"Ерөнхийлөгч бол төрийн тэргүүн, Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч мөн"
Монгол Улсын төрийн тэргүүн ямар хүн байх тухайд Үндсэн хуулийн 30 дугаар зүйлд ийм заалт бий. Түүнээс хагалан бутаргаж, эсвэл ард түмнээ ар, өврөөсөө төрсөн мэт алаг үздэг байж болохгүй. Х.Баттулга манай улсын төрийн тэргүүн болсноосоо хойш иймэрхүү үйлдэл удаа дараа гаргаж байгаа учраас ийнхүү онцолсон хэрэг. Тухайлбал, энэ зун нийт нутгаар усархаг бороо орж буйн улмаас хүн, малгүй усанд амь насаа алдах тохиолдол тасрахгүй байна. Хамгийн том жишээ нь, Баян-Өлгий аймагт их хэмжээний үер бууснаас 500 гэруй айл үерт өртөж, 2000 гаруй иргэн орон гэргүй болсон. Харин хамгийн сүүлд, Дорноговь аймгийн Айраг суманд мөн богино хугацаанд хүчтэй үер бууснаас галт тэрэг осолдож, олон хүн бэртэж ч гэмтлээ. Цаашлаад Айраг сум тэр чигтээ үерт автсан, мөн л арав гаруй айл усанд урссан харамсалтай ч хэрэг гараад байна. Өнөөх л цагдаа, онцгой, эмнэлгийн алба хаагчид өдөр шөнөгүй ажилласан. Харин албаныхнаас дээрх газрын удирдлагуудаас гадна Ерөнхий сайд, Шадар сайд, салбарын сайд зэрэг холбогдох хүмүүс газар дээр нь очиж ажиллаж, удирдлагаар ханган, шаардлагатай тоног төхөөрөмж, хэрэгслийг дөхүүлснийг та бид харсан. Харин ийм байгалийн гамшиг тохиолдож, ард иргэд нь усанд урсаж байх үед Ерөнхийлөгч Х.Баттулга хаана байв. Сошиалаар шуугисан бүхэнд ажил, амралтын өдөр гэлтгүй давхиж очоод явсан "баатарлаг" Ерөнхийлөгч маань энэ удаад юуны учир нүд, чихээ бөглөчихөв. Улсын нийслэлд хүмүүс жагсч цуглан, болж бүтэхгүй зүйл гарвал явж очно. Бусад үед буюу орон нутагт юу ч болсон надад хамаагүй гэдэг байдлаар хандаж байгаа хэрэг үү. Нийслэлийн иргэд урдаас нь, орон нутгийн иргэд араас нь "төрөөгүй" л байлтай. Албан тушаалд очсон жил хагасын орчимд Х.Баттулга гэдэг хүн төрийн тэргүүний хувиар асуудалд хандаж, үнэлж дүгнэж чадахгүй байгаа учраас ийнхүү харьцуулан жишихэд хүргэж байна.
ТӨРИЙН ТЭРГҮҮН БОЛСОН ДАРУЙДАА ИРГЭН БҮРИЙН ҮГИЙГ СОНСОНО, ХАРИН ДАРАА НЬ...
Х.Баттулга "шинэхэн дээрээ соньхон" гэгчээр 2017 оны долоодугаар сард ажил авсан даруйдаа орон нутгийн иргэдтэйгээ уулзан, хөдөө хөхөрч гадаа гандаж нэлээд явсан.Харин эргэж ирээд сошиал шуугианд нэлээд ач холбогдол өгсөн гэхэд хилсдэхгүй. Өөрөөр хэлбэл, тэрбээр олон нийт хаана, ямар асуудалд анхаарал хандуулж шуугина. Тэр бүрт гүйж очсоныг уншигч та бүхэн санаж байгаа биз ээ. Х.Баттулга ба түүний нөхөд сошиал мэдрэмж өндөртэй учраас фэйсбүүк, твиттер зэрэгт ямар л сэдэв олны анхаарлыг татаж байна, тэр бүрт нэг хэсэг гүйж очсон. Хаврын хаварт улс төр идэвхжиж, жагсаал цуглаандаа тулдаг жишиг давтагдаж, олон нийтийн сүлжээнд иргэдийг талцаж хуваасан олон ч үйл явдал болов доо.
Тухайлбал, өнгөрсөн тавдугаар сард Богд хааны ордон музейн газраас хумсалсан "АПУ" компанийнхан тус музейн газарт цэнгээний асар барихаар зэхсэн нь сошиалд нэлээд шуугиан дэгдээсэн. Харин Ерөнхийлөгч маань тэр даруйд нь буюу амралтын өдрөөр давхиад очсон байдаг. Ингээд "Түүх соёлын дурсгалт газрыг хамгаалах, хөгжүүлэх талд тууштай ажиллана" хэмээсэн. Төрийн тэргүүн ийнхүү сүржин даржин байдлаар асуудалд хандаж очсон ч нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч уг асуудлаар аль хэдийнэ шийдвэр гаргасан бөгөөд Богд хааны ордон музейд олгосон газрын зөвшөөрлийг цуцалснаар асуудал намжсан юм. Харин үүнээс хэдхэн хоногийн дараа эмч, эмнэлгийн ажилтнууд цалингаа нэмүүлэхээр Д.Сүхбаатарын талбайд суулт зарласан. Ерөнхийлөгч Х.Баттулга уг суултын маргааш л яваад очсон юмдаг. Тухайн үед тэрбээр цалин хөлс нэмэгдүүлэх шаардлагатай нь санал нэгдэж буйгаа илэрхийлээд "Багш, эмч зэрэг зарим салбарынхан баталгаатай цалинтай тул нийгмийн халамж талаас нь хүүгүй зээлд хамруулах замаар орон сууцаар хангах, Улаанбаатар хотоос алслагдсан газарт ажиллаж байгаа ажилтнуудын цалин хөлс, хангамжийг бүсчлэн нэмэгдүүлэх бодлого баримталж байгаа" гэж хэлсэн. Хэдийгээр түүний хэлсэн энэ үг суулт зарлагсдад нааштай сонсогдсон байж болох ч энэ тухайд Ерөнхийлөгч өнөөдөр юу хийсэн бэ. Ур дүн үнэндээ тэг. Учир нь, Төрийн тэргүүн маань ямар ч бодлого төлөвлөлтгүйгээр, ард түмэндээ хайртай баатрын дүрээр очсон учраас тэдэнд таалагдах үгийг олж хэлэх нь чухал байсан болохоос Монгол Улсын төсөв, эдийн засгийн байдал эрүүл мэндийн салбарынхны цалин, хөлсийг нэмэгдүүлэхэд боломжтой эсэх нь падлий ч үгүй байсан байж таарна. Тиймдээ л АН-ынхны элгээр нь хэвтүүлээд орхисон эдийн засгийг сэргээхийн тулд ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдсан, төсөв санхүүгийн сахилга бат өндөр, захиран зарцуулалт хумигдмал байдалд байгааг мэдсээр атал ийм л үг хэлж байв. Энэ мэт асуудлыг чухалд үл тооцвол ямартай ч Ерөнхийлөгч маань эрүүл мэндийн салбарынхандаа анхаарал хандуулж, биеэр очин тэдний асуудлыг сонссон. Энэ удаад ч мөн та Монгол Улсын төрийн тэргүүний хувиар Баян-Өлгий, Дорноговийн ард иргэдтэй очиж уулзаач. Осолдсон галт тэргийг хэрхэн дахин ашиглалтад оруулах тухайд ч таны үүрэг, оролцоо хэрэгтэй байж болох юм. Гэтэл нүд, чихээ бөглүүлсэн мэт дуугүй суух нь юуны учир вэ. Нэгэнт ард түмний итгэлийг аваад Монгол Улсын №1 хүн болсон хойно хаана, юу болох нь танд хамаагүй гэж үзэж байгаа хэрэг үү.
Асуудал дэгдэх бүрт хүрч очоод, ард иргэдийнхээ дуу хоолойг сонсдог жишгийг нэгэнт тогтоосон хүн нь та өөрөө. Тийм ч учраас энэ удаад байгалийн давагдашгүй хүчин зүйлийн өмнө хүчин мөхестсөн ард иргэд чинь таныг хайж байна. "Төрийн тэргүүний хувьд Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг хангах ашиг сонирхлын үүднээс хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлийг хэрэгжүүлдэг ес байгууллагууд зүй зохистой харилцан ажиллахад нь Үндсэн хууль болон бусад хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд дэмжлэг үзүүлнэ" хэмээн өөрийн тань эрх, үүргийг Үндсэн хуульд тодорхойлсон байдгийг санан, ард иргэдэд аль чиглэлийн дэмжлэг туслалцаа хэрэгтэй байгааг биеэр очин сонсч, тэдэнд дэм үзүүлээч. Айл гэрт аав нь хүүхдүүдээ ад үздэг бол тэнд хайр халамж, эв нэгдэл, ирээдүй гэж юу байх билээ. Үүний адилаар Монгол Улсын төрийн тэргүүн нь ард түмнээ алагчилдаг, асуудлыг шийдэхээ хүрвэл шийддэг, хүсэхгүй бол хөдөлдөггүй байвал улс орон чинь хэрхэн хөгжиж, ард түмэн хэрхэн итгэл дүүрэн амьдрах билээ. Одоо та, "тамирчин Х.Баттулга" биш болсон учраас Монгол Улсын төрийн тэргүүний эрх, үүргээ ухамсарлан асуудалд бодитой, голчтой ханддаг байх хэрэггэй байна.
ГАЛ, УСНЫ ГАМШИГТ ЯЛГАА БИЙ ГЭЖ ҮҮ
Бас нэгэн жишээ. Х.Баттулга өнгөрсөн оны долоодугаар сарын 10-нд Ерөнхийлөгчийн тангараг өргөж байлаа. Тэрбээр үүнээс ердөө зургаахан хоногийн дараа буюу долоодугаар сарын 16-нд түймрийн голомтоос ажлаа эхлүүлж байв. Тодруулбал, одоогоос жилийн өмнө манай улсын нийт нутгаар хуурайшилт ихтэй байснаас цөөнгүй газар түймэрт өртөөд байсан юм. Тэр дундаа Монгол Улсын Ерөнхийлөгч Төв аймгийн Батсүмбэр сумын ой хээрийн түймэртэй бүс нутагт ажиллах үеэр улсын хэмжээнд 22 түймэр асч байв. Эдгээр түймэрт хүн хүрч очиж болох ч унаа машин хүрэх боломжгүй учраас уулын орой дахь галыг унтраахын тулд усны цистерн ойртуулж зогсоож, хувингаар ус зөөх зэрэг арга хэрэглэж буйгаа албаныхан тухайн үед Ерөнхийлөгч Х.Баттулгад илтгэж байлаа. Үүний дагуу тэрбээр түймрийг яаралтай унтаахын тулд хэчнээн тооны ямар техник, нэмэлт хүч хүч хэрэгтэй байгаа талаарх мэдээллийг яаралтай тодорхой болгохыг үүрэг болгож байв. Мөн олон тооны иргэн, аж ахуйн нэгж түймрийн гамшгийг даван туулахад туслах хүсэлтэй байгаа ч хаана, хэнд хандахаа мэдэхгүй байгааг Ерөнхийлөгч сануулж, яаралтай тусгай утас ажиллуулах, зохион байгуулалтад оруулж олны хүч дэмжлэг авах талаар ч сануулж ажилласан. Харин энэ жилийн хувьд яг л ижил нөхцөл байдал үүссэн. Ялгаа нь нэг нь гал, нөгөө нь үер усны гамшиг байв. Өөрөөр хэлбэл, энэ сарын 12- нд Улаанбаатараас Сайншанд чиглэлд хөдөлсөн галт тэрэг үерийн улмаас эвдэрсэн замаас гарч, хоёр зүтгүүр нэг чиргүүл осолдсон ноцтой хэрэг гарсан. Тухайн үед осол болсон газарт дугуйт техник хүрч ажиллах ямар ч боломжгүй, усанд сууж байснаас гинжит техник буюу цөөнгүй тооны танкаар сэргээн босголтын ажлыг хийсэн. Цаашлаад ОХУ-аас хүртэл өргөгч кран авчруулж, унасан вагоныг босгосон байдаг. Ослын улмаас галт тэргэнд зорчиж явсан 328 хүнээс цөөнгүй нь гэмтэж бэртсэн. Албаныхны хэлснээр энэ бол яалт ч үгүй байгалийн давагдашгүй хүчин зүйл байжээ. Цаашлаад Айраг сум тэр чигтээ үерт автаж, олон айл орон гэргүй болсон юм. Ингэж ард түмнийх нь нэгээхэн хэсэг гамшигт өртөж байхад Төрийн тэргүүн та хаана явав. Энэ бүхнийг үзэж, сонссон л байлтай. Газар дээр нь очиж, уулзаж учирч чаддаггүй юм гэж бодоход ганц ч үг ган хийгээгүй нь харамсалтай. Эцэст нь хэлэхэд, жирийн иргэн Доржоос бид үг сонсох гэсэнгүй, үйл хөдлөл хүссэнгүй. Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгчийн хувьд эрхэм Ерөнхийлөгчид энэ зэргийн хайр халамж байх л учиртай юм, уг нь.
М.Өнөржаргал
Сэтгэгдэл бичигдээгүй байна