгмээрээ хүлээсээр. Ашгүй тэгтэл загатнасан газар маажих шиг урамтай үг хэллээ. Энэ бол Оюутолгой, Тавантолгой, Эрдэнэтийн будлиан зэрэг энэ цагийн “Үйлийн гурван лай ланчиг” хамаг л бүтэхгүй муу муухай хэргийн үүр уурхай болсон асуудлын учрыг олж шийдвэрлэхээ амласан Засгийн газрын амлалт чих дэлслээ. Бас Ардын намын Д.Амарбаясгалан хэмээх Ерөнхий нарийн бичгийн дарга Ардын нам, дээдсийн хүрээний авлигыг таслан зогсоох талаар тусгай бодпого боловсруулж байгаагаа дуулгаж, хүч нэмлээ. Тэгтэл УИХ-ын дөрвөн залуу гишүүн нам хамаарахгүйгээр дээдсийн хүрээний эртэдүгээгийн авлигатай тэмцэх зорилгоор тусгай бүлэг байгуулж, томоохон арга хэмжээ хэрэгжүүлэхээ илэрхийлээд авлаа. Олон он жил дээдсийн авлигын хор нөлөөгөөр хамаг үнэнч шударга амьдрал мухардаж, эх орны хөгжил дэвшил ерөнхийдөө ард түмний эсрэг зүг рүү хазайсаар, эцэст нь авралгүй мэт болж, арга барахдаа Олон улсын валютын санд хандахдаа хүртэл ядарч байгааг мэдэрсэн Монгол түмний сэтгэлийн үзүүрт нар тусах мэт гэрэл гэгээ цацарлаа. С.Зоригийн амийг хөнөөсөн, Долоодугаар сарын 1-ний, Эрдэнэтийг барьцаанд тавьж алдсан, 49 хувийг булаасан, Оюутолгой, Дубайн гэрээ, Монголбанкны, үнэ тогтворжуулах олон их наядын ашиглалын зэрэг хэргийн хавтсыг нээснээр цагийн эрхээр санчиг нь бууралтаж, хараа нь бүдгэрч, хөл нь доголж, нуруу нь бөгтийж, саназ нь самуурахдаа тулсан “өвгөн” настай гэмт хэргүүдийн зүг чиг захаасаа тодорлоо. Барууны хэллэгээр бол загалмайлсан эцэг, нууц ноёнтон гэж нэрлэх жинхэнэ захиалагчийг илрүүлэх баттай эх сурвалжийн баримт-, илэрч эхэллээ. Арслан мэт ноёдыг барс мэт түшмэд, барс мэт ноёдыг ирвэс мэт түшмэд, ирвэс мэт ноёдыг шилүүс мэт түшмэд, шилүүс мэт ноёдыг чоно мэт түшмэд, чоно мэт ноёдыг үнэг мэт түшмэд дагаж, түмэн олныг зовоодог гэж монголчууд үздэг. Чингэхээр эдүгээ тэдгээр арслан, барс, ирвэс, шилүүс, чоно мэт ноёдыг нь олж илрүүлэх их ав хоморго эхэллээ. Үүнийг дагаад янз бүрийн тархи угаалт идэвхжлээ.

“Нэгэн цагт хайрлан хүндэлж асан хайран сайхан хүүхдүүдээ эртнээс сэрэмжлэн анхааруулж зүрхлэхгүй өөгшүүлж явсаар эцэст нь хар хэргийн эзэд болгочихлоо” хэмээн чин шударгаар сэтгэл түгшиж суугаа эгэл хүмүүс цөөнгүй байна. Ямар ч атугай Монгол түмний гэгээн хувь тавилан болсон үнэн цагааны тэнгэрт үүрийн туяа татлаа. Удахгүй шударга үнэний алтан нар мандах буй за.
 
Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч Х.Цэвлээ 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна