40 гишүүн чуулганд суухгүй гэдгээ илэрхийлснээр УИХ-ыг чадамжгүй болсныг батлав

2018/11/22
УИХ-ын дарга М.Энхболдыг өөрийн хүсэлтээр огцрох хүртэл УИХ-ын чуулганы хуралдаанд оролцохгүй гэдгээ илэрхийлж 40 гишүүн гарын үсэг зурсан байна. Энэ талаар УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Л.Оюун-Эрдэнэ, Ж.Батзандан, Л.Болд, Х.Нямбаатар нарын УИХ-ын гишүүд өнөөдөр төрийн ордонд мэдээлэл хийсэн юм.

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ: "Үндсэн хуулийн цэц хүртэл М.Энхболд гэдэг хүний өмнө хүчин мөхөстөж байна. М.Энхболд хүнээс болж улс төрийн тогтворгүй байдал үүсч байна. МАНАН бүлэглэлийн сүүлчийн бөглөөс гэж би харж байна. Бүлэглэл нь тусдаа, төр нь тусдаа байх ёстой. М.Энхболд гэдэг нэр хүнд нь уначихсан, төрт ёсны зарчмаасаа гажчихсан байгаа хүнээр парламентыг удирдуулж явах боломжгүй гэж харж байна" гэв.

УИХ-ын гишүүн Ж.Батзандан: "60 тэрбумын хэрэг өнөөг хүртэл шийдэгдэхгүй байгаа. Нээлттэй сонсгол хийхийг шаардсан болов хийхгүй байгаа. Ийм УИХ-ын даргатай байхыг бид дэмжихгүй. УИХ-ын даргыг огцортол УИХ-ын 40 гишүүн чуулгандаа суухгүй" хэмээв.

УИХ-ын гишүүн Л.Болд: "АН-ын улс төрийн зөвлөл Засгийн газрыг огцруулах асуудал дээр байр сууриа илэрхийлсэн. Харин бид хууль зөрчсөн УИХ-ын даргыг огцруулах асуудал дээр санал нэгдэж зогсож байна. Монголын төрийг буруу замаар хөтлөөд явах бололцоо байх ёсгүй. Ирц бүрдэх ямар ч нөхцөлгүй болгож боёкот зарлаж байна" гэв.

Өнөөдөр УИХ-ын чуулганы хуралдаан 10.00 цагаас эхлэх ёстой байсан ч ирц бүрдэхгүйн улмаас 12 цагт хуралдаан эхэлсэн боловч Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж чадалгүй хоёр цагийн завсарлага авлаа. АН бүлгийн зүгээс УИХ-ын даргыг бүх гишүүдээ хуралд суулгахыг шаардлаа. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна