Хэнтийн тойрогт нэр дэвших намуудын дарга нарын хэн нь хэн бэ?

2018/08/16
Хэнтийн 42-р тойрогт нэр дэвших магадлалтай улстөрийн намуудын дарга нарыг танилцуулвал хамгийн эхэнд, мэдээж эрх баригч МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн нэр бичигдэж таарна. Гэхдээ өөрөө болохоор “Би Хэнтийн 42 дугаар тойрогт болох нөхөн сонгуульд нэр дэвшин өрсөлдөхгүй ээ. Тэртэй тэргүй надад хийх ажил маш их, зав зай ч бараг л байхгүй байна. Тийм болохоор би тэнд өрсөлдөж цаг заваа барахыг хүсэхгүй” хэмээн намынхаа гишүүдэд мэдэгдсэн гэх юм билээ. Гэхдээ намын гишүүд нь яалт ч үгүй түүнийг нэр дэвшүүлэн өрсөлдүүлэхээр зүтгээд байгаа учир эцсийн бүлэгт яалт ч үгүй нэр дэвшиж л таарах болов уу.

Хэнтийн тойрогт хүч үзэх дараагийн улстөрч бол ялынх нь хугацаа дуусч, яалт ч үгүй ямарваа сонгуульд өрсөлдөх эрх нь нээгдсэн Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч асан, МАХН-ын дарга Н.Энхбаяр гэдэгтэй олон хүн санал нэгдэх болов уу. Энэ жил 60 нас зооглосон Н.Энхбаяр даргын хувьд Хэнтийн 42 дугаар тойрогт ялалт байгуулан УИХ-д ороод ирэхэд гайхаж алмайраад байх хүн бараг л гарахгүй болов уу.  Учир нь тэрээр Монгол Улсын Ерөнхий сайд, УИХ-ын дарга, Ерөнхийлөгчөөр ажиллаж үзсэн, Монгол төрийн дээд гурван местэнд сонгогдон ажиллаж үзсэн ганц улстөрч учир Хэнтийн 42 дугаар тойргийн сонгогчид төдийлөн гайхалгүйгээр түүнд саналаа өгчих бүрэн боломжтой гэж дүгнэж болно.

42-р тойргоос сонгогдоно хэмээн өөртөө нэлээн найдлага тавьж, нөхөн сонгуульд хүч үзэхээр яарч байгаа улстөрч бол энэ жил 59 насыг зооглоод байгаа Бүгд найрамдах намын дарга, “Буян” компанийн босс Б.Жаргалсайхан. Б.Жаргалсайханы тухайд УИХ-д орж ирж Үйлдвэр, худалдааны яамны сайд хийгээд үзчихсэн товариш учир Хэнтийн 42 дугаар тойрогт ялалт байгуулж, УИХ-д орж ирэхийн төлөө хөрөнгө мөнгөө хайрлахгүй давших болов уу. Магадгүй түүний туслахууд боссыгоо Хэнтийн 42 дугаар тойрогт ялалт байгуулан УИХ-д оруулан ирэхийн тулд сонгогчдод юу ч амлаж, юугаар ч гарыг нь цайлгаж мэдэх л юм.

“Буян”-гийн Б.Жаргалсайхантай эцсээ хүртэл тэмцэлдэх, магадгүй эцсээ хүртэл ”Навшилцах” дараагийн өрсөлдөгч бол “Ард түмнээ хайрлая” хэмээх гажигтай гэмээр нэртэй намын дарга, өнөөх Л.Гүндалай хэмээх энэ жил 55 настай, жаахан гажигтай эр байх нь тодорхой юм. Тэрээр гурван ч удаа УИХ-д суугаад үзчихсэн, хааяа хааяа жаахан элийрч балайраад явчихдаг, бас л нэлээн ойлгомжгүй товариш гэдгийг Хэнтийн 42 дугаар тойргийн сонгогчид андахгүй мэдэх нь ойлгомжтой. Тэрээр сонгуулийн сурталчилгааныхаа үеэр юу ч гэж айлдаж магадгүй, бас гурил, будаа гээд юу ч тараагаад шидэлж болзошгүй сүрхий адармаатай тогтолцоотой нөхөр гэдгийг Монголчууд андахгүй мэдэх билээ. Тэрээр анх Хөвсгөлд бие даан нэр дэвшин өрсөлдөхдөө Нисдэг тэрэгнээс гурил, будаа тараан шидэлсээр байгаад л гараад ирж байсныг Монголчууд одоо ч сайн санаж л байгаа болов уу.

Хэнтийн тойрогт хүч үзэхээр зэхэж байгаа өөр нэг эрхмээр “Монголын Консерватив нам”-ын дарга, энэ жил дөнгөж л 38 нас зооглоод байгаа Н.Дашдаваа хэмээх улстөрчийн нэр тодроод байгаа юм. Н.Дашдаваагийн хувьд бусад нэр дэвшигчдийн хажууд улстөрийн аливаа хор найруулах, эрх мэдэл рүү үхэн хатан шунан дурлах талаар төдийлөн урагшлан давшиж байгаагүй, нэр төр нь цэвэр нэгэн гэдгийг Хэнтийн 42 дугаар тойргийн сонгогчдын зарим хэсэг нь мэдэх болов уу. Ямартай ч Хэнтийн 42 дугаар тойрогт “Монголын Консерватив нам”-ын дарга Н.Дашдаваа  ялалт байгуулчихвал Монголын улстөрд бас нэгэн арай дөнгүүр товариш орж ирэх нь ойлгомжтой болох болов уу.

УИХ-д суудалтай ч Д.Муратаа алдах дээрээ тулаад байсан АН-ын тухайд Сүмогийн Их аварга Д.Дагвадоржийг нэр дэвшүүлэхээр эртнээс ярилцсан гэх. Магадгүй Их аварга Д.Дагвадорж нэр дэвших аваас тун хүчтэй өрсөлдөгч байхыг үгүйсгэхгүй. Эх сурвалжаас авсан мэдээллээр АН-ын дарга С.Эрдэнэ Д.Дагвадоржоос гадна Хэнтийн засаг дарга асан Ж.Оюунбаатарыг нэр дэвшүүлж магадгүй гэх мэдээлэл байна. Ж.Оюунбаатарын тухайд 2016 оны УИХ-ын сонгуульд Хэнтийн 42-р тойрогт нэр дэвшин Д.Гантулгад ялагдаж байсан юм. 

Х.Онон

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна