М.Билэгт гишүүний зургийг данхан дээр фотошопдож, зурж нийтэлсэн байсан гэв

2018/08/23
УИХ-ын гишүүн М.Билэгт тойргийнхоо иргэдтэй уулзалт хийх үеэрээ данх, гутал, хивс зэргийг сугалаагаар азтан тодруулж бэлэглэсэн хэмээн шүүмжлэлд өртөөд байгаа билээ. Тэгвэл уг асуудлаар гишүүн дараах тайлбарыг хийжээ. Тэрбээр:

"Сайн байцгаана уу. Эрхэм сонгогч, Монголын ард түмэн та бүхэн минь сайхан намаржицгааж байна уу.

Миний бие УИХ-ын гишүүний хувиар тойргийнхоо сонгогч түмэнтэйгээ уулзаж УИХ, Засгийн газраас гарч буй шийдвэр, хуулийн талаарх мэдээллүүдийг өгч явна.

Сүүлийн үед олон нийтийн сүлжээгээр над руу дайрч, доромжилсон янз бүрийн пост хийж, зарим нэг нь зориудаар хуурамч хаягуудаас дураараа л муулж, намайг муухай харагдуулах бүхий л оролдлогыг хийж байх шиг байна.

Би таны ээж, хань, таны эгчтэй адил эх хүн. Бас олон дүү нар нартай амьдралыг нуруун дээрээ үүрч яваа эгч хүн, эх орныхоо хөгжилд чадах ядахаараа нэмэр үзүүлэхийн төлөө бор зүрхээрээ зүтгэж яваа жирийн монгол эмэгтэй.

Намайг “Билэгт авгай, арчаагүй, новш...гэх мэтээр” бүр данхан дээр зохион байгуулалттайгаар #фотошопдож миний зургийг хүртэл зурж нийтэлсэн байна билээ.

Яах вэ. Та бүхэн намайг юу ч гэж хэлж болно. Надад худлаа ярьсан, хулгай хийсэн үйлдэл байхгүй учраас энэ бүхнийг даагаад гарах сэтгэлийн хат бий. Магадгүй би уран цэцэн ярьдаггүй байх, гэхдээ өөрийнхээрээ бодол санаагаа л илэрхийлдэг. Энэ бодит байдал хэний ч амьдралд хэнд гай болохгүй.

Харин Улс төрийн янз бүрийн буруу зүйлийн лобби, бүлэглэлттэй хамтарч ажиллахгүй, хэн нэгний халаасанд орохгүйгээр төрийн хүн, ард түмний төлөөллийн үүргээ үнэнчээр биелүүлэх гэж зүтгэсний минь хариуд намайг нийгэмд муухай харагдуулах гэж оролдож байгаа нь энэ юм шиг байна.

Би Хонгор нутгийнхаа төлөөллийн хувьд сонгогчиддынхоо хүүхдүүдэд жил бүр хувийн зүгээс хичээлийн хэрэглэл гардуулдаг юм. Энэ нь ч уламжлал болчихсон. Нөгөөтэйгүүр малчдад хамгийн их хэрэгцээтэй байдаг бакал гутлыг цөөхөн ч гэсэн хүнд “өгчих юмсан” гэж ямар нэгэн атгаг санаа агуулахгүйгээр өгчихсөн минь буруудаад байх зүйл биш гэж бодож байна.

20 гаруй жил халуунд халж, хүйтэнд хөрч бий болгосон зүйлээсээ хэдэн хүүхдүүдэд хичээлийн хэрэглэл, цөөхөн малчинд гутал өгөхөд надаас нэг их юм уначихгүй байх.

Харин илүү олон хүнийг уулзалтад урьж, сонирхолтой байлгах үүднээс уулзалт зохион байгуулж байгаа хүмүүс маань сугалаа маягаар явуулсанг нь буруутгаад байх шиг байна. Мэдээж хөдөө орон нутгийн иргэд маань янз бүрийн хов, дам худал мэдээлэл сонсож байхын оронд УИХ-ын гишүүнийхээ уулзалтад олон хүн ирж зөв мэдээллээр хангагдвал ард түмэнд сайн. Үүнтэй та ч гэсэн санал нийлэх байх.

Үүнээс гадна #хавдраас болж олон олон гэр бүлд хагацал учирч, мөнгө санхүүгийн гачигдал ч маш ихээр гарч байна. Гадагшаа явж эмчлүүлж буй эмчилгээнд гэхэд монголчууд жилдээ дор хаяж 11 тэрбум төгрөгийг зарцуулж байгаа гэх тоон мэдээлэл бий. Гадагшаа явах мөнгөгүй нь хувь заяандаа даатгаад хорвоог орхиж байна. Олон улсын өндөр зэрэглэлийн эмч нар Монголд ирж эмчилгээ, хагалгаа хийх гэхээр өндөр хөгжилтэй орны стандартыг хангасан зориулалтын орчин нөхцөлгүйгээс болж ирдэггүй.

Тийм учраас миний бие 20 гаруй жилийн бизнесийн хуримтлалаараа дэнчин тавьж арилжааны банкнаас хөрөнгө оруулалтын зээл авч өөрийн хөрөнгөөрөө олон улсын түвшний, Япон стандартын Хавдрын эмнэлэг барихаар шулуудсан минь тэр. Гэтэл нэг хэсэг шантаажчин иргэд орон сууцны цонхоор харах “үзэгдэх орчин хязгаарлалаа ” гэх мэтээр элдэв шалтаг шалтгаанаар шүүхэд маргаан үүсгэсэнээр 5,6 жил дарамт учруулж миний цаг хугацаа, бизнест ч их гарз гаргасан.

Энэ хавдрын эмнэлэгийг барих бүх зүйл стандарт, хуулийн дагуу болж байгаа гэдгийг тэр эмнэлгийг бүтээн босголцож буй бүх хүн гэрчилнэ. Чухамдаа монгол хүний эрүүл мэнд, амь нас бүхнээс чухал гэдэгт та надтай санал нэгдэх байх.

Эрхэм та бүхэндээ сайн сайхны дээдийг хүсэн ерөөе" гэжээ.
 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна