Засаг ноёны үүрэг гүйцэтгэгч “Өнөр бүл” асрамжийн төвийн газрыг авахаар улайрчээ

2018/09/05
Баянзүрх дүүргийн 17-р хорооны нутаг дэвсгэрт байрладаг "Өнөр бүл" асрамжийн төвийнхөн  өөрсдийн мэдлийн 2.2 мянган ам метр газартаа тусгай асаргаа шаардсан, төрөлхийн саажилттай болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн асрамжийн ЦОГЦОЛБОР ТӨВ байгуулж,нэг хорооны бус улсын хэмжээний хүүхдүүдийг хамруулах алс хэтийн төлөвлөгөөтэй. 

Тэдний энэ бүтээн байгуулалтын ажлыг Монгол Улсын Ерөнхий  сайд, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн тэргүүн У.Хүрэлсүх сайшаан дэмжсэн төдийгүй Засгийн газрын 2018 оны 6-р сарын 6-ны хуралдаанаар "Өнөр бүл" хүүхдийн хөгжлийн төвийн дэргэд сэтгэцийн болон оюуны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн асрамж халамжийн төвийн барилга барихад шаардагдах 3 тэрбум төгрөгийг 2019 оны улсын төсөвт тусган шийдвэрлүүлэхийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа, Нийслэлийн Засаг дарга С.Батболд нарт үүрэг болгосон билээ.

 Гэтэл "Өнөр бүл" төвийн мэдэлд байж, шинэ барилгаа бариулахаар төлөвлөсөн газрыг нь Баянзүрх дүүргийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Т.Баясах булаацалдаж эхэлжээ. Эрх мэдлээрээ далайлган алга дарам газраас нь булаацалдаж буй түүний үйлдэл нь Ерөнхий сайдын ажлыг гацааж үл тоомсорлосон хэрэг гэлтэй. 

Эцэг, эхээсээ хар багадаа хагацаж салсан нэгэн байхад хайр халамж анхаарал тавих нь байтугай "хар толгой"-гоо ч авч явж чадахгүй болсон аав, ээжээсээ дайжсан нөгөө хэсэг хүүхэд бидний дунд цөөнгүй бий. Тэдний хар дарсан зүүд шиг амьдралд гэрэл гэгээ асааж, ирээдүйд тэмүүлэх итгэл найдвар бэлэглэж, эрдэм номын замд нь хөтлөх үйлст чөтөр болж буй дүүргийн удирдлагуудын бусармаг үйлдлийг таслан зогсоож хатуу хариуцлага тооцох нь зүйтэй.

"Өнөр бүл" асрамжийн төвд хүмүүжиж, амьдарч байгаа хүүхдүүдийг өөрийн ам бүл дотроо эцэг эх, өвөө эмээгийнхээ дулаан гар, халуун сэтгэлд бүүвэйлэгдэн өсч бойжиж буй элэг бүтэн үрстэй адилтгаж боломгүй гэдгийг ухамсарлах ёс суртахуун Засаг ноёны үүрэг гүйцэтгэгч Т.Баясах танд байхгүй гэж үү???  


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна