Б.Тулга: Нөхдүүд дэвжээн дээр гарахаасаа өмнө ялагддаг болжээ

2018/09/04
-Тэдний Н.Энхбаярт зориулж тавьсан хуулийн хугацаа дууссан-

МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Тулгатай цаг үеийн асуудлаар  ярилцлаа.

-Үндсэн хуулийн цэцээс нөхөн сонгуулийг хэлэлцээд хойшлуулахаар болсон. Энэ асуудалд МАХН ямар байр суурьтай байгаа вэ?

-Өнөөгийн Монголын төр засаг,  шүүх засаглал бүхэлдээ дампуурсны илэрхийлэл гарч ирж байна. Ард түмэн төр засгийн эрхийг байнга барина гэсэн ойлголт байхгүй болсныг харлаа. Нийт иргэдийн нэгээхэн төлөөлөл болох Хэнтий аймгийн 42 дугаар тойргийн  иргэд, удаан хугацааны туршид төрийн эрх барих эрхээ алдаж байна гэсэн үг. 42 дугаар тойрог өнөөдөр яагаад эзэнгүй болсон бэ гэдэг зүйл хүртэл хариуцлагагүй байдал нүүрлэсний тод жишээ. Үндсэн хуулийн цэцэд Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн жолоочийн хадам ээж УИХ-д өрсөлдөх гэсэн юм. Миний эрхийг зөрчөөд байна гэсэн гомдол  гаргасан. Түүнээс болж, сонгууль хойшлуулах шийдвэр гаргасан. Гэтэл нөгөө талд нь 17 мянган иргэн сонгох эрхээ алдаж байна.  Төр засаг тэр 17 мянган иргэний эрхийг хангахын төлөө ажиллах ёстой. Даан ч тэгж чадсангүй. Дампуураагүй төр засаг, Үндсэн хуулийн цэц байсан бол Сонгуулийн тухай хуульд байгаа нэгдүгээр  сарын 01-нд ажлыг нь авна гэдэг заалт буруу байна. Энэ зүйл заалтаа хүчингүй болго  гэж шийдвэр гаргах ёстой байсан. Тэгсэн бол ямар асуудалгүй нөхөн сонгууль ч зарлагдаж, болох байсан. Төрийн албан хаагч нь юм уу өөр хэн нэгэн өр­сөл­дөөд явах боломж бай­сан уу гэвэл байлаа. Гэхдээ үүнийг хийхгүй байна гэдэг нь Үндсэн хуулийн цэц бүлэг­лэлийн гар дор ажиллаж байна.

-Сонгууль явуулахгүй байх арга саам хэрэглэлээ гэж олон нийтийн зүгээс үзэж байгаа?

-Би өмнө нь нөхөн сонгуультай холбоотой асуу­далд Цэцийн шийдвэрийг харъя. Бүлэглэлийн гарт байгаа эсэхийг нь хара­хыг,  мэдэхийг хүссэн. Бүлэг­лэлийн гарт байгаа учраас ийм инээдтэй үндэслэлээр Хэнтий аймгийн 42 дугаар тойргийн иргэдийн эрхийг хязгаарлалаа. Монгол Улсад засаглалын хямрал дээд цэгтээ хүрснийг харуулж чадлаа. Энэ нь олон үйлдэлд харагдаж, батлагдаж байна.

-Нөхөн сонгуультай хол­боо­той ямар нэгэн эсэр­гүүц­лийг МАХН-аас хийх үү?

-Бид ард түмэндээ хандаж, мэдэгдэл гаргана. Төр засагт ямар нэгэн мэдэгдэл шаардлага өгөөд ч нэмэргүй. Төр засаг бүлэглэлийнхээ гарт бүрэн автжээ.

-Бүлэглэл гэж яриад олон жил боллоо. Өөрсдийнхөө хэр хэмжээнд тэмцлээ. Үр дүн муутай байна шүү дээ?

-2011 оноос хойш л МАНАН-гийн бүлэглэл гэж ярьж, хэлж, бичиж ирсэн. Үүнийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд ч хэлсэн. Монгол Улсын хувь заяа 30 гэр бүлийн гарт байна. Тэд төлөөллөө УИХ-д, шүүх, прокурор гэх мэт газруудад оруулах замаар төрийг хувьчилж авчээ. 30 гэр бүлд үйл­чилж байгаа нөхдүүд зөв­хөн тэдэнд зориулж хууль баталж байна. Хэзээ ч энэ парламентаар Банкны эрх ашгийг дордуулсан хууль, уул уурхайн эздийн давар­сан үйлдлийг зогсоох хууль  бат­лах­гүй. Найдаад ч хэрэг­гүй. Бүлэглэл хоорон­дын тэмцэл монгол­чуудыг хөлдөө чирч байна. Түүнээс манайх шиг цөөн хүн амтай, асар их баялаг­тай  улс маш богино хуга­цаанд өсөх, хөгжих боломжтой.

-Хэрвээ сонгуульд зарла­сан хугацаандаа болсон бол намууд нэр дэвшигчээ энэ сарын 04-ний өдөр зарлах байсан. Танайхаас МАХН-ын дарга Н.Энхбаяр эсвэл дэд дарга С.Ганбаатар хоёрын аль нэгийг нь дэвшүүлэх байсан гэж сонссон?

-Шууд нэр дэвшигчээ тод­руулахгүй шүү дээ. Манайх  ардчилалтай. Дотооддоо асуудлыг ярьж, олонхоороо шийддэг. МАХН-ын Бага чуулганаар нэр дэвшигчийг тодруулах ёстой байсан. Мэдээж оньсого тааж байгаа биш ялах магадлалтай хүнээ л сонгуульд өрсөлдүүлнэ шүү дээ. Энэ дунд Н.Энхбаяр даргын нэр байсан. Эхлээд нэр дэвшигчийг сонгуульд оруулахгүй гэж хасдаг байсан. Дараа нь намуудыг оролцуулахгүй хасдаг болсон. Одоо болохоор сонгуулийг нь явуулахгүй болж байна. Гэхдээ тэдний Н.Энхбаярт зориулж тавьсан хуулийн хугацаа дууссан. Хуулийн зүйл заалтаар хориглох боломжгүй болсон. Өөрсдийнхөө ялагдал, булхай луйвраас айж байна. Спортоор яривал нөхдүүд дэвжээн дээр гарахаасаа өмнө ялагддаг болжээ. Цаг хугацаа үнэн мөнийг харуулж байна.

-Танай нам нэг хэсэг тамгатай, тамгагүй хоёр даргатай болчихсон байсан. Одоо асуудал ший­дэгд­сэн биз дээ?

-Бүлэглэлийн утасны хүү­хэлдэй болж, айл гэрийг үймүүлэх гэж байгаа үйлдэлд бид маш хатуу зогсоно. Манайх тамгатай, тамгагүй хоёр даргагүй. Манайх нэг л даргатай. Тэр хүн нь тамгатай, хамт олон, намтайгаа байгаа. Энд тэнд өөрийгөө хэн ч гэж зарлаж магадгүй өчнөөн хүн байгаа шүү дээ. Тухайлбал, Чингис хааны удмын хүн гэж зарлаад явж байгаа нь ч бий. Хэн нэгний хойд дүр ч гэж зарлаж байна. Үүнтэй нэгэн адил өөрийгөө хэн ч зарлаж болохоор хүн олон байна. Манай намын үйл ажиллагаа хэвийн явж байна. Дотроо ийм, тийм байх ёстой гэж заргалдаж байгаа хүн алга. Нам бол үзэл баримтлал, үзэл суртлын нэгдэл. Энэ зорилго, мөрийн хөтөлбөртөө  нэгдэж, нийлж  ажиллаж чадахгүй бол хэн ч байсан явах эрх нь нээлттэй. Тэр хүний хувьд МАХН-д орон зай байхгүй.

-Намаасаа албан ёсоор гарсан гэсэн үг үү?

-Гарсан.Үүнээс илүүг яриад байх шаардлагагүй. Тэртэй тэргүй олон нийт мэдэж байгаа.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна