Хүүхдийг хүчирхийллийн бай, гэмт хэрэг, золгүй тохиолдлын золиос болгохгүй байх чиглэлээр өгсөн үүрэг даалгаврынхаа биелэлтийг Ерөнхийлөгч Х.Баттулга холбогдох албан тушаалтнуудаас нэхлээ. Ерөнхийлөгчөөс өгсөн үүргийн дагуу хүүхэд хамгааллын талаар хийсэн ажлаа төрийн найман байгууллагаа /дөрөв нь өгөөгүй/ тайлагнасан ч хүүхэд аюулгүй, амар тайван байх нөхцөл бүрджээ гэж тайвшрах хэмжээнд биш байгааг тэрбээр шүүмжилсэн юм.
Уулзалтад ЦЕГ-ын дарга, хурандаа С.Баатаржав, хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Бямбадорж, шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж, МХЕГ-ын дарга Н.Цагаанхүү, БСШУСЯ-ны Ерөнхий боловсролын бодлогын газрын дарга Т.Ням-Очир болон УИХ-ын гишүүн Н.Оюундарь, Б.Саранчимэг, Ерөнхийлөгчийн зөвлөхүүд зэрэг 20 хүн оролцлоо. Монгол улс хүүхдэд ээлтэй орчныг бүрдүүлж чадаагүй орон гэдгийг Ерөнхийлөгчийн зохион байгуулсан энэ удаагийн уулзалт нотлов. Тухайлбал, нэг жилийн хугацаанд 1225 хүүхэд гэмт хэргийн халдлагад ямар нэгэн байдлаар өртсөн бол 20 гаруй хүүхэд золгүй тохиолдлын золиос болж амь насаа алджээ.
Мөн хүүхдийн цэцэрлэг, сургуулийн хүртээмж дутуу, хүүхэд харах үйлчилгээ стандартын байргүй, мэргэжлийн багшгүй. Цэцэрлэг, сургуулийн хоол тэжээл илчлэггүй. Хоёр жилийн өмнө УИХ хүүхдийн эрхийн тухай хуулийг баталсан ч дагаж мөрдөх журмыг нь боловсруулаагүй. Улсын цэцэрлэг 17.00 цагт тардаг бол төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд 18 цагт тардаг.
Эцэг, эхчүүд ажлаа нэг цаг тасддаг, эсвэл чөлөө авдаг. Дээр нь ажлаа тараад гарахад нь замын түгжрэл ид эхэлдэг. Ингээд эцэг, эхчүүд хоцорч очоод цаг тутамд нь 1000-3000 төгрөгөөр торгуулдаг. Энэ мэтчилэн шийдлээ хүлээсэн олон асуудал хүүхдийн эрхийг ноцтой зөрчиж байгаа. Гэвч томчууд, шийдвэр гаргах түвшнийхэн, холбогдох төрийн албан хаагчдын хариуцлагагүй, сэтгэлгүй байдал хүүхдийн эрхийг хангах, эрүүл аюулгүй орчинд өсч торних боломжийг бүрдүүлэхгүй байна хэмээн тэрбээр шүүмжилсэн юм. Ганц гялтайх зүйл нь ЦЕГ-ын дэргэд хүүхдийг гэмт хэргээс сэргийлэх тасаг шинээр байгуулсан байна.
798 ЕБС-иас ердөө 60-д нь л шалгалт хийсэн байна
Хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр өгсөн үүргийн дагуу мэргэжлийн хяналтын байгууллага гэхэд улсын хэмжээнд ажиллаж байгаа 798 ерөнхий боловсролын сургуулиас 44 сургууль, 1416 цэцэрлэгээс 60-д нь л шалгалт хийжээ. Орон нутгийн цэцэрлэг, сургуульд шалгалт хийсэн тухай тайланд нь алга байжээ. Тайлангаас харахад шалгалтаар илрүүлсэн зөрчлөө л дурдсан болохоос зөрчлийг арилгуулж, хэрэгжилтийг шалгасан зүйл байхгүй байгааг Ерөнхийлөгч буруушаав.
Зөрчлийг арилгуулах гэж шалгадаг болохоос торгохын тулд шалгадаггүй гэдгийг МХЕГ-ын даргад Ерөнхийлөгч сануулсан. Түүнээс гадна нийгмийг айдаст автуулсан “Очир төв” зочид буудалд 13 настай охиныг хэрцгийгээр хөнөөсөн хэргийг Ерөнхийлөгч мөн сөхлөө. Дэн буудалд балчир охин балмад этгээдүүдийн гарт амиа алдчихаад байхад тус зочид буудлыг эрхлэгчдэд хариуцлага тооцоогүй. Харин өнөөх объект улам өргөжиж, доороо диско баар байгуулж, өргөтгөл хийж байгаа нь ямар учиртай билээ гэдгийг ЦЕГ-аас Ерөнхийлөгч тодруулсан. Сэтгүүлчдийг танхимаас гаргах хүртэл дээрх асуултад С.Баатаржав дарга хариулаагүй юм.
Сэтгэгдэл бичигдээгүй байна