Ерөнхийлөгч Х.Баттулга АНУ-д суух Элчин сайдаар томилогдсон Ё.Отгонбаярт Итгэмжлэх жуух бичиг гардууллаа

11 цаг 48 минутын өмнө
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсаас АНУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилогдсон Ё.Отгонбаярт итгэмжлэх жуух бичгийг нь гардууллаа.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА ИТГЭМЖЛЭХ ЖУУХ БИЧГИЙГ ГАРДУУЛАН ӨГӨХДӨӨ:

“АНУ-тай хийгдэж байгаа худалдааны эргэлт чамлах хэмжээнд байгаа гэдгийг та мэдэж байгаа байх. Саяхан АНУ-тай дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлсэн. Мөн шинэ жилээр АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампад явуулсан захидлыг та уншсан байх. Элчин сайд хүн очоод их ажил хийх ёстой. Усанд шидсэн чулуу шиг алга болж болохгүй. Батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаа цаашид үргэлжилнэ.

Саяхан мөн Тамгын газрын дарга З.Энхболд АНУ-д очихдоо оёмол бүтээгдэхүүнийг гаалийн татвараас чөлөөлөх, авлигатай тэмцэх тал дээр идэвхтэй ажиллаж өгөөч гэсэн хүсэлтийг маань дамжуулж, их үр дүнтэй айлчлал хийгээд ирсэн. Та очоод энэ ажлыг үргэлжлүүлэх ёстой. Үр дүнг бид дүгнэнэ” гээд Итгэмжлэх жуух бичгийг гардууллаа.

ХАРИН АНУ-Д СУУХ ЭЛЧИН САЙДААР ТОМИЛОГДОЖ, ИТГЭМЖЛЭХ ЖУУХ БИЧГЭЭ ГАРДАН АВСАН Ё.ОТГОНБАЯР:

“Танд баярлалаа. АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампад явуулсан захидал болон танд ирсэн захидлын хариуг би сайтар уншсан. Захидалд дурдсан асуудал, хоёр улсын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, оёмол, сүлжмэл бүтээгдэхүүний гаалийн татварын асуудалд онцгой анхаарал хандуулж ажиллана гэдгээ танд зориуд илэрхийлж байна. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболдын айлчлалын талаар мэдээлэлтэй байгаа. Элчин сайдын яамны зүгээс хамаарах бүх ажлыг хичээнгүйлэн хийнэ” гэлээ.

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна