АШУҮИС-аас олон багш нар халагдлаа гэх мэдээлэл хэвлэл мэдээллээр гарч байна тиймээс бодит мэдээллийг АШУҮИС-ын Захиргаа, хяналт шинжилгээ үнэлгээний албаны дарга М.Жаргалсайханаас тодрууллаа.
- АШУҮИС-ийн 10 гаруй багшийг ажлаас халсан гэх мэдээлэл зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан. Энэ асуудалд албан ёсоор тайлбар өгөөч?
-Өнөөдрийн байдлаар АШУҮИС-аас нэг ч багш ажлаас халагдаагүй. Харин Хангамж үйлчилгээний газрын даргаар ажиллаж байсан Ц.Батхуяг, тус газрын мэргэжилтнээр ажиллаж байсан Г.Гантулга нар тендертэй холбоотой ноцтой зөрчлүүд гаргаж, сургуулийн дүрэм, дотоод журам зөрчсөний улмаас хуулийн дагуу ажлаасаа чөлөөлөгдсөн нь үнэн.
Энэ хоёр хүнтэй хамт Анагаах ухааны сургуулийн дотоод шүүрлийн тэнхмийн эрхлэгч Т.Баясгалан, Нийгмийн эрүүл мэндийн сургуулийн эпидемиологи биостатистикийн тэнхмийн багш Ангармөрөн, Био анагаахын сургуулийн бичил амь дархлаа судлалын тэнхмийн багш Б.Баяраа нар хичээлийн шинэ жил эхлэх гэж байхад гол ажил руугаа орохгүй эрхээ эдэлж байна гэсэн нэрийдлээр ажил тасалж, ажил цалгардуулж байна.
Био анагаахын сургууль гэхэд л 150 багштай, нэг хүн яавч тэднийг төлөөлж чадахгүй шүү дээ. Манай сургуулийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байна. Бид багш нарынхаа хурлаа хийгээд, оюутнуудынхаа хичээлийн шинэ жилийн нээлтийн ажиллагааг ёслол төгөлдөр хийх гэж байна. Харин тэдгээр хүмүүс дахин ирж шинээр орж байгаа оюутнуудын урам зоригийг унтраасан, айлгаж , эмээлгэсэн үйл явдал гаргах вий гэдэгт бид санаа зовж байна.
АШУҮИС-ийн багш нарын нэрийг барьж сургуулиа муухай харагдуулах хэнд ашигтай юм болдоо. Эмчийн тангараг өргөсөн эмч хүн, багш хүний ёс зүйд нийцэхгүй үйлдэл хийж байна шүү дээ. Тэд өөрсдөө халагдахыг хүсч байгаа болоод ажлаас халагдсан мэт худал мэдээлэл тарааж байгаа юм болов уу даа.
-Тэгэхээр сургуулийн багш нар АШУҮИС-ын захирлаар Ж.Цолмон томилогдсоныг эсэргүүцээгүй гэж ойлгож болох уу. Ганц хоёр хүний л асуудал юм байна. Тийм үү?
- Хичээлийн шинэ жил эхлэх, өвөлжилтийн бэлтгэлийг хангах, сургуулийн Монгол-Японы сургалтын эмнэлэгийн барилга байгууламжийн асуудал гээд бид бүгд завгүй байгаа болохоор бидний хэн нь ч нэг их ач холбогдол өгөөгүй. Ер нь бол зохион байгуулалттай, улс төржүүлсэн үйл ажиллагаа болж байна гэж бодож байгаа.
Багш ажилчдын зүгээс сургуулийн захиргаа, хяналт шинжилгээ, үнэлгээний албанд захиралтай холбоотой ямар нэгэн санал гомдол нэг ч багш, ажилчдаас ирээгүй байна. Ажлаасаа чөлөөлөгдсөн Ц.Батхуяг тэргүүтэй зарим хүмүүс санхүү худалдан авалттай холбоотой зөрчил илрэнгүүт хохирсон хэлмэгдсэн хүн болж хэн нэгэн хүний хатгаасаар эсэргүүцэл илэрхийлчихээд түүнийгээ АШУҮИС-ийн нийт багш нарын нэрийг барьж худал мэдээлэл тарааж байгаад харамсаж байна.
Та бүхэн харсан биздээ багш нарын хурал дээр голд нь нөгөө хэд суучихаад, нэг хүн хоёр гартаа цаас бариад өөрсдийнхөө захиалж авчирсан хэвлэлийнхнээр зургаа авахуулж жүжиглэж байсныг харсан биздээ. Тэднийг тоосон ч хүн байгаагүй. Харин зарим хэвлэл мэдээлэлд сайн юмыг нь гаргахгүй, зөвхөн өөрсдийгөө гаргасан, ирсэн хэвлэлд нь яриа өгөх хүн ч олдоогүй шүү дээ.
Халагдсан багш нар гутлаа тайлж тэмцэнэ гэж сүржигнэж байсан хүмүүс байна үнэндээ халагдсан багш байхгүй болохоор гутлаа тайлах хүн олдсонгүй, өөрсдөө ч бас халагдаагүй болохоор тайлахад эвгүй байсан биз.
Сэтгэгдэл бичигдээгүй байна