Хуульч Д.Оросоо Ардчилсан намын хууль зүйн бодлогыг "Зангидна"
Ардчилсан нам шинэчлэлийнхээ хүрээнд фракцын намаас бодлогын нам болох эхлэлээ тавьж, 16 чиг үүрэг бүхий бодлогын зөвлөлөө батлан удирдах хүмүүсээ сонгоод буй. “АН-ын гол зорилго бол бодлогын нам болоход чиглэж байна. Бид ойрын болон дунд хугацааны бодлого, зорилтоо тодорхойлж, өдөр тутмын үйл ажиллагаа болгоно” хэмээн намын дарга, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ өгүүлсэн билээ.
Үүнийгээ ажил хэрэг болгож эхэлсэн бөгөөд дээрх 16 салбар чиглэлийнх нь нэг болсон Хууль зүйн бодлогын зөвлөлийн даргаар хуульч Дэмбэрэлийн Оросоог АН-ын Үндэсний бодлогын хорооны Хууль зүйн бодлогын зөвлөлөөс сонгосон байна. Энэ сонголт нүдээ олсон гэж АН-ын олон гишүүн, дэмжигч үзэж буй гэсэн.
Учир нь Д.Оросоог улстөрч гэхээс илүүтэй удам дамжсан, салбартаа танигдаж хүлээн зөвшөөрөгдсөн, онолын сайн мэдлэг, практик туршлага жигдэрсэн, төр захиргааны ажилд гаршсан, Үндсэн хууль судлаач, хуульч гэдгээр нь салбарынх нь андахгүй. Хууль зүй, хүний эрх, төр захиргааны салбарт 18 жил ажилласан, 40 нас гарч яваа идэр насны хуульчийн хувьд ид хийж бүтээх цаг мөн гэдэгтэй маргах юм алга. 40 хүрсэн эр, дөрвөө дарсан ат гэж монголчууд ярьдаг даа.
Өнгөрсөн дөрвөн жилд нийслэлийн парламентын “гал тогоо” болсон нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгч, Хууль зүй, төрийн байгуулалтын хорооны даргаар ажиллаж, Нийслэл хэмээх их айлын хууль зүйн бодлогыг “зангидаж” явсан туршлагатай хуульч. Бас нийслэлийн Баянгол дүүргийн Засаг даргаар дөрвөн жил ажилласан.
Өмнөх дөрвөн жилд тус дүүрэгт ямар их бүтээн байгуулалт, шинэчлэл, өөрчлөлт өрнөж байсныг эргээд бодоход зорьсон л бол ямар ч том ажлын ард гардаг “зүтгүүр машин” гэж хэлж болохоор. Нийслэл, дүүрэг удирдана гэдэг бол амар ажил биш. Харин ч төр, захиргааны бүх л түвшинд ажилласан, ийм л туршлагатай, “чанагдсан” боловсон хүчин манайд хамгийн их дутагдаж буй.
Тэрбээр өмнө нь ХЗДХЯ-ны Хууль зүйн үндэсний хүрээлэнд Үндсэн хуулийн “эх баригч” Хөдөлмөрийн баатар, Гавьяат хуульч Б.Чимид агсны удирдлагад багш, судлаач, эрдэм шинжилгээний ажилтан, төслийн багийн ахлагчаар зургаан жил ажиллаж, өвгөн багшаас их ч зүйл сурч, эрдэм шинжилгээ, судалгааны ажилд “гаршсан” нэгэн.
Түүний бичсэн нийтлэл, өгсөн ярилцлага суурьтай, даацтай байдаг. Хоосон онол ярьж цэцэрхэж явдаггүй нь түүний онолын цэгцтэй мэдлэг, төр, захиргааны ажлын туршлагатай холбоотой байх. Тэрбээр Үндсэн хуульд өөрчлөлт оруулах журам, Үндсэн хуулийн халдашгүй байдал, Монголд нам, төрийн эрх мэдэл хэрхэн хутгалдсан, татварын нэмэгдлийн тухай гээд хэд хэдэн нийтлэл бичсэн нь өдөр тутмын сонинуудад хэвлэгдэж, уншигчдын талархлыг хүлээсэн юм.
Өнөөгийн эрх баригчдын хийхээр зорьж буй Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслийг хамгийн эсэргүүцэж буй “ тэрслүү хуульч” бол Д.Оросоо. Түүний хуульчийн хувьд бичсэн нийтлэл, өгсөн ярилцлагыг сонсохоор үнэхээр л дэмжиж болохгүй л зүйл харагдаад байгаа юм.
ХЭҮК-ын Үндэсний зөвлөхөөр ажиллаж байсан хуульчийн хувьд хүний эрхийн тухай мэдлэг, мэдрэмж нэлээд өндөр гэж болно. Бусад хуульчдаас ялгарах зүйл нь тэр үг хэлэх эрх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөө, хэвлэл мэдээллийн эрх чөлөөг тууштай дэмжиж, хамгаалж ирсэн хуульч. Энэ чиглэлээрээ ч удахгүй хууль зүйн докторын зэрэг хамгаална.
Олон ч сэтгүүлч, сониныг өмгөөлж хамгаалж байсан даа, манай хэвлэлийн салбарын хувьд хэвлэлийн эрх чөлөөг “ойлгодог” цөөн хуульчийн нэг. УИХ-ын 2016 оны сонгуулиар АН-аас Баянгол дүүрэгт нэр дэвшиж “өвдөг шороодсон” ч УИХ дахь АН-ын бүлгийн хуулийн бодлогын зөвлөхөөр ажиллаж, улмаар тус намын Хууль зүйн бодлогын зөвлөлийн даргаар сонгогдоод байна.
Тэр өмнө “Хуульч бол улстөрч юм” гэж хэлж байсан, УИХ-д хуульч гишүүн олон байх хэрэгтэй гэсэн үзэл бодолтой нэгэн. 2020 онд парламентын сонгуульд даагаа нэхэх нь тодорхой. Монголын парламентын “хатуу самар” гэгдэх болсон туршлагатай, мэргэжлийн цөөн хэдэн хуульч гишүүн байдаг. Харин Д.Оросоогийн хувьд тэдний орыг залгах хуульч мөн гэдэгт бүрэн итгэлтэй байна.
Д.Оросоо 1996 онд Ардчилсан намд гишүүнээр элссэн, өнөөдөр 22 жилийн турш Ардчилсан намд тууштай зүтгэж буй “итгэл даасан” хуульчдын нэг. Түүний эцэг ч орон нутагтаа Ардчилсан хувьсгалын тэмцэлд анхнаас нь оролцож ирсэн, АН-ын анхны гишүүдийн нэг байсан юм билээ. Д.Оросоо аль нэг нам, эвслээс АН-д “шилжиж” орж ирээгүй, анхнаасаа л итгэл үнэмшилдээ тууштай явж ирж.
Хуульч Д.Оросоо сүүлийн үед УИХ-аас батлан гаргаж буй хуулийн “чанар”-т мэргэжлийн хүний хувьд ихээхэн шүүмжлэлтэй хандах болжээ. Тэрбээр Монголд хууль зүйн техникийг шинэ шатанд гаргах шаардлагатай байгаа, УИХ-аас гаргаж буй шинэ хуулиуд өмнөхөө хуулбарласан шинж илт ажиглагдаж, нэмэлт, өөрчлөлтийн түвшинд шийдэж болох зүйлийг хуулийн шинэчилсэн найруулга болгож оруулан батлуулах нь их болж байгаа нь хууль тогтоомжийн системчлэл, тогтвортой байдлыг алдагдуулах болсныг ихэд шүүмжилж буй.
Өнгөрсөн долоо хоногт Хууль зүйн үндэсний хүрээлэнд болсон Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийн хэлэлцүүлэгт оролцож тэр илтгэл тавьсан. Илтгэлдээ уг хуулийн төсөлд хэм хэмжээ тогтоогоогүй, тунхагласан шинжтэй, хүч оруулсан нэр томьёо цөөнгүй байгааг дурдаж, хууль бол зохицуулах шаардлагатай нийгмийн хүрээнээс халихгүй байх, олон төрлийн харилцааны цуглуулга байж болохгүйг мэргэжлийн хуульчийн хувьд сануулсан.
Хууль тогтоомжийн тухай хуулиар хүчин төгөлдөр хуульд таван жил тутамд, шаардлагатай тохиолдолд хуулийн хэрэгжилтийн үр дагаварт үнэлгээ хийх учиртай. 1994 онд батлагдсан Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуульд хэрэгжилтийн үр дагаварын үнэлгээ хийх, мөн энэ хуулийн төсөлд Хууль зүй, дотоод хэргийн яам эрх зүйн магадлагаа, дүгнэлт хийх хэрэгтэй байгааг мэргэжлийн хуульчийн хувьд хэлж байлаа. Бидэнд хоосон улстөржилтөөс илүү ийм л мэргэжлийн хүний үг, оновчтой дүгнэлт ус, агаар мэт хэрэгтэй болсон цаг.
Өдгөө АН бодлогын нам болохоор зорьж буй энэ үедээ Д.Оросоогоор Хууль зүйн бодлогын зөвлөлөө удирдуулахаар болсон нь салбартаа олон жил ажилласан, Үндсэн хууль судлаач, нийслэл, дүүрэгт ажилласан туршлагыг ч харгалзан үзсэнийх биз. Манай улс төрийн тогтолцоо гажуудаж, төрийн дээд эрх мэдлийн хяналт, тэнцвэр алдагдсан, нам, төрийн эрх мэдэл хутгалдсан, хуулийн засаглалыг үгүй хийснээс болж Монголд ардчиллын чанар дордож, Үндсэн хуулийн халдашгүй байдал алдагдаж байгаа тухай зоригтой дуугарч буй мэргэжлийн хуульчаа АН Хууль зүйн бодлогын зөвлөлийн даргаар сонгосон нь нүдээ олсон шийдвэр гэдгийг жирийн гишүүд, дэмжигчид үзэж байна.
Эх сурвалж: Өнөөдөр сонин
Сэтгэгдэл бичигдээгүй байна