Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Боаогийн чуулга уулзалтад оролцох үеэрээ Олон улсын валютын сангийн Гүйцэтгэх захирал Кристин Лагардтай уулзав.
Монгол Улс ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийг амжилттай хэрэгжүүлж байгаагийн дүнд эдийн засгийн өсөлт хурдасч, хөрөнгө оруулалт нэмэгдэн, төсвийн тэнцэл сайжирч буйг Ерөнхий сайд тэмдэглэв. Мөн эдийн засаг хүнд байх үед дэмжлэг туслалцаа үзүүлсэнд ОУВС-д талархал илэрхийллээ. Монгол Улсын Засгийн газар төсвийн сахилга батыг сайжруулах, зарлагыг багасгах замаар төсвийн алдагдлыг бууруулах, түүнчлэн эдийн засгаа төрөлжүүлж олон тулгуурт болгохыг зорьж байна гэлээ.
“Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хэрэгжилтийн явцад ОУВС сэтгэл хангалуун байгаа бөгөөд Монгол Улс холбогдох арга хэмжээг үргэлжлүүлэн хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа Кристин Лагард илэрхийлэв. Тэрээр ОУВС-гийн баг ирэх зургаадугаар сард Монголд ажиллан, хөтөлбөрийн хэрэгжилтийн явцын талаар Монголын холбогдох байгууллагуудтай ярилцахаар төлөвлөж буйг мэдээлэв.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх ОУВС-гийн гүйцэтгэх захирал Кристин Лагардыг тааламжтай цагтаа Монголд айлчлахыг урив гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна