МАХН-ын дарга Н.Энхбаяр, экс хотын мээр Э.Бат-Үүл нар Хэнтийн нөхөн сонгуульд өрсөлдөнө

2018/08/20
Хэнтий аймгийн 42-р тойрогт явагдах нөхөн сонгуульд улс төрийн намууд хэдийнээ бэлдэж эхэлсэн. Энэ удаагийн нөхөн сонгуульд оролцох тухай хүсэлтээ Улсын дээд Шүүхэд бүртгэлтэй 14 нам Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлсэн ч 13 намыг бүртгэж улмаар намуудад батламжийг нь гардуулж өгсөн. Батламжаа гардаж авсан намууд наймдугаар сарын 31-ний өдрөөс есдүгээр сарын 4-нийг дуустал хугацаанд нэр дэвшигчдээ тодруулах бөгөөд бие даан нэрээ дэвшүүлэгчид наймдугаар сарын 31-ний өдрөөс ирэх сарын 6-ны өдрийг дуустал 7 хоногийн хугацаанд нөхөн сонгууль явагдаж буй тойргийн 801-ээс доошгүй тооны сонгогчийн гарын үсэг цуглуулах үйл ажиллагаа явагдана.

Нөхөн сонгууль ойртож байгаа энэ үед сонгуульд горилогчдын нэр эхнээсээ тодорч буй. Сүүлийн мэдээллээр, АН-аас нөхөн сонгуульд нэр дэвшигч тодорхой болжээ. Тодруулбал, хотын дарга асан Э.Бат-Үүл УИХ-ын сонгуулийн 42-р тойрог буюу Хэнтий аймагт нөхөн сонгуульд нэр дэвшихээр бэлтгэж байгаа гэдгийг ойрын эх сурвалж хэллээ.  Хэнтийд өвдөг шороодсон Ардчилсан намын экс Засаг дарга Ж.Оюунбаатарыг дахин сойх болов уу гэсэн таамаг яригдаж байсан боловч АН Э.Бат-Үүлийг намдаа суудал авчирна гэж үзсэн бололтой.

Түүнчлэн Хэнтий аймагт болох нөхөн сонгуульд МАХН-ынхан намын дарга Н.Энхбаярынхаа нэрийг дэвшүүлэхээр болсон байна.

Энэ талаар МАХН-ын дэд дарга С.Ганбаатар "Хэнтийн нөхөн сонгуульд Н.Энхбаярыг нэр дэвшүүлнэ гэж би бодож байгаа. Дэвших байх. Гэхдээ намын эрх бүхий байгууллагаас хэн нэр дэвшихийг шийддэг. Монгол төрийн толгойд бугшсан луйварчдыг зоригтой хүчтэй хүн орж байж байранд нь тавина" хэмээн хэвлэлд байр сууриа илэрхийлжээ.

Х.Онон


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна