Д.Гантулга гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудал "мухардав"

2018/04/09
УИХ-ын хаврын чуулган эхлэхтэй зэрэгцэн МАН-ын бүлгийнхэн УИХ-ын гишүүн Д.Гантулгын бүрэн эрхээсээ түдгэлзэх хүсэлтийг хэлэлцэв. Учир нь, УИХ-ын гишүүн Д.Гантулгыг прокурорын байгууллагаас яллагдагчаар татаж, УИХ-д бүрэн эрхээс нь түдгэлзүүлэх хүсэлт тавьжээ. Тиймээс УИХ-ын гишүүн Д.Гантулга өөрөө бүрэн эрхээсээ түдгэлзэх хүсэлтээ УИХ дахь МАН-ын бүлгийн хуралд өнгөрсөн баасан гаригт танилцуулсан байна.

УИХ-ын тухай хуулийн 6.13-т “Гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг Төрийн байгуулалт болон Хууль зүйн байнгын хороо, УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны санал, дүгнэлтийг үндэслэн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар, нууц санал хураалтаар шийдвэрлэх” гэж заажээ. Иймээс түүний хүсэлтийг МАН-ын бүлэг хүлээн авч хуулийн дагуу УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хороогоор хэлэлцэхээр болсон юм.

Уг дэд хороо хуралдсан , боловч хуулийн мухардалд орсон талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж хэлэв.

Учир нь, Улсын ерөнхий прокуророос ирсэн санал нь Үндсэн хуулийн Цэцээс хүчингүй болгосон УИХ-ын тухай хуулийн 6.9-т үндэслэсэн аж. Үндсэн хуулийн Цэцийн хуралдаанаар УИХ-ын тухай хуулийн 6.9.1 буюу Улсын ерөнхий прокурор УИХ-ын гишүүнийг гэмт хэрэг үйлдэж байхад нь нотлох баримттайгаар баривчилсан үед түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг УИХ-д оруулах тухай заалтыг хүчингүй болгосон юм. Харин УИХ өдийг хүртэл энэхүү заалтыг өөрчилж, хуульд нэмэлт оруулаагүйгээс ийнхүү хуулийн мухардалд орсон аж. 

Тиймээс одоо уг хуульд өөрчлөлт оруулах хүртэл УИХ-ын гишүүн Д.Гантулгыг бүрэн эрхээс нь түдгэлзүүлэх асуудлыг хэлэлцэхийг хойшлуулав.

Б.Цэнд-Аюуш
Эх сурвалж: Үндэсний шуудан сонин

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна