Л.Оюун-Эрдэнэ: "М.Энхболд 60 тэрбумын хэрэгт нэр холбогдсондоо харамсаж байгаагаа илэрхийлсэн"

2018/08/21
УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр хэвлэлийн бага хурал хийж, УИХ-ын дарга М.Энхболд “60 тэрбумын хэрэгтэй холбоотойгоор бичгээр харамсаж буйгаа илэрхийлсэн бичиг илгээсэн, энэ бол буруу зүйл хийвэл үнэнээ хэлдэг байх нэг соёл тогтохын эхлэл гэж үзэж байна” хэмээн мэдээллийнхээ эхэнд тодотгосон юм.

Тэрбээр, "Өчигдөр 18:00 цагт УИХ-ын даргаас надад албан бичиг ирүүлсэн. Уг албан бичиг "Миний бие хэн нэгнийг албан тушаалд томилж, авлига авч байгаагүй. Гэхдээ 60 тэрбумын хэрэгт нэр холбогдсондоо харамсаж байгаа" гэсэн агуулгатай байна. 

Энэ нь сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд төрийн гурван өндөрлөгийн нэг албан ёсоор харамсаж байгаагаа илэрхийлж, уучлалт гуйсан анхны тохиолдол боллоо.

Мөн Улсын Их Хурлын дарга ээлжит бус чуулган хуралдуулах тухай саналаа Хууль зүйн байнгын хороонд хүргүүлснээ албан бичигт мэдэгдсэн байна.

Ээлжит бус чуулганы асуудлыг энэ долоо хоногтоо багтаан Хууль зүйн байнгын хороогоор оруулах юм байна гэж би ойлгож байгаа.

Хэсэг парламентын гишүүд зуны хоёр сарын хугацаанд нэг асуудал дээр төвлөрөөд ажиллахад хэрэгсэхгүй болоод хаагдсан байсан хэргийн талаар ийм шийдэлд хүрч чадлаа. Тэгэхээр цаашдаа бүх парламентын гишүүд нам харгалзахгүй нэгдээд ажиллавал ард иргэдийн хүсээд байгаа шударга ёсыг бий болгож чадна хэмээх итгэл үнэмшилтэй ажилласан.

Ээлжит бус чуулган хуралдуулах тухай албан бичигт гарын үсэг зурсан 26 гишүүн өнөөдөр уулзана. Цаашид хэрхэн ажиллахаа ярилцана.

Харамсаж байгаагаа бичгээр илэрхийлнэ гэдэг бол манай улсад тэр дундаа М.Энхболдоос гаргахад хэцүү шийдвэр гэж би харж байгаа.

Харамсаж байгаагаа илэрхийлсэн бичгийг би тэр хүн харамсаж байгаагийн илэрхийлэл гэж ойлгож байгаа. Тэр хүн өөрөө тэгж ойлгохгүй байгаа бол мэдэгдэл хийх байх.

Ээлжит бус чуулганы хувьд Монгол Улсын Ерөнхийлөгч болон УИХ-ын 26 гишүүн шаардчихсан байхад зарлахгүй байж байгаад ээлжит чуулган эхэлбэл Үндсэн хуулийн зөрчил болно.

60 тэрбумын хэрэгт холбоотой утсыг ажиллуулсан. Тус утсаар ирсэн 90 гаруй мэдээллийг нэгтгээд Тагнуулын Ерөнхий Газарт шилжүүлж байгаа.

Зөвхөн 60 тэрбумын хэргээс гадна Монгол Улсын эрх ашигт ноцтой асуудал болоод буй хэргүүдийг шалгах хэрэгтэй. Тухайлбал, Стандарт банкны хэрэг байна. Эдгээр хэрэг дээр ард түмэн, УИХ-ын гишүүд, хэвлэл мэдээллийнхэн хамтраад ажиллах хэрэгтэй байна" гэв.

УИХ-ын даргаас ирүүлсэн албан бичиг:





Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна