Оны төгсгөлд болдог мэргэжлийн талбайн теннисний “ATP Finals” тэмцээн Английн нийслэл Лондон хотод эхэллээ. Энэ удаагийн тэмцээнд шилдэг 8 эрэгтэй теннисчин хоёр хэсэгт хуваагдан өрсөлдөж байна. Эхний өдөр “Ллейтон Хьюитт” хэсэгт 2 тоглолт боллоо. Энэ удаагийн тэмцээнд карьерын 100 дахь түрүүгээ авахыг зорьж буй Швейцарын Рожер Федерер эхний тоглолтоо Японы Кэй Нишикоригийн эсрэг хийжээ.Гэвч Федерер 34 удаа шаардлагагүй алдаа гаргаж, тус тоглолтод 7-6, 6-3-аар ялагдсан байна. 37 настай Швейцар теннисчин дараагийн тоглолтоо маргааш Австрийн Доминик Тимтэй хийнэ. Д.Тимийн хувьд эхний тоглолтоо Өмнөд Африкийн Кевин Андерсонтой хийж, хожигдоод байгаа юм. Федерерийн хувьд “ATP Finals” тэмцээнийг 4 дэх удаагаа хожигдлоор эхлүүлж байгаа нь энэ бөгөөд 2007 онд ийм зүйл болсон ч түрүүлсэн билээ. Өнөөдөр “Густаово Куэртен” хэсгийн эхний тоглолтууд болно. Энэ хэсэгт дэлхийн чансааг тэргүүлэгч Сербийн теннисчин Новак Жокович эхний тоглолтоо АНУ-ын Жон Иснерийн эсрэг хийх бол нөгөө тоглолт Германы Александер Зверев болон Хорватын Марин Чилич нарын хооронд болно. “ATP Finals” тэмцээн энэ сарын 18-ны өдөр өндөрлөнө.
Сэтгэгдэл бичигдээгүй байна